У.Хүрэлсүх Солонгосын Ерөнхий сайдаас "ВИЗ"-ний асуудлаар яг юу хүсэх вэ?

      Дэлхийн 75 улсад Монгол Улсын 144 500 иргэн ажиллаж, амьдарч байгаа тоо баримт байдаг. Энэ тоо одоо ч нэмэгдсээр л байгаа. Үүнээс хамгийн олон иргэд оршин сууж буй улс нь БНСУ бөгөөд тус улсад одоо  40 орчим мянган монгол  иргэн сурч боловсорч, ажиллаж  амьдарч байна. 

     Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны гуравдугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.        Дэлхийн олон улс орны ерөнхий сайдууд ээлжлэн ирж байхад төдийлөн анзаардаггүй Монголын иргэд, Бүгд Найрамдах Солонгос Улсын ерөнхий сайд ирэх үеэр маш соргог анхаарч, манайхан ямар хүсэлт тавьж байна, виз ийм болно, тийм болно гэхчлэн цуурч эхэлдэг. Арга ч үгүй биз олон арван мянган монголчуудын ах дүүсийнх нь ажил амьдралтай холбоотой болохоор буруутгах эрхгүй. Үүнийг ойлгосон Монгол төрийн тэргүүнүүдийн ч Солонгосын талтай ярьдаг чухал мөртлөө халширмаар халуун сэдэв бол Монгол хүний тухай ,тэдэнд виз олгож сурч , ажиллаж амьдрахад нь туслах тухай асуудлыг хөндөх байдаг. Халуун ч гэлээ тойрч гарахын аргагүй сэдэв бол яах аргагүй энэ бөгөөд энэ удаагийн айлчлалын дараалалд ч "иргэдийн солилцоог дэмжих" хэмээх албан гарчигтайгаар багтжээ. Хэдийгээр гадаад харилцааны асуудал эрт бэлтгэгддэг ч ганц хоёр асуудлыг Монголчуудынхаа өмнөөс санал болгоход илүүдэхгүй бизээ. Мэдээж хамгийн их анхаарал татаж байгаа асуудал нь тухайн улсад зорчихоор олгосон визийг хэтрүүлж "харлах" асуудал байдаг. Энэ тал дээр хүлээн зөвшөөрч, харилцан ойлголцож зөвхөн Солонгос төдийгүй манай улсын талаас ч ихээхэн чармайлт гаргаж ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг. Харин сүүлийн үед аяллын визийг 3 сар биш 1 сар болгох юм байна гэх албан бус мэдээлэл байна. Харин үүнийгээ ойлгуулж 3 сараар аялах эрхийг нь тогтвортой хэвээр хадгалах. Ингэхдээ Монголын талаас  төр, хувийн хэвшлүүд тухайн ажилтныхаа виз хэтрүүлэхгүй, харлахгүй байх тал дээр Солонгосын талд харилцан дэмжлэг туслалцаа үзүүлвэл зүгээрсэн. Бас тодорхой хугацаанд ирж очоод ажил хэргээ амжуулаад байх "мульт виз"-олголтыг дэмжүүлэх тал дээр ярилцвал зүгээрсэн.  Мөн энэ төрлийн визүүдийг шуурхай олгох тал дээр Солонгос нөхдөөс анхаарч хүсвэл ямар вэ? Яахав дээ мөнгө төгрөг багатай манай улсын иргэд аялаж юм үзэж сонирхонгой,  хэд хоног ажиллаж, ирэх буцах зардлаа олоод ирэх тохиолдол байгаа нь нууц биш. Үүнийг  Солонгосын тал ч мэдэхийн дээдээр мэдэж л байгаа. Ер нь бол визгүй зорчих тухай асуудал яригддаг ч энэ нь төдийлөн үр дүнгээ олоход хэцүү. Энэ мэт олон асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөндөх байх. Мэдээж хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг гээд өргөн хүрээнд явагддаг.  

   Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэ удаагийн айлчлал нь 2018 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад ийнхүү дөрвөн жилийн дараа айлчилж байгаа юм.

Талууд айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог  дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох аж.


Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ