АТГ: Д.Дорлигжавтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнөөдөр /2019.03.25/ гуравдугаар сард хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг танилцуулж байна.

АТГ нь төлөвлөгөөг хяналт шалгалтын хүрээнд 67 албан тушаалтны Хөрөнгө орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгаж байна. Үүнээс зөрчил гаргасан хоёр албан тушаалтны цалинг бууруулах шийтгэл ногдуулжээ. Тухайлбал, Зээлийн батлан даалтын сангийн захирлын цалинг хоёр сарын хугацаатай бууруулах, нийслэлийн 32 дугаар сургуулийн захирлын цалинг 1 сарын хугацаатай бууруулах зэрэг арга хэмжээ авчээ.

Хэвлэлийн бага хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нарын холбогдох албан тушаалтнууд оролцож байна.

Одоо сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч байна.

-Монголбанкны захирал асан Н.Золжаргалтай холбоотой хэрэг юу болсон бэ. Улаанбаатар банкнаас их хэмжээний мөнгө гарсан гэдэг зүйл дуулдаад байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Монголбанкны захирал асан Н.Золжаргалтай холбоотойгоор гурван багц асуудлыг шалгаж байна. Нэгдүгээрх нь,  хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Арилжааны банкинд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс  бага хүүтэй зээл олгосон байгаа учраас эргэж хянаж үзээч ээ гэдэг мөрдөгчийн мэдүүлэг Монголбанкинд хүргэсэн.

Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгөөд, тодорхой нотлох баримтууд ирсэн. Хоёрдугаар улиралд багтаагаад хэргийн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

-Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай холбоотой хэрэг юу болж байна вэ?

-Д.Дорлигжавтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэргийн мөрдөн шалгалтын үр дүнгээсээ хамаараад хэргийн явц байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар зарим нэг шүүгчийг шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа. Мөн АТГ-ын даргыг ажлаа өгөхийг шаардаж шахсан гэх мэдээлэл хэвлэлээр гарах боллоо. Та бүхэнд энэ асуудалтай холбоотой мэдээлэл байгаа юу?

-Газрын удирдлагыг ажлаа өгөхийг шахсан талаарх мэдэгдсэн зүйл алга. Жилийн өмнөөс удирдлагыг ажлаа өгөх ёстой гэх зүйл яригдаж эхэлсэн. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад удирдлагыг өөрчлөх тухай асуудал орсон байна лээ. Хуульд тодорхой заалт байгаа. Тийм байтал нөгөө өнцгөөс асуудлыг тайлбарлаж байгаа.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал дээр  мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Зарим нэр бүхий шүүгчийг шалгуулах талаар хэвлэлээр мэдэгдсэн. Манайд бол шалгуулахаар баримт ирээгүй. Харин зарим шүүгч өөрийгөө шалгуулахаар хандсан байгаа.

-С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбоотой асуудал танай дээр шалгагдах болсон мэдээлэл бий. Ямар асуудлыг нь шалгаж байна вэ?

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт зарим нэг хүмүүсийг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэсэн мэдээлэл ирсэн. Нотлох баримтууд олдсон, үнэлэх, бэхжүүлэх ажил хийгдэж байна. Нууцад хамаарах асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Дөрвөн хүн цагдан хорьсон асуудал яригдаж байгаа. Ажлын хэсэгт орсон хүмүүсийг 15 хоногийн хугацаатай саатуулсан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ