МАН-ын бүлэг: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдах нь зүйтэй


УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж дууслаа. Энэ удаагийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна.

Нэгдүгээрт, С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдээллийг сонссон байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдээллийг сонсож дуусаад асуулт асууж, хариулт авчээ. Эцэст нь МАН-ын бүлгээс эл хэргийн талаар гурван шийдвэр гаргасан байна. Юун түрүүнд хүнийг хилс хэргээр эрүүдэн шүүсэн асуудлыг буруушааж, ардчилсан Монгол Улсад байж болшгүй асуудал хэмээн үзээд бичлэгийг олон нийтэд ил болгох нь зүйтэй гэж үзжээ. Үүний дагуу

-Засгийн газар шийдвэр гаргах шаардлагатай

-УИХ-ын даргын яаралтай шийдвэрээр ажлын хэсэг гарах нь зүйтэй

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдах нь зүйтэй гэдэг шийдэлд хүрсэн байна.

Хоёрдугаарт, Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлаар зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчөөс өргөн барьсантай холбоотойгоор асуудлыг хэлэлцсэн байна.

Хуулиараа Улсын ерөнхий прокурорын орлогчийн бүрэн эрхийн хугацаа дуусан. Яг одоогийн үүссэн эрүүдэн шүүх асуудлыг УИХ яаралтай шийдэх ёстой хэмээн үзэж томилгооны асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан байна. Энэ асуудлуудын эцэслэн шийдэгдтэл хойшлуулна хэмээн үзжээ.

Гуравдугаарт, АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийн томилгооны асуудлаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ингэхдээ, АТГ-ын дарга, дэд даргын томилгоог мөн хойшлуулжээ. Эдгээр албан тушаалуудад томилогдох хоёр хүний нэрсийн саналыг Ерөнхийлөгчөөс ирүүлсэн. Энэ асуудлаар өмнө нь УИХ болон Хууль зүйн байнгын хороо шийдвэрээ гаргасан. Тухайн шийдвэрээр бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байна. Тийм учраас өргөн барьсан хоёр хүний асуудлыг хэлэлцэх боломжгүй байна гэдэг шийдвэр гаргасан байсан. Энэхүү шийдвэрийн талаар эргэн ярилцаж АТГ-ын дарга, дэд даргын томилгооны хугацаатай холбоотой маргаан үүсчихсэн байгаа учир УИХ-ын яаралтай шийдэхгүй гэдэг үүднээс энэ асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан байна. Мөн хойшлуулж буй нэг шалтгаан бол эрүүдэн шүүсэн гэх асуудлыг шийдсэний дараа хэлэлцэх зөв гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ