УИХ-ыг яаралтай тарахыг шаардан Төрийн ордны гадаа жагсаж байна

Ардчилсан намын гишүүд, дэмжигчид УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ. Тодруулбал, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийх гэж буй үйлдлээ зогсоож, УИХ-ыг яаралтай тарахыг шаардаж яг одоо Төрийн ордны зүүн хаалганы гадна лоозон барин зогсож байна. Тэд өөрсдийнх нь шаардлагыг хүлээж авах хүртэл зогсоно гэдгээ мэдэгдсэн юм.
Шаардлагыг хариуг яаралтай өгөхгүй бол тэд маргаашнаас Төрийн ордны орох, гарах хаалгыг хаана гэлээ.
Шаардлагад “УИХ-ын дарга Г.Занданшатарын удирдсан УИХ Монголын Ардчилалд аюул учрууллаа. Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахаар үгсэн хуйвалдаж 60 тэрбумын схем боловсруулан шударга бусаар сонгуульд ялж, 950 саяын зээлээр барьцаалагдсан УИХ-ын гишүүд өнөөдөр өөрсдийн өчүүхэн эрх ашиг, ордны хуйвалдаанаар төрийн эргэлт хийж байна. УИХ-ын дарга та тусгайлан захирамж гаргаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, прокурорын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа нь үзэл, санаа суурь зарчим, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг гажуудуулсан төрийн үйл ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэх Үндсэн хуулийн бус байгууллагаар дамжуулан Үндсэн хуулиар тогтоосон шүүх эрх мэдлийн бие даасан хараат бус байдалд хандаж байна. Уг хууль батлагдсанаар шүүх эрх мэдлийг бүхэлд нь нэг хүний эрх мэдэлд төвлөрүүлж хүний эрхийг хамгаалдаг ардчилсан тогтолцоо бүхэлдээ устах болно. Авлигын тогтолцооны нэг хэсэг болсон эрх мэдэлтнүүдийн өвөр зуурын тэмцэлдээнд хууль хүчний байгууллагыг ашигладаг байсан үе ард хоцорч авлигын тогтолцоог бүтээн татварын төлөгчдийн мөнгөөр ил цагаан авлигалан барьцаалсан бүлэглэлд шилжлээ. Өнөөдрийн барьцаалагдсан бүлэглэл нь ард түмнийг төлөөлөх эрх зүйн чадамжгүй гэж ардчилсан үзэлтэй хүн бүр үзэж байна. УИХ өөрөө тарах асуудлыг УИХ-д яаралтай горимоор оролцуулан хэлэлцүүлэхийг шаардаж байна” гэжээ.



3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ