Эрүүдэн шүүсэн бичлэгийг чуулганы танхимд төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах хэрэгтэй

ҮАБЗ-ИЙН ШИЙДВЭРЭЭР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГЫГ СОЛИХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 16:30 цагт эхэллээ. Хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.

-АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэж хангалттай үндэслэл бүрдсэн гэсэн нэмэлт орж ирж байна уу. Хангалттай үндэслэл гэдэг нь өөрөө эрүүгийн гэмт хэрэг. Эрүүдэн шүүсэн гэж үзэх хангалттай үндэслэл бий юу. Ямар үндэслэлээр ингэж үзэж байгаа юм бэ.

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж орсон. "Эрүүдэн шүүх үйлдэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэл байвал эрх бүхий байгууллагаараа шуурхай шийдвэр гаргуулна" гэдэг үүргийг хүлээсэн. Эрүүдэн шүүх ажиллагааг хууль хүчний байгууллага хэрэгжүүлдэг. Эрүүдэн шүүсэн бол ҮАБЗ хуралдаад, ШЕЗ-д хүргүүлнэ. ШЕЗ гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, шүүгчийг түдгэлзүүлнэ. Өнөөдөр хар өдөр болох нь. Эрүүдэн шүүсэн гэдэг бичлэгийг бүх гишүүдэд бүрэн эхээр нь үзүүлэх гэж байна. Хангалттай үндэслэл мөн эсэхийг өнөөдрийн бичлэгээс үзнэ.

-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Монгол Улсад нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнээс шинэ нийгмийнхээ алдаа оноог мэдэрч байна. Шүүх, прокурорын тогтолцоонд хамгийн их гажуудал гарч байна. Хүн төрөлхтөн хол тасархай хөгжөөд байхад хүнийг эрүүдэн шүүх, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх үйлдэл газар авч байгаа нь харамсалтай.

Анхныхаа хэлэлцүүлгээр батлагдах боломжтой юу. Сүүлийн үед С.Зориг агсны хэрэгтэй холбоотой бичлэгийг хүмүүс их асууж байна. Ийм хүнд үйл явдал болсон гэдгийг хүн бүрт харуулж, санамж өгөх хэрэгтэй. Энэ бичлэгийг хэзээ танилцуулах вэ гэдэгт тодорхой мэдээлэл авмаар байна.

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Өнөөдөр байнгын хороо хурал хуралдсан. Тодорхой хэсгийг нь үзүүлэхэд бэлэн байна гэдэг горимын саналыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гаргасан. Үзэх боломж нээлттэй. Зөвхөн чуулганы танхимд биш олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах хэрэгтэй байна. Дахиж ийм эрүүдэн шүүж ял тулгах үйлдлийг гаргахгүй байх сургамж болгох хэрэгтэй.

Ц.Нямдорж гишүүний гаргасан Эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд одоо үзэх горимын саналаар гишүүд санал хэлж, санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 78.3 хувийн саналаар дэмжигдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ