УИХ-ын гишүүд: Аймаар бичлэг байна,.даралт өндөртэй хүмүүс бол үзээд ч хэрэггүй

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг буруутган, гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих ял оноосон. Гэвч уг хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хилсээр ял оноосон гэх асуудал яригдаж байгаа. Тодруулбал, С.Зоригийн хэргийг шалгасан ажлын хэсгийн тагнуулын хоёр, шүүхийн шийдвэрийн нэг хүнийг цагдан хориод байгаа. Мөн ХЗДХ-ийн сайд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хилсээр ял оноож, эрүүдэн шүүсэн тул ар гэрийнхнээс нь уучлал гуйж байна гэсэн юм.
Тэгвэл эрүүдэн шүүсэн гэх 6 хоногийн бичлэгээс 26 минутын бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүллээ.
Энэ талаар гишүүд юу хэлснийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин "Маш муухай. Үгээр хэлэхийн аргагүй муухай юм байна. Бичлэгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Гэхдээ даралт ихтэй хүн үзээд хэрэггүй л юм байна"
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Байж болохгүй зүйл байна. Хэвлэлийнхэнд үзүүлэх байх гэж найдаж байна. УИХ энэ асуудлыг шударгаар шийдэх байх гэсэн байр суурьтай байна"
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг "Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хууль хяналтын байгууллага болгоомжтой хандаж байгаа юм билээ. Хэргийн мөрдөн байцаалтад саад болохгүй бичлэгийн хэсгээс ил болгох шийдвэр гаргасан. Үүнийг тагнуулын байгууллагаас гишүүдэд 20 орчим минутын бичлэгийг үзүүллээ. Монголд ийм нөхцөл байдаг юм байхдаа гэж гайхахаар, нүд халтирам бичлэг байна лээ. Төв аймгийн хорих ангид хорьсон. ОО байхгүй, агааржуулагч, ус байхгүй гээд хоригдож байгаа нөхцлөөс нь авахуулаад хүнд л байна лээ. Б.Содномдаржаагийн хоригдож байгаа өрөөнд онц хүнд гэмт хэрэгтэнг, мөн Ц.Амгаланбаатарыг хамтад нь оруулж, Б.Содномдаржааг шөнөжин унтуулахгүй дэглэж хонож байгаа зэрэг асуудлууд байна лээ"
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Нэлээн айхтар зүйл харлаа. Бид хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг байгуулж байгаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж байгаа. Төр иргэнээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хангаж байгаа тийм үү. Шударга ёсыг сахиулах ёстой хуулийн байгууллагууд, хяналт тавих ёстой байгууллага, хууль биелүүлэх ёстой улсууд маань ийм байдалд орооцолдсон байгаад санаа зовж байна. Монголын хууль хяналтын байгууллага түүхэнд хар толбо үлдээлээ. 20-иод минутын бичлэг үзүүллээ. Эрүүдэн шүүж, дарамталж, хүчээр хэрэг хүлээлгэж байгаа байдлыг гишүүд бодитой, дуутай үйл явдалтай нь харлаа" гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ