Украины сонгуулийн хоёрдугаар шатанд В.Зеленский, П.Порошенко нар өрсөлдөх төлөвтэй


            Украинд өчигдөр Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль боллоо. Аль нэг нэр дэвшигч нийт сонгогчдын саналын 50-иас дээш хувийг авсан тохиолдолд шууд Ерөнхийлөгч болох хуультай аж.

            Сонгуулийн дүн урьдчилсан байдлаар ч хараахан гараагүй боловч зарим телевиз сонгууль өгөх байрнуудаас гарах сонгогчдоос авсан экзитпол судалгаанаас үзвэл, тус улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат болж, хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигч дахин өрсөлдөх нь үндсэндээ тодорхой болжээ.

"112.Украина" телевизийн судалгаагаар, Владимир Зеленский 30.7, одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко 18.6 хувийн санал авах төлөвтэй байна. “1+1” телевизийн мэдээлснээр, Владимир Зеленский 30.1, Петр Порошенко 18.5 хувийн санал тус тус авсан аж.

Юлия Тимошенко дунджаар 14 хувийн саналаар гуравт бичигдэн Ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс хасагдаж байгаа гэнэ. Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат ирэх дөрөвдүгээр сарын 21-нд товлогджээ.

Б.Туг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ