Р.Амаржаргал:Олон улсын Ардчилсан холбооны хурлыг зохион байгуулна

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь тэргүүтэй хүмүүс 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Олон улсын Ардчилсан холбооны хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болсныг мэдэгдэж мэдээлэл хийлээ.
Энэ талаар Ерөнхий сайд асан Р.Амаржаргал "Монгол Улс эрх чөлөө, хүний эрхийг хүндэлдэг, парламентын засаглалтай улс байсаар ирсэн. Тиймээс олон улсын ардчилал, хүний эрхийг дээдэлдэг, парламентын засаглалтай улсуудыг нэгтгэсэн олон улсын хурлыг хийхээр болсноо зарлаж байна. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд анхны цуглааныг хийж байсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид ардчиллын олон ололтыг хүртсэн. Парламентын засаглалтай, сонгох, сонгогдох эрхтэй гэх мэт бидэнд олон ололт амжилт бий. Монгол улс бүс нутагтаа ардчилалыг амжилттай хөгжүүлж байгаа оронд тооцогддог. Бид улс төр, эдийн засгийн хувьсгалыг нэг зэрэг хэрэгжүүлж байгаа. Манай улс төрийн ардчилалыг маш сайн хийж гүйцэтгэсэн. Бид өнгөрсөн 30 жилээ дүгнэж, ирэх жилүүдэд бид юу хийх ёстой вэ гэдгээ тодорхойлж, ирсэн.
1993 онд анх баруун төвийн ардчилсан улсуудын холбоонд нэгдсэн. Тиймээс энэ холбооны улс орнууд хуралд оролцоно. Хурлын үеэр хэд, хэдэн баримт бичгүүдийг гаргахаар төлөвлөсөн. Олон улсын Ардчилсан холбоонд нийт 80 гаруй улсын улстөрийн нам нэгдсэн байдаг. Арванхоёрдугаар сард болох хуралд ойролцоогоор 50-60 орны төлөөлөгчид оролцоно гэсэн тооцоолол байгаа” гэсэн юм.
Хурал зохион байгуулах хүртэл дотооддоо мөн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах аж. Тухайлбал, Ардчилалын түүхийг харуулсан боть номыг гаргах, гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэх, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдыг хамруулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаас эхлээд олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
- Монголын Ардчилалд аюул учирлаа гэх шүүмжлэл бий. Үнэхээр Монголын ардчилалд аюул учирсан юм уу?
- 1990 ээд оны үед бид юуг ардчилал гэж ойлгож байсан юм. Хүн санасан, бодсоноо чөлөөтэй хэлснийхээ төлөө шоронд явчихдаггүй, олон ургалч үзэл, олон намын тогтолцоогоо ардчилал гэж ойлгож байсан. Сонгуулиа шударга явуулдгийг ардчилал гэж ойлгож байсан. 30 жилийн дараа өнөөдөр ардчилалын тухай ярихдаа юуны талаар ярьж байгааг та бүхэн анхаараарай. Ардчилал бол ард түмний оролцоо. Ард түмний оролцоог хангадаг ямар, ямар механизм байж болохов. Энэ оролцоог хангадаг механизм нь ажиллаж чадаж байна уу гэх мэт асуудалд анхаарч байна. Энэ мэт бид хэлбэрээс илүү чанарт ,агуулгад анхаарч ажилладаг болсон байна. Ардчилалыг хангадаг нэг чухал механизм нь төрийн механизм юм. Төрийн механизм нь ажиллаж байгаа эсэхэд бид хяналт тавьж байна. Дөрөв дэх засаглал болох хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болж, бүтэхгүй зүйл гэр тусгаж түүнийгээ нийтээрээ шүүн хэлэлцэж байна. Энэ мэт ололттой зүйл бий. Ардчилал бол сонгууль. Гэхдээ зүгээр нэг сонгууль бус. Сонгууль нь агуулгатай, утга төгөлдөр, ард түмний нийт эрх ашгийг бүрдүүлж чаддаг, төлөөлийг бүрдүүлж төлөөлж чаддаг байж чаддаг эсэхийг хэлэлцэж ярилцдаг боллоо. Гэтэл өнөөдөр бид сонгуулиа хэр зэрэг шударга явуулж чадаж байгаа билээ. Сонгуульд мөнгө, эрх мэдлийн нөлөө хэр байгааг та бүхэн мэдэж байгаа. Сонгуулийн үр дүнд бүрдэж буй төлөөллөө харцгаая. Монголын нийт сонгогчдын 40 гаруй хувийнх нь саналыг авсан улс төрийн хүчин уИХ-д хэдэн суудалтай байна. Бид ардчилалд аюул заналхийлэл учраад буй талаар ярихдаа агуулгыг нь ярих хэрэгтэй. Ард түмний оролцоог хангасан механизм нь ажиллаж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийвэл үнэхээр чамлалттай байгаа. Энэ талаар бдл Олон улсын ардчилсан холбооны хурал дээр ярина. Бусад улсуудын туршлага, алдаа, оноог ярилцана. Ардчилалд зохих хэмжээний аюул учирсан. Үүнийг урьдчилан харах гарах арга замыг хайх нь илүү чухал болоод байна.
-С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн нь олон нийтэд ил боллоо. Энэ нь ардчилалын үнэт зүйл алдагдаж буй жишээ. Үүнд та ямар байр, суурьтай байгаа вэ?
- Талийгаачийн хэрэг олон нийтийн анхаарлыг татаж байна. Ардчилсан Монгол улсад хүнийг эрүүдэн шүүж байгаа нь дээд зэргийн шившиг. 30 жил үүнийг хүлээн зөвшөөрөхийн төлөө явсан байж болохгүй. Ардчилсан нам үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй. Эрүүдэн шүүх ажиллагаа хэзээ ч байж болохгүй. Үүний цаадах эзнийг хайх хэрэгтэй. Монголд аливаа буруутны эзэн нь олдоггүй. Гавъяа шагнал авах болохоор гүйгээд ирдэг. Буруу хэрэг хийхээрээ эзэнгүй болчихдог. ШШГЕГ нэг яаманд харъяалагддаг. Тэр яам нь сайдтай байсан байлгүй дээ. Өөрийнх нь хариуцаж буй салбарт юу болж байгааг мэдэхгүй байгаа албан тушаалтнаар яах юм. Мэдэж байгаад арга хэмжээ аваагүй бол тэр сайдаар яах юм. Энэ мэтчилэн маш гүнзгий ухаж цаад эзнийг нь олж хариуцлага хүлээлгэх ёстой. Ялангуяа энэ салбарыг гардан хариуцаж байсан хүнд хариуцлага хүлээлгэх ёстой.
АН-ын гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар
“Энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд зохион байгуулагдах хурлыг Олон улсын ардчиллын холбоотой хамтарч зохион байгуулах юм. Бид 30 жилийн хугацаанд юун дээр алдав, ямар амжилтад хүрэв гэдгээ ижил зорилготой намуудынхаа хүрээнд дүгнэх гэж байна.
Өнөөдрийн Монголын ардчилалд дотоод, гадаадын аюул нүүрлээд байна. Тийм учраас бид ардчиллаа зөв чиглэлээр явуулахын тулд олон улсын хэмжээнд ярих шаардлага байна гэж үзсэн.
Олон улсын ардчиллын холбоонд дэлхийн 80 гаруй улсын ардчилсан нам нэгдсэн байдаг” гэлээ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ