УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Наранхүү нарыг орлогоо нотлохыг шаардав

Орлогоо нотол хөдөлгөөнийхөн өнгөрөгч арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Эрдэнэ нарыг орлогоо нотлохыг шаардаж байсан. Энэ удаа УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ж.Энхбаяр нарыг орлогоо нотлохыг шаардаж мэдээлэл хийлээ.

Учир нь сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн их орлого олсон гишүүнээр Ж.Энхбаяр, “хамгийн их хөрөнгөтэй гишүүнээр Б.Наранхүү тодорсон тул ийнхүү орологоо нотлохын шаардаж буй аж.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 1999 онд сургууль төгссөнөөс хойш төрийн байгууллагад тасралтгүй ажилласан. Гэтэл тэрбээр өөрийн орлогоо 2015 онд 4.2 тэрбум, 2016 онд 4.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум хэмээн тайлагнасан байна. Тиймээс ХҮН-ынхан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас “Та төрд тасралтгүй ажиллахын зэрэгцээ бизнес хийж, ийм өндөр орлого олж байгаа нууцаасаа бидэнтэй хуваалцаач” гэсэн асуултыг тавьж байгаа юм байна.

Мөн “Хөрөнгөөрөө тэргүүлж байгаа УИХ-ын гишүүн Б.Наранхүүг 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Энэ хэмжээний хөрөнгөө хаанаас олсон гэдгээ нотлохыг шаардаж байна” гэлээ.

Тэд эхний ээлжинд УИХ-ын гишүүдийг орлогоо нотлохыг шаардана. Нотлохгүй бол УИХ-ын ёсзүйн дэд хороонд гомдол гаргаж шалгуулахаа мэдэгдлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ