Нүдийг нь боогоод, гарт нь шударга ёсны илд тэргүүтнийг бариулчихвал яасийн?

ҮАБЗ-ийн зөвлөмж гарган хуулийн өөрчлөлт хийн байж МАНАН бүлэглэлийг өмгөөлдөг хамгаалдаг гэх шүүх, прокурорын удирдлагуудыг огцруулж чадлаа. Энэхүү асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх маргаан хэзээ хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй. Ямар ч байсан төрийн гурван өндөрлөг шударга ёсны төлөө нэгдэж чадсан гэдэгт ард түмэн итгэж, талархаж байна. Харин зарим хэсэг нь шүүх эрх мэдлийг Үндсэн хууль зөрчин байж гартаа оруулж авсанаар дараагийн МАНАН-г үүсгэж, дарангуйлал тогтоож болзошгүй юм хэмээн хэлж ярьсаар л байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайхан, орлогчоор нь Ш.Эрдэнэбилэг нарыг томилуулахаар өчигдөрхөн АТГ-т бичиг хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн энэхүү сонголт харин иргэдийн сэтгэлд нийцэж байгаа уур амьсгал мэдрэгдээд эхлэх шиг.
УДШ-ийн Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг УДШ-ийн нийт гишүүдийн олонхийн саналаар нэр дэвшүүлэхээр боллоо. Шүүгчид энэ удаа элдэв асуудалд нэр холбогдоогүй, эрүүгийн гайгүй шүүгчдийн нэг гэгдэх, нэр цэвэр, залуу шүүгчээ дэмжиж, сэвтээд байгаа шүүхийн нэр хүндээ сэргээж авахаар шийдсэн бололтой. Бас ч гэж олон нийтийн хүлээлтээс төдийлөн гажихгүй байгаа эдгээр нөхдүүд томилогдоод шударга л ажиллачихаасай гэж олон нийт хүсэмжилж байгаа нь мэдээж. 60 тэрбумчдыг нь ч тэр, ЖДҮ-чдийг нь тэр ялгалгүй л хандаасай. Монголоо зарсан худалдсан, газрын баялагаа лиценц нэртэй цаасаар дамжуулж гадныханд арилжсан, энх цагт эх орноосоо ямар нэгэн байдлаар урваж, шарвасан луйварчин бүхнийг шударга ёсны жинлүүрээр хэмжиж олж шийтгээсэй. Саяхан Хууль зүй дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр 25 дугаар суваг телевизийн "Ам нээвэл" ярилцлаганд орж ам нээхдээ хууль шударга ёсны билэгдлийг дүрслэн ярьсан билээ. Авилга харахгүй, албан тушаалаар ялгахгүй, ах дүү анд найз, нам улс төр ялгахгүй харахгүйн тулд нүд нь боолттой, гартаа шударга ёсны илд, жинлүүр тэргүүтнийг барьсан байдаг тухай. Тэгэхээр цаад утгаараа шинээр томилогдох энэ нөхдүүдийн нүдийг нь боогоод, гарт нь шударга ёсны илд тэргүүтнийг бариулчихвал зүгээрсэн.
Б.Туг
.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ