Шведийн депутатууд туслахгүй, машингүй, тэтгэвэргүй хэрхэн аж төрдөг вэ?

Швед улс аж төрөхөд хамгийн таатай орнуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд ер нь скандинавын хойгийнхон тав тухтай аж төрөхийн төлөө өөрсдөө их зүйл хийсэн юм. Мэдээж сэтгэлгээний ялгаа их хэдий ч, хамаг учир үүнд бий гэж үү? Жишээлвэл, шведийн депутатууд бидний хувьд ерөөс итгэхийн аргагүй хүмүүс юм.
Тэд жирийн л хүмүүс
Ив ижилхэн хүмүүсийн дундаас шилдэгүүдийг нь сонгож, засаглалын жолоог тэдний гарт атгуулахад ардчиллын уг мөн чанар оршино. Шведүүд шилдэгийг нь сонгодог уу, депутатууд жирийн хүмүүсийн амьдрал өөрсдөд нь огт хамаагүй юм шиг бодож сэтгэдэг элит нийгмийн нэг хэсэг биш юм.
“Бид жирийн л иргэд. Парламентын гишүүдэд онцгой эрх ямба эдлүүлэх нь утгагүй, яагаад гэвэл иргэдийг төлөөлж, тэдний аж төрж буй бодит байдлыг мэдэж байх нь бидний зорилт мөнөөс мөн. Иргэдийг төлөөлөх гэдэг нь угтаа эрх ямба, юу гэвэл улс орны чиг бодлогод нөлөөлөх боломж бидэнд байдаг” гэж Шведийн социал-демократ намын гишүүн Пер-Арнхе Хоскассон сурвалжлагчтай ярилцахдаа хэлжээ.
Унаа тэрэг
Ерөнхийлөгчийн, ерөнхий сайдын болон түүний орлогч нарын гэсэн ердөө гуравхан машин парламентын өмчинд байдаг, ингэхдээ албан ёсны арга хэмжээнд оролцохдоо л унаа авдаг. Депутатууд нийтийн тээврээр ажилдаа очино, төрөөс тэдэнд ийм тээврийн хэрэгслээр зорчих үнэмлэхийг жил бүр олгодог байна.
Ерөнхий сайд л унаа тэрэг хэрэглэх эрхтэй, ингэхдээ энэ машин нь аюулаас хамгаалах албанд харъяалагдана. Гэхдээ ямар ч депутат унаа авахыг хүсч болох ч, ингэх шалтгаан нь үнэслэлтэй байх ёстой аж. Ер нь парламентын гишүүд таксигаар ч үйлчлүүлдэггүй, гэхдээ үнэхээрийн шаардлага гарсан нөхцөлд л ийм унаа авч болдог байна.
Цалин хөлс
“Эдийн засгийн шалтгаанаас болоод нэг ч иргэний депутат болох боломжийг хааж болохгүй” гэж парламентыг шийдвэрлэх хүртэл 1957 оноос өмнө депутатууд сохор зоос ч авдаггүй байжээ. Өнөөдөр депутат ойролцоогоор 40 000 кроны цалин авдаг нь бага ангийн багш нарын цалинтай адилхан гэнэ.
Депутатууд өөрсдийн цалинг нэмж болдоггүй, “Riksdagens Arvodesnämd” гэсэн бие даасан хороо энэ асуудлыг шийддэг. Тус хороонд шүүгчийн хувиар ерөнхийлөгч болон бас хоёр хүн ордог бөгөөд энэ нь сэтгүүлч юмуу хуучин түшмэд явсан хүн байдаг байна.
Байр сууц
Стокгольм хотоос сонгогдоогүй парламентын депутатуудад төрөөс сууц өгдөг. Энэ нь 45 орчим хавтгай дөрвөлжин метр талбайтай нэг өрөө байр байх бөгөөд тэр нь унтлагын өрөө ч, зочдын өрөө ч болдог байна. Депутатууд байр сууцандаа өөрсдөө үйлчилгээ хийх бөгөөд жилд нэг удаа л төрийн мөнгөөр цэвэрлэгээ хийж өгдөг аж.
Энэ байр нь парламентын гишүүн л суух зориулалттай, харин түүний гэр бүлийнхэн энд үнэ төлбөргүйгээр суух эрхгүй. Депутат хамаатны хүнээ ганц шөнө хонуулсан ч төрд зохих төлбөр төлөх ёстой болдог гэнэ.
Зоогийн газар
Үйлчлэгчийг санагдуулахаар нэг ч хүн парламентын байшинд байхгүй. Депутат бүр кофе болон идэх юмаа өөрөө авна. Түүнчилэн хэрэглэсэн аяга, тавгаа өөрсдөө хураах үүрэгтэй.
Ингэхдээ зүгээр нэг хураагаад зогсохгүй, угааж өгдөг байна. Ингэлээ гээд ямар ч хөлс авдаггүй, харин үнэтэй ресторанд улсын мөнгөөр хооллох гэдэг яриа ёстой байхгүй.
Туслах юмуу нарийн бичгийн дарга
Нэг ч депутат хувийн нарийн бичгийн дарга юмуу туслахтай байх эрхгүй. Нам бүр өөрийн нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах тодорхой мөнгийг төрөөс авдаг бөгөөд тэд депутатуудад тусладаг байна.
Намын гишүүдийн хэн нь ч хувийн зорилгоор нарийн бичгийн дарга нараас хэн нэгнийг ажиллуулж болдоггүй. Энэ нь шведийн депутатууд ажлынхаа хуваарийг өөрсдөө гаргаж, уулзалтыг товлож, кофе авахаар өөрсдөө явдаг гэсэн үг юм.
Тэтгэвэр
Шведэд хуучин депутат байсан хүмүүст насан туршийн тэтгэвэр тогтоодоггүй. Депутат байсан хүнд цалингийнх нь 85%-ийн хэмжээтэй тэтгэмжийг хоёр жилийн турш олгодог байна. Гэхдээ ийм тэтгэмжийг хоёр дахь жилдээ авах гэвэл, үнэхээр шинэ ажил хайж байгаа гэдгээ нотлох хэрэгтэй гэнэ.
Хэрвээ тэр хүн өөр ажилд орсон бол, тэтгэлэг нь шууд хасагддаг байна. Харин бүс нутгийн улс төрчид тэтгэвэр бүү хэл, цалин ч авдаггүй аж. Орон нутгийн түвшинд улс төрийн ажлыг хавсарга үйл ажиллагаатай адилтган үздэг бөгөөд цалин хөлс өгдөггүй байна.
Шведэд төрийн алба ямар нэг нэр хүндтэй албанд тооцогддоггүй, тиймээс тэнд очих гэж нэг их дурладаггүй. Жишээлвэл, саяхан шахуу ерөнхий сайд албан тушаалаасаа татгалзаж, түүний суудал удаан хугацаагаар эзгүй байсан бөгөөд парламент хуучин сангийн сайдыг энэ суудалд бараг хүчээр шахуу томилжээ. Төр хичнээн сайн ажилласан ч, тэнд ажиллах нь тийм ч нэр хүндтэй хэрэг биш байдаг нь хууль мөн.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ