УИХ-ын хаврын чуулган эхэллээ

УИХ-ын хаврын чуулган 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тодруулбал, Чуулганы хуралдаанд оролцох ёстой 75 гишүүнээс гадаад дотоодод томилолттой, чөлөөтэй 12, ирвэл зохих 63 гишүүнээс 47 гишүүн ирж 62.7 хувиар ирц бүрдсэн байна.
Чуулганы хуралдааны эхэнд, УИХ-ын дарга Г.Зандашатар, "Энэ удаагийн чуулган иргэд олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн онцгой анхаарлыг татсан олон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаарай онцлогтой" гэдгийг онцоллоо.
Мөн тэрээр,
Хэлэлцэх асуудлыг гурван бүлэгт хувааж товч танилцуулъя. Нэгдүгээрт, хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал ил болсон. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөж, тогтолцооны гажуудал үүссэнийг илтгэж байна. Ардчилал хүний эрхийг хангах үүргээ төр зохих ёсоор хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ.
Иймд хүнлэг бусаар эрүүдэн шүүх, доромжлон харилцахыг үндсээр нь устгахын төлөө Монгол Улсын Их Хурал хатуу тэмцэх болно. Ийм ч учраас бид хэдхэн хоногийн өмнө хууль эрх зүйн хяналтын орчныг бүрдүүлсэн. Шүүгчийн эрх зүйн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, цөөн хэдэн хүний үзэмжээр шийдэх зорилго огт агуулгаагүй гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн хэрэгжилтэд УИХ онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна. ХЭҮК-оос жил бүр хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д өргөн мэдүүлдэг ч холбогдох дэд хороо, байнгын хороогоор хэлэлцээд чиглэл өгсөн, тогтоол гаргасан төдийгөөр өнгөрдөг байсныг давтахгүй, илүү ажил хэрэгч болгоно.
Энэ хаврын чуулганаас эхлээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын тухай илтгэлийг Эрүүгийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаарх УЕП-ын мэдээлэлтэй зэрэгцүүлэн, мэтгэлзэх зарчмаар нухацтай хэлэлцэж, холбогдох байнгын хороо төдийгүй, УИХ-ын чуулганаар заавал хэлэлцдэг болгож байна" гэлээ.
УИХ-ын чуулганы нээлтээ хийсний дараа хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэнэ.
Улмаар чуулганы хуралдаан 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэх юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ