АРДЧИЛСАН НАМ " АЮУЛТАЙ НАМ" БОЛЖ ЭХЭЛЛЭЭ

     Ардчилсан нам өнгөрсөн амралтын өдрүүдэд 29 жилийн ойгоо тэмдэглэж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийсэн. Энэ хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Г.Батхүү, Б.Дэлгэрмаа нарыг Ардчилсан намын дэд даргаар сонгов. Ингэснээр Ардчилсан нам Х.Тэмүүжин, Р.Амаржаргал,З.Нарантуяа, Г.Батхүү, Б.Пүрэвдорж Б.Дэлгэрмаа гэсэн зургаан дэд даргатай болоод байгаа. Цаашид ч энэ нам нэмж олон дэд даргатай болох бололтой. Учир нь хашааны гадна хаяж орхисон нөхдүүдийг урьж дэд дарга гэсэн сэтэр зүүлгээд ч хамаагүй татаад байх бодлого илэн далангүй явагдаж байна. Ёстой л улс төрийн нам хэдэн ч дэд даргатай байсан яадгийн гэх эмх замбараагүй байдлыг АН-ынхан үзүүлээд байх шиг. Энэ утгаараа АН зургаа битгий хэл зуун дэд даргатай ч болж магадгүй байна. Дүрэм ярьж шударга гишүүдээ хөөдөг С.Эрдэнэ даргын дүрэмгүй тоглолт ний нуугүй хэлэхэд хэрээс хэтэрч байгааг намын гишүүд нь ч ярьж хэлсээр байгаа.  Хууль бусаар гадны улс орноос хил дамнуулан хүн авч ирсэн,эрүүдэн шүүсэн, улмаар амь насыг нь хохироосон гэх асуудалд холбоотой ТЕГ-ын дарга асан генарал Б.Хурцыг АН-ын дарга С.Эрдэнэ дүрмийн бус байдлаар Үндэсний Бодлогын Хорооны гишүүн болгож байгаа тухай эх сурвалж хэлж байна. Ингээд бодохоор Ардчилсан нам маань онц ноцтой, аюултай нам болж хувирах вий дээ гэж болгоомжлох  гишүүд ч байна. Өчигдөрхөн гэхэд л төрд ажиллаж байсан нэр хүндтэй нилээд хэдэн гишүүд нь Ардчилсан намаасаа мэдэгдэл хийгээд гараад явчихлаа. Энэ бүхний золиосонд Ардчилсан үзэлтэй олон мянган иргэд итгэл сэтгэлээрээ тоглуулж нэгмөсөн  хохирох вий дээ гэсэн эмзэглэл төрж байгааг нуух юун.


Д.Галт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ