Петр Порошенко халз мэтгэлцээнээ өрсөлдөгчгүйгээр эхлүүлжээ


Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко Киев дахь “Олимпийский” цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд түүний хамт шалгарсан Владимир Зеленскийтэй хийх мэтгэлцээнээ ганцаар эхлүүлжээ.

Тэрээр Владимир Зеленскийг 40-45 минут хүлээнэ гээд, өнөөдөр “ICTV” телевизийн нэвтрүүлэгт халз мэтгэлцэхийг санал болгосон байна. Амжихгүй бол нэвтрүүлгийг нэг өдрөөр хойшлуулж болохыг ч дурджээ.

Петр Порошенко үг хэлснийхээ дараа цугларсан сэтгүүлчдийн асуултуудад хариулжээ. Тэрээр, “Хэрэв Зеленский сонгуульд ялбал энэ нь Украины ард түмний сонголт байх болно. Иймд би тэрхүү сонголтыг хүндэтгэн хүлээж авна. Учир нь Украин бол ардчилсан орон” гэдгийг онцолсон байна.

 Харин Владимир Зеленский халз мэтгэлцээнийг “Олимпийский” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 19-нд явуулах хариу санал тавьжээ.

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт энэ сарын 21-нд болох юм.

Б.Туг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ