МАН-ын "эсэргүүн 27" хэрхэн улс төр хийх талаараа хэлэлцэнэ

   Өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гаригт МАН-ын Зүүний хүчний холбооныхон Эрдэнэтэд нууц уулзалт хийсэн талаар хэвлэлүүд мэдээллээ. Уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын зарим гишүүн, УИХ-ын гишүүд, төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн дарга нар, ТӨҮГ-ын дарга нар гээд Зүүн хүчний холбооны дэмжлэгээр албан тушаалд томилогдсон бүхий л хүмүүс оролцсон тухай ч мэдээлэв. Энэхүү мэдээллийн дараа МАН-ын жижигхэн хөөрхөн болжморууд ийм уулзалт болоогүй талаар жиргэж байв. Яригдаж хэлэгдсэн асуудал нь тийм ч таатай биш болохоор юу гэж л тэгсээн асуудлыг ярилцсан юмаа гээд сууж байхав дээ. Мэдээж л улс төр юм чинь.

  Тэд уулзалтаараа 2020 оны сонгуульд М.Энхболд, Су.Батболд, Л.Энх-Амгалан, Ц.Сандуй, Д.Хаянхярваа, Л.Элдэв-Очир нарын гишүүдийг нэр дэвшүүлэхгүй. МАН-ын 27 –ийн бүлэгт 30 хувиас илүү квот өгч болохгүй гэж тохирсон бололтой.

Тэр дундаа УИХ-д MCS компанийг төлөөлдөг Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нарыг нэр дэвшүүлж болохгүй гэж хүртэл ярилцсан гэх.

Энэхүү уулзалтын дараа "ЖДҮ"-ийн халуун ам бүлд багтаж чадаагүй "60тэрбум"-ын бүлэглэлийнхэн хэмээгдэн адлагдаж яваа МАН-ын эсэргүүн 27-ч улс төрийн амьдралын зовлон жаргалаа ярьж, сэтгэл сэргэтэл нэг сайхан буу халахаар болсон талаарх мэдээллийг эх сурвалж хэлж байна. Овоо цовоо цолгиун дуутай, бас ч гэж шөрмөстэй байж мэдэх Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нарынх нь дуу ч гарахаа больж, хааяа нэг ухаарлын өнгө аястай үг өгүүлбэр унагаж суухад, хаа очиж Хаян чинь харин хэлэх үгээ хэлж, дуугарах газраа дуугарсаар яваа. Энэ удаагийн  уулзалтыг ч тэрбээр санаачлан зохион байгуулах болсон бөгөөд уулзалтаар тэд хэрхэх тухайгаа ярилцах аж. Үнэхээр дуулгавартай явсаар тойрог ч үгүй, тойрохоо зуруулсан ч юмгүй намтай ч юм шиг, намгүй ч юм шиг  явсаар залхаж гүйцээд байгаа тухайгаа ч тэр нуухгүй байгаа гэнэ. Ийнхүү сонгууль угтсан хаврын улс төрийн далд уулзалтууд  хашааны гадна талд өрнөх хэдий ч, хэвлэлийнхэнд аль хэдийнэ ил болсоор байх бололтой.

Н. Өлзий

 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин