АН-ын зарим гишүүн намаасаа татгалзаж байгаагаа мэдэгдлээ

АН-ын зарим гишүүн намаасаа татгалзаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, 1990 оны Ардчилсан тогтолцоог бий болгох хөдөлгөөнд оролцож явсан Монголын ардчилсан холбооны ахмад гишүүд ийнхүү намаасаа гарч байгаагаа дуулгав.
Өнөөдрийн хэвлэлийн хуралд АН-ын гишүүн Д.Жаргалсайхан, Х.Лхагвасүрэн, Билгүтэй, Дарьсүрэн нарын хүмүүс оролцож намаасаа гарч байгаагаа мэдэгдсэн юм.
Энэ тухай АН-ын гишүүн Д.Жаргалсайхан хэлэхдээ:
“1990 онд Ардчилсан хувьсгалд оролцож явахдаа улс орондоо хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгмийг бий болгоно гэж хүсч мөрөөдөж, зүтгэж итгэж явсан. Гэтэл 30 жилийн дараа эргээд АН-ын үе үеийн удирдагчид, дарга нар харахад эгэл гишүүдийнхээ тэмцэж мөрөөдөж явсан хүсэл тэмүүлэл дээр гишгэж, доромжилж, баяжих хэрэгсэл болгосон байна. Ардчиллын үр шим гурвсан сая иргэн хүрэхгүй байна. Тэд нийтийн өмчийг хулгайлж, хувьчилж авахад манлайлж оролцсон. Улс орны 390 орчим үйлдвэрийг дампууруулж, 110 мянган ажилчин ангийг устгасан. Өнөөдөр гажуудсан ардчиллын үр дүнд 300 мянган залуучууд ажиллаж амьдрахын төлөө эх орноосоо дүрвэн гадаад руу гарсан байна. Ийм хүмүүстэй хамтрах боломжгүй болсон тул бид намаасаа гарч байна.
Нийгэм эдийн засгийн ужиг хямралыг бий болгосон энэ хүмүүстэй зам нийлэх, хамтрах боломжгүй болсон учраас АН-аас гарч үндэсний эрх ашгийг дээдэлдэг хөгжлийн төлөө явдаг улс төрийн хүчинтэй цаашид нэгдэж явах саналтай байна" гэлээ.
АН-ын гишүүн Х.Лхагвасүрэн:
“1989 оноос эхлээд Ардчилсан холбооны үйл хэрэгт анхнаас нь оролцож ирсэн. Ардчилсан холбооны анхдугаар их хуралд анх 600 гаруй төлөөлөгч оролцож байсан. Тэдгээр хүмүүсээс 100 гаруй хүн үлдэж АН-ыг байгуулж байлаа. Ардчиллын үр шимийг цөөхөн хэдэн олигархууд хүртэж өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг бий болгосныг бид харж байна” гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ