Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг суллах саналыг байнгын хороогоор дэмжсэнгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-ийг сонслоо.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүнд өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлсэн 17 илтгэл, 295 санал, дүгнэлтийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьсныг тодрууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах саналыг гаргасан юм.

Тэрбээр “Хорих ангийн ганц жигүүрт Б.Булганыг хэдэн сар хорьсон. Б.Булган их бухимдалтай байсан. Та нар үнэхээр дэндэж байгаа шүү гээд хашгирч байсан. Харин яг доод давхарт нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьж байсан юм билээ. Бидэнд хэлээгүй. Эдгээр хүмүүсийг эрүүдэн шүүх замаар ял хүлээлгэсэн. Одоо нэн даруй суллах хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Байнгын хорооноос хэн, нэгнийг шууд сулла гэдэг чиглэл өгч болохгүй.

Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Төв аймгийн хорих газарт бэлтгэлийг нь хангаж байгаад аваачин таван хүнийг хорьсон. Энэ бол зүгээр нэг асуудал биш. Энэ бол 1937 оны хэлмэгдүүлэлтийг Монголын төр таслан зогсоож чадах уу, үгүй юу гэдэг асуудал. Хоног хугацаа алдмааргүй байна. Энэ чинь ял эдэлж байгаа хүмүүсийн ар гэрт там болж байгаа. Одоо хангалттай биш үү. Шүүх дээр асуудал гараад байна. Гарцаагүй хорьж шалгасан эрх мэдэлтнүүд нь одоо байгаад байгаа болохоор нэг тийшээ болгоход хэцүү байна. Та нар энд суучихаад амархан юм яриад байна. Би хоёр жил зургаан сар энэ хэрэгтэй ноцолдож байна. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хурацаар ярьж байгаа эмэгтэй гишүүн байна уу. Тиймээс хууль хяналтын байгууллагыг хурдал гэсэн чиглэл өгсөн нь дээр. Энэ хэргийн араас явсан хүн болгон дээр хэрэг үүсгэсэн. Хуучин прокурор үүнийг хөдөлгөдөггүй байсан. Одоогийн удирдлага нь санаанд хүрч ажиллахгүй байна. Прокурор нэн даруй суллах арга хэмжээ авах ёстой гээд хуулинд биччихсэн байгаа. Прокурор, цагдаа яаж ажилладгийг би гадарлана. Хүсвэл нэг өдрийн ажил. Эрүүдэн шүүхдээ хамгийн муухай, хамгийн харгисаар эрүүдэн шүүсэн. Айлын хашаанд цогцос аваачиж хаяад дөрвөн жил болж байна. Одоо саармагжуулах гэсэн зүйл тасралтгүй хийж байна. Хурдан наад асуудлаа шийд. Энэ Монголд чинь төр байгаа юм уу. Тэр Ерөнхий шүүгчийн томилгоог яагаад хийхгүй байгаа юм. Сар боллоо. Хүний эрхийн комисс зоримог байх хэрэгтэй. Монголд сүүлийн 70 жилийн түүхэнд ийм хэрэг гарсан гэж би сонсоогүй. Их зовоож байгаа. Материалаа нуугаад, жүжиг тавиад байгаа. хүчин мөхөсдөж байна" гэлээ.

Тэрбээр мөн "Та нар шүүхийг шүүх гээд байгаа юм уу, хаана байна тэр шүүх чинь. Монголд шүүх гэж байхгүй болсон. Даргын даалгавраар гэмт хэрэг хүлээлгэж шоронд насаар нь хатаадаг бүлэг дээрэмчидтэй болсон” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Хууль зүйн байнгын хороо шүүх болчихоод байна” гэв.

Л.Болд гишүүний гаргасан саналыг байнгын хороодын гишүүдийн 42.9 хувиар дэмжигдээгүй юм.

Харин шинээр гаргасан томъёололд “Хууль хяналтын байгууллагаас хууль зөрчиж гэмт хэрэгт ял тулгаж хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон тул С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй хүмүүсийн эрхийг хамгаалах талаар хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээ авах” гэсэн санал нь 86.7 хувиар дэмжигдэв.

Үүний дараа Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийхэд асуулт асууж, үг хэлэх гишүүд байгаагүй тул санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ