Хөгжлийн банканд зээлээ төлөөгүй ААН-үүд дээд тал нь 355.5 тэрбум төгрөгийн өртэй байна

Монгол Улсын Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Хөгжлийн банк олон улсад бонд гаргах замаар хөрөнгө босгож улс орны хөгжлийг тодорхойлох томоохон дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.
Хөгжлийн банк “Евро” бондын 580 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иений хөрөнгө төвлөрүүлсэн боловч үр дүнгүй зарцуулсан болох нь шалгалтаар тогтоогдсон байна. Нийт бондын хөрөнгийн 60 хувь нь улсын төсөвт орсон бол Хөгжлийн банкнаас 319 төсөл хөтөлбөрт 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Шалгалтын явцад томоохон мөнгөн дүн бүхий олон төсөл хөтөлбөрийг нэгтгэж дүгнэсэн учраас сар гаруй хугацаанд ажлын хэсэг ажилласан болохыг Л.Оюун-Эрдэнэ сайд хэлж байлаа. Тэрбээр “Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төслүүдэд МИАТ-ын онгоц авах зэрэг ашигтай төслүүд байгаа. Гэтэл Монгол Улсын эдийн засагт асар их дарамт болсон төслүүд байна. Эргэн төлөгдөх нөхцөлгүй төслүүдэд бондын хөрөнгийг зарцуулаад яваад байх нь хүндрэлтэй. Хэрэв энэ байдлаараа удаан явбал Монгол Улс дампуурлаа зарлах байдал ойрхон байсан гэдгийг хэлмээр байна. Тиймээс энэ үйлдлүүддээ сургамж авч ажиллахгүй бол болохгүй нь” гэсэн юм.
Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төслүүдээс эргэн төлөлт авч чадаагүй томоохон төслүүдийг дурдвал “Хөтөл”-ийн 161.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй мөн “Мон лаа” 5.6 тэрбум төгрөг, ТОСК 355.5 тэрбум төгрөг, “МАК” 166.5 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлөөгүй байгаа аж.
Хөгжлийн банкзны үндсэн чиг үүрэг бол Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэтэл арилжааны банктай өрсөлддөг үйл ажиллагаа явуулсан зөрчлүүд илэрчээ. Мөн зээлийн бүтцийг өөрчилж, хугацааг олон удаа сунгасан зөрчил түгээмэл байна. Тус банкны гүйцэтгэх захирал их хэмжээний эрх мэдэл өөртөө төвлөрүүлсэн нь тогтоогдсон ба Худалдаа хөгжлийн банкнаас одоогийн байраа хэт өндөр үнээр худалдаж авсан зэрэг Хөгжлийн банкны хариуцлагагүй үйлдлээс болоод их хэмжээний алдагдал хүлээсэн байна. Шалгалтын ажлын хэсгийн зүгээс эдгээр зөрчлийг хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зүйтэй гэж үзэж АТГ-д шалгалтын материалуудыг өгөөд байгаа аж.
Мөн Засгийн газрын зүгээс Хөгжлийн банк арилжааны банктай өрсөлдөхгүй мега төслүүдийг санхүүжүүлэх ёстой гэж үзэн 20 тэрбум төгрөгөөс доош зээл олгохыг хориглох нь зүйтэй гэж үзсэн байна. Учир нь арилжааны банкууд дээд хязгаар нь 20 тэрбум төгрөгийн зээл өгдөг. Цаашдаа 50, 100, 200 тэрбум төгрөгөөс дээш хөтөлбөрүүдэд санхүүжилт хийх чиглэл рүү Хөгжлийн банк орохгүй бол олон улсын төвшинд нэр хүндээ алдах нөхцөл байдал тулгараад байгаа юм байна. Түүнчлэн Засгийн газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага хүсэлтээрээ өргөдлөө өгсөнтэй холбоотойгоор Г.Амартүвшинд шилжилтийн үед ажиллах санал тавьсан. Цаашдаа Хөгжлийн банкыг гаднын менежментээр ажиллуулах бодлого баримтлахаар тогтжээ. Засгийн газрын зүгээс Хөгжлийн банктай холбоотой өөрчлөлтүүдийг ирэх аравдугаар сар хүртэл хэрэгжүүлээд хууль хяналтын байгууллагуудын дүгнэлтийг нэгтгэснээр цаашдаа олон улсын стандартын горимоор ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ