Ё.Баатарбилэг сайдаа сурлага муутангууд эмч болохыг зогсоогоочээ

Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг төгссөн 40 орчим мянган төгсөгч ЭЕШ өгөөд хариугаа хүлээж байна.
Тэд батламж оноо гардаж авсаны дараа хүссэн их, дээд сургуулиа зорих юм. Дээд боловсролын сургалтын чанарын талаар Боловсролын шинэхэн сайд Ё..Баатарбилэг ажлаа авсан даруйдаа маш зоригтойгоор “чанар муутай сургуулиудыг хаана” гэж дуугарсан. Сайдын том мэдэгдлийн дараахан их, дээд сургуулийн нэгдсэн консорциумийн захирлууд сандралдаж, сайдын хаалгыг сахин сууж уулзаад, түүнийг бага ч гэсэн уярааж дөнгөсөн. Улстөрч сайдын хувьд сонгуулийн өмнөх жил сонгогчдын дийлэнх хувийг эзэлдэг оюутан, багш, захирлуудтай түнжин хагарч болохгүй гэдгээ тооцоолсон бололтой. Энэ уулзалтаас хойш их, дээд сургуулиудын талаар арай “зөөлөн, зөөлөн” шивнэх боллоо.
3,200,000 хүн амтай Монгол Улс 2018-2019 оны байдлаар 94 их, дээд сургууль, коллежтой байна. 2005 онд 205 их, дээд сургууль рекорд тогтоож байсныг бодвол 2 дахин тоо нь буурсан.
Гэхдээ л цөөн хүн амтай жижиг улсад 35 их сургууль, 49 дээд сургууль, 7 коллеж байгаа нь ахадсан үзүүлэлт юм. Үүнээс төрийн сургууль 18, төрийн бус өмчийн 73, гадаадын 3 салбар сургууль ажиллаж байна.
Гэтэл эдгээр 94 сургууль нь их, дээд сургууль, коллеж гэсэн ангилалдаа нийцсэн, чанартай боловсон хүчин бэлтгэж байна уу гэвэл үнэндээ толгой сэгсэрмээр. Өнгөрсөн 7 хоногт Ё.Баатарбилэг сайд шийдвэр гаргаж чанарын шаардлага хангаагүй 7 сургуулийг хааж, бусад сургуулиудтай нэгтгэх шийдвэр гаргалаа. Захирал С.Отгонбат нь телевизийн дэлгэцээс салдаггүй, хамгийн их рекламтай “Глобаль удирдагч” дээд сургууль гэхэд хууль зөрчиж, баклаврын дипломгүй 21 иргэнийг магистрт элсүүлээд төгсгөх гэж байгаад “баригджээ”. Баригдсан нь энэ болохоос баригдаагүй нь хэд ч билээ.
“Их сургууль” гэдэг нь бакалавр, магистр, докторын сургалт эрхлэдэг, судалгааны ажил зонхилдог, эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдэл юм .
Гэтэл Монгол Улсад байгаа 35 их сургууль дээрх тодорхойлолтод хүрч чадаж байгаа юу гэвэл үнэндээ эргэлзээтэй. Өөрсдөө докторын зэрэггүй багштай хирнээ их сургууль болж доктор бэлтгэнэ гэдэг дээд боловсролын дампуурлын жишээ юм.
2012-2016 онд АН-ын хамгийн тогтвортой 4 жил ажилласан сайд асан Л.Гантөмөрийн үед их сургуулиуд борооны дараахь мөөг шиг олширч, ангилал ахиж, их сургууль болохоор хошуурсан байдаг юм. Сайд Гантөмөр энэ тал дээр дэндүү нигүүлсэнгүй ханджээ. Харин одоо тэрбээр Дүнжингарав захын урд дүнхийсэн “Глобаль олон улсын дунд сургууль”-ийнхаа зөвлөхөөр ажиллаж байна.
Хүний алтан амийг хариуцаж байдаг Анагаахын их сургуулийн тоо 10-ыг давсан гэхээр үнэндээ аймшгийн кино санаанд орж байна. Төрийн өмчийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулиас гадна төрийн бус өмчийн Шинэ анагаах ухааны их сургууль, Ач их сургууль, Монос анагаах ухааны их сургууль, Энэрэл, Оточ манрамба их сургууль, Этүгэн их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль гээд дагнасан анагаахын мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиас гадна анагаахын чиглэлийн анги нээж, зөвшөөрөл авсан өөр сургуулиуд бас урт цувааг үүсгэнэ.
“Монголын үндэсний” их сургууль нь монголд байтугай дэлхийд байдаг бараг бүх мэргэжлээр зөвшөөрөл авсан, бас хүний эмчийн ангитай, дээр нь Н.Учрал гишүүний “Их засаг” сурууль, Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн “Аварга” дээд сургууль, Глобаль удирдагч сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургуулиуд эрүүл мэндийн хөтөлбөрийн анги нээсэн байх жишээний.
Эдгээр сургуулиуд сургалтын орчин,анги танхим, лаборатори, эмнэлэг, багшлах боловсон хүчин хэр зэрэг бол, суралцагчид нь ямар түвшний оюутнууд байдаг бол?
Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 3-4 сая хүн амтай улсад 3 хүртэлх анагаах ухааны чиглэлийн сургууль байх ёстой гэсэн зөвлөмж гаргажээ. Манай монголчууд рекорд эвдэхдээ гарамгай учир ДЭМБ-ийн рекордийг эвдэж анагаахын чиглэлийн 10-аад сургуультай байна.
Аргагүй ч үгүй хүний алтан амийг хариуцан байгаа мэргэжлийн үнэ цэн, мэргэжилтний чанар дээд түвшинд байх ёстой. Тиймээс ч иргэд нь дотоодын эмч нартаа итгэхгүй Солонгос, Япон, Америкийг зорьж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан нь АШУҮИС-д орж дөнгөн данган босго давсан нөхдүүд эмч мэргэжил ашигтай, ирээдүйтэй хэмээн хувийн анагаахын сургуулиуд руу хошуурч байгаа нь эмгэнэл билээ. Доогуур оноо авсан нөхдүүд үнэндээ сурлага муутай этгээдүүд байгаа нь тодорхой. Тэгэхээр сурлага муутай оюутан ямар эмч болохсон билээ.
Хамгийн гол асуудал нь анагаахын эдгээр 10 гаруй сургуулиудад хичээл заадаг эрдэмтэн, багш нар юм. АШУИС-ийн голдуу цөөн багш нар хэдэн хувийн сургуулийг тойроод, хичээл ороод гүйгээд байдаг гэвэл хилсдэхгүй шүү. За тэгээд энд тэндэхийн эмнэлгийн эмч нар цагийн багш хийнэ. Багш гэдэг мэргэжил тусдаа бие даасан мэргэжил юм.
Хэдэн жилийн өмнө “Их засаг” их сургууль анагаахын анги нээхдээ Баянзүрх дүүргийн эмнэлгийн дарга, цэрэг, эмч нараар бүгдээр нь хичээл заалгана гээд тууж явсан гэдэг. Энэ бол бодит үнэн.
Багшлах боловсон хүчин ийм дутуу дулимаг байхад яаж чадварлаг анагаахын мэргэжилтэн бэлтгэх билээ.
Эцсийн үр дүнд үе үеийн Боловролын сайд нар ар өврийн хаалгаар анагаахын сургуулиудын тоог нэмсний лай ланчигийг ард түмэн эдэлнэ. Дарга нар өөрсдөө өндөр хөгжилтэй орны эмнэлгийг зорьдог болохоор үүнийг тоохгүй нь мэдээж.
Анагаах ухаан, боловсролын салбар нь стратегийн гол салбар, улс орны ирээдүй, хөгжил дэвшилтэй холбоотой. Үүнд л Боловсролын яам, Ё.Баатарбилэг сайд анхаарч их, дээд сургуулиудад шинэ анги, хөтөлбөр нээхдээ голдуу их хурлын гишүүд, томчуудын гуйлтыг ёсоор бүү болгоосой гэж хүсэх байна.
Эрхэм Ё.Баатарбилэг сайдаа та Анагаахын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын чанарт тусгайлан анхаарал тавихгүй бол хэдхэн жилийн дараа монголын эрүүл мэндийн салбар мөхлийн ангал руу нислээ шүү.
Н.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ