Ё.Баатарбилэг сайдаа Магадлан итгэмжлэлд чинь маапаан байна шүү

Элсэлтийн ерөнхий шалгалт дуусч эдүгээ их, дээд сургуулиудын элсэлт эхэллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сургуулиудын зар сурталчилгаа хүчтэй өрнөж байна. “Манайх гурав дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн”, “олон улсад магадлан итгэмжлэгдсэн”, “АНУ, Германд магадлан итгэмжлэгдсэн” хэмээсэн сүржин сурталчилгаа хөврөнө.
Тухайн сурталчилгааны цаана “Магадлан итгэмжлэгдсэн” гэдэг үгээр илтэд түрий барьж байгаа нь мэдрэгдэнэ.
АНУ-д магадлан итгэмжлэгдсэн гээд байгаа сургуулиудыг харахад лав Азийн шилдэг, дэлхийн шилдэг сургуулийн жагсаалтад бараа сураг нь ч алга.
АНУ-ын ACBSP гэж эдийн засаг, бизнесийн сургуулийн магадлан итгэмжлэл хийдэг Засгийн газрын бус байгууллагад монголын сургуулиуд олноор элсч магадлан итгэмжлэгдсэн байх юм. ACBSP нь гишүүдээсээ дориун татвар авдаг бөгөөд энэ байгууллагын санхүүг монголын сургуулиуд нилээд тэтгэдэг бололтой юм. АНУ-ын ТББ ч гэсэн ашиг хөөх нь тодорхой шүү дээ.
Монгол Улсын дээд боловсролын зах зээл дээр 94 сургууль “манайд орооч” хэмээн элсэгчдийг урьж байна. Хүүхдээ ямар сургууль оруулах вэ гэдэг эцэг, эхийн хувьд томоохон асуудал. Нэгдүгээрт, магадлан итгэмжлэгдсэн сургууль байх ёстой гэсэн шалгуурыг тавина. Тэгвэл “Дээд боловсролын магадлан итгэмжлэл”, “магадлан итгэмжлэгдсэн сургууль” гэж ямар сургуулийг хэлдэг юм бэ?
Үүнийг энгийн үгээр тайлбарлах юм бол чанартай сургалт явуулдаг, багш сайтай, орчин тохьтой ер нь цаашдаа дампуурчихааргүй сургуулийг хэлдэг гэвэл оновчтой тодорхойлолт болно. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд орохын ашигтай тал гэвэл сургалтын тэтгэлэг, хөнгөлөлт, гадаадад сургуульд суралцахад нөлөөлнө.
Гэтэл саяхан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 6 сургуулийн магадлан итгэмжлэлийг хүчингүй болгосноо зарлалаа. Цаашилбал тусгай зөвшөөрөл нь цуцлагдана гэсэн үг. Үүнд оюутан хохирогч болно. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл гэж цомхон байгууллагыг сайд толгойлдог. Ажлын албаны дарга нь УИХ-ын гишүүн Н.Учралын хүн гэгддэг С.Ариунболд. Н.Учрал гишүүн ер нь боловсролын салбар руу их хуруу дүрдэг гэдэг. Эцэг, эх, оюутнууд магадлан итгэмжлэгдсэн гэдэг үгэнд хууртаж сургуульд ороод хохирогч болж байгаа тохиолдол их байна. Тэгвэл магадлан итгэмжлэлийн чанар чансаанд гол асуудал байна.
Магадлан итгэмжлэгдсэн хирнээ маапаан гаргаад байгаа сургуулиудтай хариуцлага тооцохоос гадна итгэмжлэл өгсөн байгууллагатай нь бас давхар ярих ёстой юм.
Магадлан итгэмжлэл хийх шинжээчийн эрх авсан 500 гаруй хүн ажилладаг. Тэд дүгнэлт гаргаж сургуулийг магадлан итгэмжлэгдэх эсэхийг тодруулдаг. Монгол шиг хүн ам цөөн, танил тал, хамаатан садан их, жалгын довын , цус ойртсон газар шинжээчдийн асуудал хүнд юм. Тэгээд ч нэг сургуулийн багш нөгөө сургуулиа очиж магадлан итгэмжлэнэ гэдэг нь байж болшгүй тогтолцоо юм. Австрали Улсад сургуулийн магадлан итгэмжлэл хийхдээ тухайн сургуулийн унаа хэрэглэж, хамтдаа зоог барьж, сургуулийн бүсэд байрлахыг хориглодог. Харин монголд бол эсрэгээрээ.
Магадлан итгэмжлэгдсэн сургуулиа БМИҮЗ гэж байгууллага хянаж, эргэх холбоотой ажилладаг л баймаар. Магадлан итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хичнээн өндөрсгөлөө ч гэсэн танил талын хэлхээ холбоо тасраагүй цагт байдал энэ хэвээр л үргэлжилнэ. Хөндлөнгийн хараат бус, хүчтэй байх ёстой магадлан итгэмжлэлд чинь маапаан байна шүү Ё.Баатарбилэг сайдаа.
Н.Гэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ