Хүний төлөө, хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө анхаараач. Гуйя!

      Бурхан шиг ханиа дэндүү харамсалтайгаар, дэндүү эрт алдлаа.. Энэ үгийг олж уншаад гол зурж, өр зүрх өмрөөд унах шиг болов. Учир нь хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн түүчээ болоод явж буй Б бүсгүйн нөхөрт тохиолдсон хэрэг хүн бүрийн сэтгэлийг шимшрүүлэв. Тэрээр өөрийн цахим хуудаснаа нөхрөө алга болоод хайж хайж 20 гаруй хоногийн дараа олсон тухайгаа бичсэн байсан. Бүр тодруулбал, “Намайг долоодугаар сарын 8-ны шөнө СХД-н цагдаагаас дуудсан. Ханийг минь ажлын байран дээрээ зургаадугаар сарын 19-20нд шилжих шөнө лифт гацаад дотор нь байсан хүнийг гаргаад хөл алдаж доошоо унаж нас барсан гэдгийг хэллээ. Миний нөхрийг гараад явсан, түлхүүр станцаа авъя гэж хэлээд байсан ажлынхан нь оршин суугчдаас лифтнээс үнэр гараад байна гэсэн гомдлын дагуу очиж үзэж байж мэдсэн байна. Ингээд би хайр, халамжийн дээд болсон ханиа удаж удаж, өтөнд идэгдсэнийх нь дараа л олж авлаа” гэсэн байв.

Бүхэл бүтэн хүний амь өнгөрөөд 20 гаруй хонож байхад мэдээгүй, түлхүүр станцаа л нэхээд байх тэр байгууллагад хариуцлага, хараа хяналт гэж байна уу? Хүнээ бодох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар ойлголт ер нь байна уу?

Угтаа  хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад хувь, хувьсгалын байгууллагад ялгаа байх ёсгүй. Энэ нь хөдөлмөр эрхэлж буй хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд ч мөн хамаатай. Манай улсад 105700 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн судалгаа бий. Тэдний 44,4 хувь нь төрөлхийн, үлдсэн хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Одоогоор хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 30 орчим хувь нь буюу 30 мянга гаруй нь ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа байдаг.

Тэгвэл тэднийг хөдөлмөр эрхлэхэд аюулгүй байдлыг нь хэн, хэрхэн хангах ёстой вэ? Мэдээж байгууллагын удирдлагатай шууд хамаатай. Хүний төлөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйгаас мөнгө харамладаг, толгой сэгсэрдэг, буруу хардаг удирдлага байж болохгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын төлөө, эрүүл мэндийг нь сахин хамгаалахад зарцуулсан аливаа мөнгө, санхүүжилтийн асуудал хэзээд буруудах учиргүй. 

    Монгол Улсад сүүлийн гурван жилийн байдлаар нийт 947 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүтгэгдсэнээс 88 хүн нас барсан гэсэн судалгаа байсан. Үүнээс харахад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хяналтын механизмыг зайлшгүй сайжруулах шаардлагатай байна.  


Г.Хулан


СЭТГЭГДЭЛ БИЧИХ