З.Наранцацралт: Миний хүү чимээгүй яваарай

       Харанхуй гудамжаар явах гэр хорооллын иргэд золбин нохдоос айж, зарим нь гэмтэж, бэртэх тохиолдол олон байдаг. Нохойд уруулснаас болж гар хуруугаа тайруулах тохиолдол ч цөөнгүй. Гэр хорооллын айлууд нохойгоо хараа хяналтгүй дэл сул орхисноос үүдэн олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирох болжээ.

 Баянхошуу, 112-ын буудал, Оройн 20 цаг 30 минут...Ганцаар явахад айдас төрүүлэм гэрэлгүй, урт нарийн гудмаар алхлаа. Энд тэндгүй ноход хуцна. Биднийг ажиглаад явж байх замд хүүхдээ хөтөлсөн бүсгүй хаа нэг тийшээ яарна. Энэ бүсгүйг З.Наранцацралт гэнэ. Тэрбээр хэлэхдээ “Энд амьдраад 5 жил болж байна. Ажил оройтож тараад, аавынхаас хүүгээ аваад л гэрлүүгээ явж байгаа минь энэ.  Оройн цагаар явахад их хэцүү айдастай байдаг. Хаанаас нохой гараад ирэх бол, нохой гараад ирвэл яах вэ? Миний хүү чимээгүй яваарай гэсээр гэрийн бараа хардагдаа. Эрх чөлөөт энэ нийгэмд хүүхэд инээж хөөрч явах ёстой байтал айдаст автан алхана. Манай энэ хавийн айлууд нохойгоо ерөөсөө уядаггүй. Зарим үед бухимдахдаа нохой тэжээдэг юм бол нохойгоо уялдаа гэхээр чамд ямар хамаатай юм дуугүй л яв гээд л уурладаг. Сарын өмнө гэхэд л хоёр хүүхэд манай энд нохойнд хазуулаад эцэг эх нь ирж уулзаад л явах шиг болсон. Хэдэн төгрөг өгөөд л салсан юм шиг байна лээ. Өөр ч яах билээ” гэв. Уг нь нохойд хазуулсан бол яаралтай эмнэлэгт хандаж галзуугийн вакцин хийлгэх хэрэгтэй гэж хэн хүнгүй  л мэдэх байх.

      Биднийг ярилцаж явах замд хар,шар нийлсэн 3 нохой хашааны үүднээсээ эхлээд бидэнрүү хуцаж дагалаа. Олуулаа яваа тулдаа л ойртож чадахгүй байх шиг. Хэрэг болох байх гээд З.Наранцацралтын утасны дугаарыг аваад буцаад уруудлаа. Нөгөө ноход боргож л байна.

Энд тэндээ банз нь унасан хашааны завсараар хурц шүдээ яралзуулан бидэнрүү дайрах нохойныхоо дуугаар 30 орчим насны эмэгтэй гэрээсээ гарч ирэв. Юм асуух гэсэн юм аа та наашаа хүрээд ирээч гэхэд “Юу гээд байгаа юм бэ? Зүгээр яваа ч манай нохой хашаанаасаа гардаггүй юм” гэчихээд орчхов. З.Наранцацралтаас асуухад сарын өмнө хүүхэд хазсан нохой мөн болохыг хэлэв.  

        

     Хаашаа ч харсан хашааны онгорхой хаалганууд. Гэрийн үүдэнд уяаагүй хэвтэх ноход. Ийм нөхцөлд нохойд уруулахгүй гэх баталгаа байна уу?

     Бид Зүүнсалаа орчмын гэр хороололд ирлээ. Тав  алхаад л ганц нэг ноход таарсан ч сүргээрээ явж буй ноход таарсангүй. Эзэнгүй ноход  гол  төлөв хогийн цэг, жалга, дэлгүүрийн үүд хавиар  эргэлддэг аж. Сайтар ажиглан зогсоход нэгэн эмээ дэлгүүрээс цагаан тортой   юм бариад гарч  ирэхэд жижигхэн цагаан нохой тортой юмыг  араас нь булаах нь холгүй даган одов.  Үүнийг мэдсэн   эмээ  эргэж  хармагц “Хол  яв  чи”  хэмээн  чулуу шидэхэд  нохой сүүлээ хавчин зугтааж буй харагдав. Гудамж  эрэгмэгц   хоёроос гурван нохой  учир зүггүй гүйж  тонгочин байх бөгөөд тэдний нэг нь “Монгол банхар”  гэмээр том биетэй, бор  шаргал хүзүүвчтэй  хүн лүү дайрдаг  шинжтэй нохой байв.

      СХД-ийн 24-р хорооны иргэн өндөр настан Д.Шагз гуай “Сүүлийн  үед золбин ноход бол  харагдахгүй  болсон. Харин  энэ   нэг айлын нохой л  хааяа нэг дайрч харагддаг юм. /өвөө өнөөх “Монгол банхар” гэмээр нохойг онцлон заалаа/ Энэ  одоо сул явж байна. Ингээд сул  явж  байхдаа олуулаа явж  байгаа хүмүүс рүү  дайрдаггүй, ганц нэгээрээ явж  байгаа хүн рүү дайрч  харагддаг” гэв.  

Мөн тус хорооны иргэн Г.Баярмаа “Нохой шиг аймшигтай  юм  алга. Нохой өвөл зунгүй ороо нь ордог болчихсон цаг юм байна. Яг л хашаандаа  байгаа нохойг  эзэнтэй нохой гэхээс  биш гадуур явж байгаа нохдын үржил маш замбараагүй. Гэр хорооллын хаана ч ноход  сүргээрээ явж  байгаад  хүн рүү дайрах тохиолдол их. Манай энэ хавиар эзэнтэй   золбин нь мэдэгдэхгүй нохой их овоордог. Албан ёсоор хашаандаа нохой тэжээх гэж  байгаа хүмүүс бол зөвшөөрлийг нь аваад тэжээх  хэрэгтэй. Тэгээд хашаа хороогоо сайтар  битүүлж  нохой  гарах  гарцгүй  болгох  нэн   чухал байна” гэв.

Иргэн Х.Болдгарав  “Манай энэ хавиар  урьд  өмнө  нь 10-20 нохой сүрэглэж явдаг байсан. Ойрд харин харагдахаа больж. Хүмүүс хашаагаа мануулах нэртэй хашаандаа нохойгоо сул тавьчихдаг. Тэр нь  эзэнтэй, эзэнгүй  хойгуур нь хашаагаа давж гараад хүн урах аюултай. Өөрийгөө хамгаалах үүднээс мод чулуу гарт таарсан зүйлээ л барьж  явдаг боллоо” гэж байлаа. 

     Эндээс харвал иргэдийг хамгийн ихээр түгшээж буй зүйл  бол эзэнтэй ноход болжээ. Золбин ноход зүрх муутай хүн рүү дайрах нь бага байдгийн дээр олноороо сүрэглэж явах нь ч цөөрч. Харин эзэнтэй хэр нь эзэнгүй орхигдсон ноход хамгийн аюултай гэдгийг хүмүүс хэлж байна. Учир нь эзэд нь  гэр орон, эд зүйлсээ хамгаалуулахын тулд албаар зуумхай болгож, аашийг нь эвддэгээс эзэнтэй ноход илүү араатан шинжтэй байдаг гэнэ. Хэзээ, хаанаас, хэний нохой гарч ирээд урчих бол гэсэн айдас түгшүүртэй гэр хорооллынхондоо хэрхэн туслах вэ?

Энэ олон гэр хорооллын эдгээр олон айлууд бүгд нохойгоо уядаггүй гэвэл хэчнээн олон хүүхдүүд нохойд уруулж бие мах бодоороо хохирч байгаа бол гэхээс айдас төрнөм. Уяж, хяналт тавьж чадахгүй юм бол яах гэж нохой тэжээдэг юм вэ? Хулгайчаас гэр оронгоо хамгаалж байна гэж хариулах хүн цөөнгүй. Тэжээж болно оо гэхдээ яагаад зохих хэмжээний хариуцлагыг хүлээж бусдадаа амар тайван амьдрах боломжийг нь хангаж өгч болдоггүй юм бол?.

Нийслэлийн статистикийн газраас өнгөрсөн онд гаргасан судлагаагаар Улаанбаатар хотод 700 мянга  орчим  нохой байдаг гэсэн тоо гарчээ. Үүнээс 200 мянга нь тэжээвэр үлдсэн нь золбин гэх тодотголтой. Уг мэдээллийг үзэхэд 500  мянга  орчим золбин нохой хотоор тэнүүчилж байна.. Тэд жилдээ 2-3 удаа хээлтэж, нэг удаадаа 3-8 гөлөг гаргадаг гэсэн үг. Хараа хяналтгүй олширсоор байгаа энэ олон ноходыг яах вэ, үнэндээ нохой чинь  хүний үнэнч найз шүү дээ гэсэн урьдын үг ул болжээ.

    Нохойд хазуулж амь насаа алдсан тохиолдлуудаас жишээ татвал. 2016 оны  гуравдугаар сарын 17-нд Сонгино-хайрхан дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух, дөрвөн настай хүү нохойд хазуулсны улмаас амиа алдсан. Түүний өмнө 2015 оны аравдугаар  сарын 16-нд Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд оршин суух эмэгтэй Б гэгчийн зөөлөн эд нь бүрэн зулгаагдсан байдалтай нас барсан гэх мэт харамсалтай  хэрэг гарч байжээ. 

Нохойд уруулсан иргэд ихэнхдээ чимээгүй өнгөрдөг. Харин дээрх мэт амь нас хохирсон тохиолдолд л нийтэд мэдэгдэж хэсэг хугацаанд шуугиад өнгөрдөг ийм харамсалтай жишиг тогтчихоод байгааг холбогдох хүмүүс хэлж байлаа.

Энэ оны аравдугаар сарын 1-31 ний хооронд л гэхэд нохойд уруулсан шархтай 165 хүн ГССҮТ-д ханджээ.

    Нохойгоо уяагүй, өөрийн нохойдоо хараа хяналт  тавиагүй, дэл  сул орхисноос  үүдэн нохой нь  хүн урах цаашлаад эрүүл мэндэд нөхөж баршгүй гарз хохирол учруулах, амь насанд нь халдсан тохиолдолд нохойн эздэд ямар  арга хэмжээ  авах  талаар  эрүүгийн  хуулинд  дараах байдлаар зүйлчилсэн байдаг. Үүнд: Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ. Тиймээс зуумхай нохойгоо хямгадаагүйгээс болж, хэрэгтэн болох магадлалтайг иргэд анхаарах нь зүйтэй юм. Мөн нохой тэжээдэг бол хариуцлагатай байж, байнгын хараа хяналттай байхыг иргэд бие биенээсээ шаардаж байх нь зүйтэй. Эс тэгвээс “нохой хүний найз” гэх үг эсэргээрээ болж нохойноос болж нэг насаараа хохирч үлдэх иргэд олшрох буй заа. . Энгийн л зүйл мэт болов ч маш олон хүнийг айдаст автуулж, тал бүрээс нохойн дуу цочроох харанхуй гудамжнаас бид сэтгэл дундуур гарч одов.

Л.Энхцэцэг



СЭТГЭГДЭЛ БИЧИХ