Оюунлаг ирээдүйг хүсдэг ч Оюутан залуусаа дэмждэггүй “Төр”

Манай улс нийт 86546 оюутан залуустай. Энэ улсын ирээдүйг авч явах хүмүүс бол яах аргагүй тэд. Гэтэл ирээдүй болсон оюутан залуустаа бид хэр анхаарал тавьдаг вэ? Манай томчууд сонгууль болохоор л чихэр шиг сайхан амлалт өгдөг. Гэтэл тэр амлалт нь хөрсөн дээр бууж хэрэгждэг үү? гэвэл үгүй.
Одоогоос 10 жилийн өмнө л гэхэд оюутнууд үнэмлэхээ үзүүлээд автобусаар хязгааргүй зорчдог байсан. Дараа нь сард 44 удаа зорчдог болсон. Энэ нь нэг сарын автобусны зардалд яг л таардаг байв. Жил ирэх тусам хэдэн оюутнуудаасаа автобусанд зорчих эрхийг нь харамлаж байгаа юм шиг л сард ердөө 22 удаал зорчих эрхтэй болгосон. Тэр ч бүү хэл 2015 оны хоёрдугаар улирлаас эхлээд оюутны тэтгэмж 70 мянган төгрөгийг нь хүртэл өгөхөө больчихсон. Өнгөрсөн оноос эхлээд эрүүл мэндийн даатгалыг ч оюутан өөрөө төлөх хэрэгтэй болсон гээд сургалтын төлбөрөөс гадна тэдэнд санаа зовох асуудал нь нэмэгдсээр. Ингээд л амьдрах байр, хоол хүнс, автобус унааны мөнгөө залгуулахын тулд хичээлийн хажуугаар ажил хийнэ. Үүнийг дагаад тухайн оюутны сурах идэвх муудна, бүр цаашлаад сургуулиас гарах шийдвэрт хүрдэг байна.
Аливаа улс орны хөгжлийн эхлэл нь чадварлаг боловсон хүчин байдаг. Өндөр хөгжилтэй орнууд бол оюутан сурагчдынхаа суралцах нөхцөл боломжийг бүрэн хангаж, тэдэнд зөвхөн сурлагадаа л бүх анхаарлаа төвлөрүүлэх боломжийг нь бий болгож өгдөг. Энэ л асуудлаас болж ид хийж бүтээх насны залуус эх орондоо суралцахаас илүү гадаадын орон руу уралдацгаадаг нь үнэн. Оюутанд тулгамдаж буй асуудал ингээд дуусчихсан уу? гэвэл үгүй. Курс ахих тусам сургалтын төлбөр 500-600 мянган төгрөгөөр нэмэгдсэн байдаг гэж зарим оюутнууд хэлж байна. Хоёр саяас эхэлсэн сургалтын төлбөр дөрвөн жилийн дараа гэхэд л дөрвөн сая болсон байх жишээтэй.
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 101 их, дээд сургууль, коллеж байдаг. Энэ дотроо төрийн өмчийн 16 сургууль, хувийн хэвшлийн 80 сургууль болон коллежууд багтдаг. Жил бүр их дээд сургуульд 40-50 мянган хүүхэд шинээр элсдэг бөгөөд Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулиуд элсэгчдийн тоогоороо дээгүүрт бичигддэг. Гэвч өнгөрсөн хичээлийн жилд элсэгч оюутнуудын тоо 40%-аар буурсан гэсэн баримт байна. Үүний шалтгааныг төлбөрийн дарамт, оюутны сурах орчин нөхцөлтэй шууд хамааралтай гэж иргэд үзэж байна.
Өмнө жилүүдээ бодвол ганц дээшилсэн зүйл нь улсын их дээд сургуулиудын номын сангийн тохижилт. Жижигхэн номын санд чихэлдэж, хичээлээ давтдаг байсан цаг ард хоцорсон нь сайшаалтай. Оюутнуудаа ч нийтийн тээврээр чөлөөтэй үйлчлүүлж чадахгүй байгаа төртэй, дэлхий нь жишигт нийцсэн номын сан гэж ярьвал хэтэрхий шуналдсан болох биз. Улс эх орны санхүү хямралтай байгааг хэн хүнгүй л мэднэ. Гэхдээ нийгмийн халамж, жижиг дунд үйлдвэрлэл, элдэв бусын төсөл, бүр цаашлаад дарга нарын шаардлагагүй урсгах мөнгөний зардал гээд эдгээрээс хямрал гэж танасан нэг ч төгрөг байхгүй. Уг нь хэмнье гэвэл өөр хэмнэлт хийх зөндөө л зүйл байгаа. Гэтэл яагаад 4 жил бүр цаашлаад 6 жил сурах төлбөрөө төлөөд, мэргэжил боловсролтой болох гэж эцэг эхийнхээ халаасан дахь хэдийг нь хоослон байж сурч байгаа оюутнуудаа хүндхэн байдалд оруулаад байна вэ?
Яг энэ асуудлаар оюутан залуусын төлөөллөөс санал хүсэлтийг нь сонсоход ШУТИС-ийн 3-р дамжааны оюутан Б.Лхагварагчаа “Би намар хөдөөнөөс ирээд нийтийн байранд амьдардаг. Оюутны байранд орох гэж хөөцөлдөөд орж чаддаггүй. Энэ байр өвөлдөө хүйтэн, жижигхэн, зөөврийн устай, мэдээж хямд байр учраас хотын төвөөс хол, үүнээсээ болоод автобус унааны мөнгө гээд асуудал их байна. Уг нь автобусны карт байгаа л даа гэхдээ сард 22 удаа л явах эрхтэй болохоор 10 өдөр яваад л дуусчихдаг. Ингээд үлдсэн хоногуудын мөнгийг өөрөө төлөх хэрэгтэй болж байгаа юм. Тэглээ гээд сурахаа болих биш амьдраад л байна. Жил ирэх тусам төлбөр нэмэгдсээр байгаа. Энэ жил яах бол нэмэгдээгүй байгаасай гээд ээжтэйгээ ярьж сууна. Ээж минь ганц хүүгээ мэргэжилтэй болгоно гээд л өдөр шөнөгүй зүтгэдэг. Тэглээ гээд хэдхэн төгрөгийн цалин хаанаа ч хүрэхгүй болохоор хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг. Багш нар ажлын хажуугаар сураад байгаа юм уу гээд уурладаг л юм. Өөр яах ч билээ. Сурах орчин нөхцөл биш юм гэхэд, сургалтын төлбөр дээр л уян хатан байдаг бол сайнсан. Бид ч яахав ирэх жил төгсчихдөг юм байж. Дүү нар минь л яана даа” хэмээн ярив.
Оюутны өмнө тулгамдаж буй асуудал үүгээр дуусаагүйг дараах асуултууд харуулах байх.
-Хот хөдөөд байрлах төрийн болон хувийн өмчийн сургуулийг үл хамааран сургуулийн орчин, дотуур байрны хүртээмжийг хэзээ сайжруулах вэ?
-Оюутны цайны газар, үйлчилгээний төвийг сонгон шалгаруулахдаа үйлчилгээний соёл, чанартай эрүүл хүнс, боломжийн үнэ, тохилог орчин бүрдүүлэхдээ хэзээнээс эхлэн оюутны дуу хоолойг сонсох вэ?
-Сургалтын төлбөрийн өсөлт, зарцуулалт оюутнуудад хэзээ ил тод болох вэ?
-Хэдэн ч жил сураад үр дүнгээ өгөхгүй байгаа Англи хэлний боловсролын системийг хэдхэн хоногийн сургалтын төвийн чанараас илүү үр дүнтэй аргачлал, тогтолцоогоор хэзээ солих вэ?
-Хичээлээс гадуурх оюутныг хөгжүүлэх болон сайн дурын оролцоог хэзээ үнэлдэг болох вэ?
-Мэргэжлийн ур чадвараа ахиулах нөхцөл хэзээ бүрдэх вэ?
-Оюутны гэх тодотголтой газарт хяналт тавьж, эрх ашгаа хамгаалах, чөлөөт цагаараа ном уншиж, интернетэд холбогдож, чөлөөт арга хэмжээ зохион байгуулах боломжийг хэзээ олгох вэ? гэх мэт тоочоод байвал дуусахгүй. Хэрвээ сурах боломжоор нь бүрэн хангаад өгчихвөл оюутнуудын үүрэг хариуцлага илүү нэмэгдэх биш гэж үү. Мэдээж хүн суръя гэсэн хүсэл байвал ямар ч нөхцөлд сурч болно. Сурах ямар ч сонирхолгүй ч дипломын төлөө сурч байгаа оюутан ч цөөнгүй байх. Гэхдээ хүсэл мөрөөдлөөр дүүрэн сурах их хүсэлд хөтлөгдсөн залуус түүнээс ч олон гэдэгт итгэлтэй байна. Хонгилын үзүүрт асах тэр жоохон гэрлийг нь илүү гэрэлтэх боломжийг нь хэзээ нээж өгөх юм бол доо төрийн түшээд боловсролын сайд минь. Бусад нь биш юм гэхэд автобусанд зорчих эрхийг л хязгааргүй болгоод өгчихвөл хэрэгтэй юм даа гэх оюутан залуусынхаа сэтгэл дундуур хэлэх үгийг сонсоод дэмий л бодлогоширон суун.
Бид залуу үеэ болохгүй байна, чадахгүй байна гэж зэмлэхээсээ өмнө тэдэнд хөгжих боломжийг нь нээж өгөх нь чухал юм. Ингэж байж л хүсээд байгаа 21-р зууны оюунлаг иргэн бий болох биш гэж үү.
Л.Энхцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ