Өмгөөлөгчид: Хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Тэдний Шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.08.15/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Хуралд оролцогчид өдөр цайны завсарлага авсан. Энэ үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгч болон хохирогч Б.Булган зэрэг оролцогч талууд шүүхийн танхимаас гарч явсан. Энэ үеэр шүүгдэгч есөн хүний нэг нүүрээ халхалж гарч ирсэн бөгөөд хэвлэлийнхэн мэдээлэл авахаар түүнээс асуулт асуусан ч хариулт өгөлгүй нүүр буруулсан юм.
Шүүгдэгч Б.Хурц, С.Баяр нарын өмгөөлөгч Г.Батбаяр шүүх хурлын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Шүүх хурал ойролцоогоор 70 хувьтай явж байна. Оролцогч талуудын хэлэлцүүлэг дуусах шатандаа орсон. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна. Мөрдөн шалгалтын явцад маш олон зүйл дутуу хийгдсэн байгаа. Шүүгдэгч нарын эрхийг харилцан адилгүй зөрчсөн байна. Хуульд заасан нийтлэг эрх нь зөрчигдсөн. Шүүх хурал өнөөдөртөө дуусахгүй. Маргааш дуусч магадгүй” гэлээ.
Шүүх хурал хаалттай үргэлжилж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ