УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Б.Хурцын талд 17 өмгөөлөгч ажиллаж байгаа

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Энэ хэргийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Төв аймагт болж буй Б.Хурцыг шүүх,шүүх хурал драмын эмгэнэлт, бас хошин жүжгийн талаар та бүхэнд мэдээлэл өгөхийг хүслээ. Монголын ард түмэн тав хоног Монголын гэм зэмгүй иргэнийг яргалсан хэргийг Монгол улсын шүүх яаж шийдэхийг хүлээлээ. Ямар ч үр дүн гарсангүй. Монголын шүүх Б.Хурцын асуудал дээр тав хоног гацлаа. Яагаад Төв аймгийн шүүх гацаанд орчхов. Энэ шүүх хурал дээр шүүгдэж байгаа есөн этгээд эрүүгийн хуулийн 21 -ийн 12, 13-р зүйлээр яллагдагчаар татагдсан. Уг хуульд “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн ийм заалт байгаа. Б.Хурц гэдэг этгээд Амгаланбаатар гэдэг ялтныг, ШШГБ-ын ажилтнуудыг Содномдаржаа, Чимгээ нарын өрөөнд оруулж яаж тамлуулсныг ард түмэн харсан. Одоо Б.Хурц гэх энэ этгээд эрүүгийн хуулийн дээрх зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээх ёстой байх. Б.Хурц юу хэлж байна гэхлээр хуучин хуулийг хэрэглэе гэдэг заль гаргаж байгаа юм. Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд Б.Хурц нарын есөн этгээдийг эрүүгийн хуулийн 12, 13-р зүйлд заасны дагуу зохих шийтгэлээ хүлээх ёстой. Энэ хуулиас ямар нэг байдлаар зугтаж гарах боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Төв аймгийн шүүх эрүүдэн шүүсэн хүмүүсийг хэргээс чөлөөлж, эрүү шүүлтэд орсон хүмүүсийг буруутгах чиглэлийн бодлого явуулж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсээр байгаа. Шүүх хурал тэнцвэргүй болж байна. Чөлөөтэй мэтгэлцэх зарчим хангагдахгүй байгааг ч бид мэдэж байгаа. Содномдаржаа, Чимгээ нар дээр гуравхан өмгөөлөгч ажилж байна. Харин Б.Хурцын талд 17 өмгөөлөгч ажиллаж байгаа юм. Шүүх хурлыг толгойлж буй нөхөр Ц.Элбэгдоржийн хамаатан шахуу хүн. Төв аймгийн шүүх хэний талд шийдвэр гаргахыг харах л үлдлээ" гэв.
Л.Энхцэцэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ