Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аюулгүй орчин чухал байна

    Хэний ч оролцоо тусламжгүйгээр нийгмийн харилцаанд оролцох, хүссэн газраа очих, ажил хөдөлмөр эрхлэх хүсэл тэмүүлэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт бий. Тэдэнд их хотын амьдралд хөл нийлүүлэн алхах цээж дүүрэн хүсэл ч байгаа. Гэвч бодсон шиг нь  хэний ч оролцоо тусламжгүйгээр нийгмийн харилцаанд орох боломж бололцоо манай нийгэмд хангалтай хэмжээнд бүрдэж чадаагүйг хэн хүнгүй л мэдэх биз.. Судалгаагаар Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн 42 хувь нь ядуу амьдарч, 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвхөн 28 хувь нь хөдөлмөр эрхэлж, 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43 хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй байна.Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг дэд бүтцийн стандартыг мөрдөж, хэрэгжүүлэх нь нэн чухал асуудал юм.

хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн стандарт зурган илэрцүүд

Өнгөрсөн оны статистик мэдээнээс харвал манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 105730 иргэн амьдардаг гэсэн тоо баримт байдаг аж.  Гэтэл тэд нийгмийн буруу хандлага, иргэдийн ойлголт мэдлэг дутуугийн улмаас ялгаварлан гадуурхалтад өртөх мөн дэд бүтцийн стандартыг мөрдөөгүйн улмаас эрх зүйн зөрчилд өртсөөр байдаг. Дэд бүтцийн стандарт, хүртээмж гэдэг зүйлийг мөрдөж хэрэгжүүлэхийн тулд бид эхлээд хөгжлийн бэрхшээл гэж чухам юу болохыг ойлгож ухаарах хэрэгтэй. Ингэснээр дэд бүтцийн стандартыг жинхэнэ утгаар нь мөрдөж чадах юм. Тэгвэл хөгжлийн бэрхшээл гэж чухам юу вэ? Замд тааралдсан арван хүний ес нь тэднийг өрөвдсөн харцаар хардаг бол яг үнэндээ тэд тэргэнцэрт суусан л болохоос биднээс ялгарах зүйл огт үгүй. Чанартай, сайн тэргэнцэртэй  байх юм бол нийгмийн харилцаанд тэгш оролцож чадна. Харин юу тэднийг жинхэнэ хөгжлийн бэрхшээлтэй болгодог бол?

Нас дөч дөхөж яваа нэгэн тэргэнцэртэй эр ийн өгүүлсэн юм. Тэрбээр “Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харахдаа тахир дутуу, хараагүй, сонсголгүй гэсэн үүднээс өрөвдөж хардаг. Энэ бол зүгээр л бие эрхтэний бэрхшээл. Бид нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцохын тулд таяг, тэргэнцэр гэх мэт тохирох хэрэглүүр ашигладаг. Уг хэрэглүүрээр нийгмийн харилцаанд аюулгүй оролцох орчин нөхцлийг бодитоор бүрдүүлэхэд дэд бүтцийн стандарт хамгийн чухал гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч тэргэнцрийн зам, налуу байх зэргийг стандартад нийцүүлээгүйн улмаас л бид жинхэнэ хөгжлийн бэрхшээлтэй болж хувирдаг” гэв.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц, түүн дотроо зам, барилгын стандарт мөрдөгдөхгүй байгаагаас үүдэж тэд хэн нэгнээс байнга дэмжлэг авч, нэг хүний хараат байх шаардлагатай тулгардаг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах, сурч боловсрох эрхийг хязгаарлахаас гадна нийгмээс тусгаарлах сөрөг хандлагыг бий болгодог. Нийгмийн халамжаараа дэлхийд гуравт ордог Япон улсын жишгээс суралцаад ч нэмэр болсонгүй. Зөвхөн хуулийн цагаан цаасан дээр л тэд тэгш эрхтэй байдаг байна. Харин хэрэгжилтэн дээр гацчихаад байдаг нь гол асуудал болоод байгаа юм. Хуулийн зүйл заалтаар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг бүрэн хангасан, эрх зүйн зөрчлийг тэдэнд ашигтайгаар шийдвэрлэхээр заасан. Зөвхөн хуулийн бичигт л тэгш эрхтэй мэт харагддаг гэхэд хэлсдэхгүй. Үүний нэгэн тод томруун жишээ нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замтай холбоотой асуудал юм. Ямар ч байгууллага үүнийг стандартын дагуу шийдэж өгөөгүйн том асуудал болоод байгаа аж.

Тэгвэл цаасан дээр хуучирч буй дэд бүтцийн асуудлыг амьдрал дээр хэрэгжүүлэх цаг нь хэдийн ирчхээд байгааг Улаанбаатар хотын гудмаар айдастайхан явах бидний цөөнхөөс харж болох буй заа.

У.Пүрэвсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ