Д.Ган-Очир: Цахим ертөнцөд бид хоёрыг янз бүрээр бичээд байдаг нэг нөхөр бий л дээ

Өнөөгийн Монголын дууны яруу найргийн гол төлөөлөгчдийн нэг Д.Ган-Очиртой ярилцлаа. Шүлгийн “Зүүдний зураг” (2002), “Цаг хугацааг нэрэхүй” (2006), “Бие галбирлаг сарны доор...” (2008), “Сүүлчийн гэж дурласаар байтал...”(2009), “Урин...”(2012), “Үүлсийн галбир” (2013), “Бясалгагч шүүдэр” (2015, 2017), “Сэтгэлийн реализм” (2017) түүврээ тэрбээр олны хүртээл болгоод байгаа юм.
-Сүүлийн үед зарим судлаач “Эрээнцавын дэг” гэж бичих болж. Энэ талаар ярилцлагаа эхэлье...
-Энэ тухай ярихаас өмнө анх хэн ингэж хэлсэн талаар ярьсан нь дээр болов уу. Одоогоос 26 жилийн тэртээ буюу 1993 онд яруу найраагч Данзангийн Нямсүрэн ахынх руу манай Дорнодын яруу найрагч Бямбасүрэн, Содномнамжил бид гурав очихоор “Улаанбаатар-Баянтүмэн” өртөөнөөс Эрээнцав орох галт тэргэнд суусан юм. Тэгэхэд замдаа Со ламын маань “Хэнтийн яруу найргийн школ” гэж байхад яагаад “Эрээнцавын яруу найргийн школ” гэж байж болдоггүй юм бэ?” гэж ярьж байсан нь санаанд одоо ч тод байна. Харин хэдэн жилийн өмнө шүүмжлэгч, судлаач, доктор Батсуурь “Эрээнцавын дэг ба Д.Ган-Очирын яруу найраг” нэртэй үгүүлэл бичсэн. Ер нь “Эрээнцавын эвдрээгүй найрагч” хэмээн алдаршсан их найрагч Нямсүрэнгийн яруу найргийн хэмнэл, айзам, үг, мөр шүлэгт автсан эсвэл шүтэн бишрэгч залуус олон арваараа өнөөдөр өөрөө ч мэдэлгүйгээр багшийн маань нөлөөнд орчихсон бичиж байгааг би анхааралтай ажиглаж байна. Харин миний хувьд өөрөөсөө, багшаасаа зугтаж бичих гэж 25 жил оролдож байна гэх үү дээ (инээв).
-Ингэхэд та хоёр хэзээ яаж танилцаж, багш шавь бололцсон юм бэ?
-Дорнод аймгийн утга зохиолын нэгдлийн дэргэд залуу зохиолчид, яруу найрагчдыг дэмждэг дугуйланг Төртайван ах хичээллүүлдэг байлаа. Би тэнд очиж, шүлгээ уншиж зөвлөгөө авна, үеийнхнийхээ шүлэг, найргийг сонсоно. Дугуйлан маань хоёр долоо хоногт нэг удаа хичээллэнэ. Тэрнийгээ ёстой тэсэн ядан хүлээнэ дээ. Гэтэл нэг өдөр Төртайван ах “Аймгийн утга зохиолын нэгдлээс “Найргийн даага” нэртэй яруу найргийн наадам зохион байгуулах гэж байгаа юм байна. Та нар бүгдээрээ шинэ сайн шүлэг бичиж оролцоно шүү” гэдэг юм. Ингээд миний шүлгийг Төртайван ах засаж янзлан, бичгийн машинаар цохиод өглөө. “Найргийн даага” наадам Чойбалсан хотын төвд орших тухайн үеийн Хөдөө аж ахуйн ТМС-ийн хурлын зааланд болов. Хэдэн шүүгч, заал дүүрэн үзэгч. Би ч шүлгээ уншаад л нэг, хоёр даваад байсан санагдана. Тэгээд дүн гарахад тусгай байр эзэлчихлээ. Наадмын дараа нутгийн найрагч, зохиолч ах нарыг дагаад нэгэн уушийн газар ортол ерөнхий шүүгч хийсэн урт үстэй, хүрэн хүрэмтэй ах “Чи Даваасүрэнгийн хүү гэл үү? Манай Эрээнцавын хүү байна. Их ч өсөх нь дээ, үнэрлэе” гээд бөөн юм болж байна. Ах нарын яриаг сонсч, хоёр шүлэг уншчихаад долдугаар ангийн хүүхэд би харьсан санагдана. Ингэж анх тэрэнтэй яруу найрагчийн хувиар танилцаж билээ. Их хөгжилтэй, тусгай байрын шагналаасаа ах нарт пиво авч өгөх гэж мөнгөө сарвайсан чинь бүгдээрээ өхөөрдөж инээлдээд “Гэртээ аваад хариа. Аав ээжээ баярлуул” гэж сүйд болж байсан юм. Одоо дурсахад сайхан байна.
-“Сэтгэлийн реализм” номоо Д.Нямсүрэн гуайд зориулсан гэл үү?
-Тэгсээн. 1991 онд багшийн маань “Сэтгэлийн байгаль” нэртэй яруу найргийн түүвэр хэвлэгдсэн нь Монголын уран зохиолд багагүй шуугиан тарьсан юм. Энэ номоор дамжуулж Дашбалбар ах төвийн нэг томоохон сонинд 1991 оны аравдугаар сарын 23-нд “Сэтгэлийн байгаль” буюу Данзангийн Нямсүрэн” нэртэй нийтлэл хэвлүүлсэн нь залуучууд бидний хувьд асар том тэсрэлт авчирсан гэхэд болно. Энэ улбаа, гялбааг үргэлжлүүлэн хийж чадах цор ганц зүйл маань яруу найраг, утга, уран зохиолдахь өв уламжлал байх ёстой болов уу гэж бодсондоо 2017 онд “Сэтгэлийн реализм” нэртэй яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Адилтган дуурайх бус шүлэг, мөр, бадгаараа унаган Эрээнцаваа бичиж үлдээх нь чухал хэмээн сэтгэж, номынх нь нэрийг одоо цагт уламжлуулан бодож олсон хэрэг л дээ. Харин “Сэтгэлийн реализм” нэр дээр минь яруу найрагч, СГЗ Оюун эгч зэрэг хүн шүүмжлэлтэй хандаж байсан.
-Ер нь бие биедээ зориулж бичсэн шүлэг багш шавь хоёрт хэр олон байдаг вэ?
-Өө байлгүй яах вэ. Д.Нямсүрэн багш маань надад зориулж
“Хурмастын үүлэн чөлөөнөөс наран гарах нь
Хуурамч юм шүү, цэцэгс минь битгий инээмсэглэ
Хумисан далиа намар оройн цаг дор бүү задал
Хугарч нугарч, хөөрхий Цанцэцэг минь салхинд үхсэн...” гэж бичсэний далд санааг би мэднэ л дээ. Гэхдээ одоо хэлэх цаг нь биш. Хожмын хожмоо би тайлан бичиж үлдээнэ. Харин би багшийгаа бурхан болсоны дараа “Яруусахуйн зүг” шүлгээ зориулж бичсэн.
“Өвс нь Нямсүрэн буюу
Үүлс нь Нямсүрэн буюу
Өндөр тогоруу нь ч Нямсүрэн буюу
Өнөө маргааш нь ч Нямсүрэн буюу...” гээд нэлээн урт, өргөлийн дуулал шүлэг бий.
-Ингэхэд анхны шүлэг чинь гэвэл...
-Хоёрдугаар ангиа төгсөөд “Улс” пионерийн зусланд амарлаа. Тэнд шүлгийн тэмцээн болоход “...Олон сайхан дуу сурлаа
Онцын сайхан бүжиг сурлаа...” гэсэн мөрүүдтэй “Гацуурхан” гэдэг шүлэг бичсэн маань санаанаас ер гардаггүй юм. Тэр л миний анхны шүлэг дээ.
-Таныг уран зохиолд, тэр тусмаа яруу найрагт эргэлт буцалтгүйгээр хамгийн их нөлөөлсөн хүн...
-Тэр үеийн Чойбалсан хотын нэгдүгээр 10 жилийн сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Даваасүрэн, Батдэлгэр, Одсүрэн гээд заагаад, чиглүүлээд өгсөн ачит багш нар. Харин яг чиНямсүрэн рүү очих ёстой гэж хөтлөөд явсан хүн бол Далхаагийн Батдэлгэр багш минь юм.
-Яруу найргийн анхны багшийнхаа талаар ярихгүй юу... Хэн хэнийг багшаа гэж үздэг вэ?
-Манай утга зохиолд хамгийн олон хүнийг багшаа гэж үздэг хүн бол Ламжавын Мягмарсүрэн юм. Миний хувьд тийм олон багш байхгүй ээ. Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Н.Содномнамжил, Ж.Болд-Эрдэнэ, О.Бат-Орших, Ш.Уянга ах нарыг л хэлнэ дээ. Хэн хэн нь өөрийн цартай, дуулалтай, эрчтэй, эрчимтэй хүмүүс байсан.
-Монголын 1990-ээд оны яруу найргийн гол төлөөлөгчид болох нутгийн ах Содномнамжил, Бат-Орших нарынхаа талаар дурсаач...
-Хоёуланд нь төрсөн ах шигээ хайртай байлаа. Хоёулаа л надаас явлаа. Энэлж гансран үлдсэн ч тэр хоёрыгоо хорвоог орхисонтой эвлэрсэн. Өнгөрснийх нь дараа хоёр дурсамж хөрөг бичиж “Яруусахүйн зүг” номондоо оруулсан. Хожим нутгийн найрагч дүү Мөнхсайхан “Дорнод” сонин дээр нийтэлж байна билээ. Бид өнгөрснийг, тэр дундаа үзэг нэгт ахан дүүсээ, анх нөхдөө дурсах ёстой. Энийг би агуу Жигжидсүрэнгийн Нэргүй ахаасаа сурсан юм шүү.
-Нэг үеэ бодвол яруу найргийн наадмууд олширч. Харин та тэдгээрт шүлгээ уншиж харагдахгүй юм. Хамгийн сүүлд ноднингийн “Болор цом”-д оролцсон санагдана...
-Урлаг, утга зохиолын баяр наадам, цэнгэл, ардын өв уламжлал явдаг журам голидорлоороо явж дараа үеэ төрүүлдэг жамтай. Ийм ч үүднээс яруу найргийн баяр наадмыг би үгүйсгэдэггүй. Зохиолч уншигчдын, шинэ залуусын урам дэмийн баяр гэж ойлгодог. Хэн түрүүлж, хэн сүүлдэх нь үнэндээ надад сонин биш. Найз Г.Мөнхцэцэгээ хүндэтгээд, дээр нь зүрхний нандин хайрт ах, яруу найрагч, сэтгүүлч Баярцэнгэлээ дурсан санаж Говьсүмбэрт зохиогдсон “Болор цом-2019”-д орж, тэр нутгийн тэнгэр дор уйлан хайлан шүлгээ уншсан. Утга, уран зохиол, бие биеэ хүндэтгэх ариун ёсоо дээдлэн, шүлгээ дуудсанд олон хүн баярлаж байсан шүү. Говьсүмбэр, жанжин Чойрын нутагт хийморь лундаагаа сэргээж сайхан наадсан.
-Ямар шагнал авлаа?
-Эх оронч яруу найрагчийн шагналыг “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт надад гардуулсан. Төрийн далбаа, өргөмжлөл, тэгээд мөнгөн шагнал.
-Мөнгөө юунд зарцуулав?
-Энэ тийм чухал уу?
-Тэгэлгүй яах вэ.
-Талыг нь үзэг нэгт ахан дүүс болон замын зардалдаа зарцуулж, үлдсэнийг нь “Монголчууд” сэтгүүлийнхээ хэвлэлтийн зарцуулалтад нэмэрлэсэн шүү. Одоо болох уу, тайлан?
-“Болор цом”-ын нэр хүндийг Б.Баттулга өргөлөө гээд л хэсэг шуугьсан...
-Яруу найрагч Базарсадын Баттулга хамгийн сүүлийн “Болор цом”-ыг гардан авахад би хажууд нь байв шүү дээ. Яруу найргийн хамгийн том наадмын нэр хүнд урьд нь унасан гэж дуулаагүй ээ. Анх санаачилсан хүн нь Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуай. Өөрөө санаачлаад, өөрөө анхны түрүүгээ авахад ард түмэн ихэд магтсан. Тэр цагаас хойш энэ наадмын нэр хүнд унасан гэж би бодохгүй байна. Харин МЗЭ-ийн хорооны үе үеийн удирдлагууд зөв, сайхан зохион байгуулах гэж хэрэндээ хичээж буйг л харж явлаа. Би ч чадлаараа туслаж дэмжиж байсан л даа. Манайханд шүүмжлэх гэсэн хүн хуруу дарам цөөхөн байсан бол одоо хэдэн оронтой тоогоор тоолохуйц болон олширч. Энэ бол далд хар бодлого. Үндэстний минь хэл, соёл, урлаг, утга зохиол руу хэтийдсэн БИ-гийн дэмийрлээр дайрч давшлагсад олон болж. Жинхэнэ яруу найрагчид тэр үед сайхан бүсгүй, сайхан дарс бодож суудаг гэвэл чи итгэх үү?
-Оюутан байхдаа та “Болор цом”-ын тусгай байрын шагнал хүртэж байсан. Ямар шүлэг уншлаа?
-1994 оны “Болор цом” Соёлын төв өргөөний тайзнаа болоход азаар орж, бай шагнал авсан даа. Миний сайных юм уу залуу насны цог жавхаа нөлөөлсөн үү, тэр үеийн шүүгчид л мэдэх байх. Ямартай ч “Ээжийгээ санахуй” бас “Амрагаа үгүйлэхүй-1,2,3” гээд цуврал шүлэг уншиж, тусгай байр эзэлсэн санагдана. Нэг л мэдэхэд 25 жил ард үлдэж дээ.
-Тээр жилийн “Болор цом” Дорнодод болоход гурван шүүгчийн нэг нь та байсан...
-“Эрээнцавын эвдрээгүй найрагч” Нямсүрэнгийн 70 насны ой тохиож байсан болохоор 2016 оны “Болор цом” наадмыг зохион байгуулах эрхийг Дорнод аймагт өгсөн юм шүү дээ. Аймгийн ИТХ, ЗДТГ, Чойбалсан хотын ДТГ, “Дорнод гурил” компани гээд бүгд л эрвийх дэрвийхээрээ оролцож, сайхан зохион байгуулсан. Очиж үзсэн хүн болгон манай аймаг, орон нутаг, зохион байгуулалтыг магтаж байсан цаг саяхан мэт.
-Модернист яруу найрагч Б.Галсансүх та хоёрыг шүүгч хийхдээ авлига авч хүн түрүүлүүлсэн гэсэн яриа гарсан...
-(учиргүй инээв) Цахим ертөнц чинь ардчиллын буянаар юу дуртайгаа бурах эрх чөлөөг олгосон л доо. Үнэнийг хэлэхэд тэр түрүүлсэн залууг би сайн танихгүй ээ. Сураг дуулж, “Болор цом”-ын эзэн болчихоод сонинд өгсөн ярилцлагыг нь уншсан чинь их л өрөвдөлтэй амьдрал туулж яваа дайчин, сайн залуу юм билээ. Баруун-Урт хотын уурын зууханд ажиллахаас эхлээд олон зүйл туулж үзсэн залуу гэж уншсан. Тийм залуу бидэнд мөнгө өгөөд, тэрнийг нь бид авч баяжаад л байх уу даа. Шүүмжлээд цахим зорилтот шугам дээр юм бичээд байгаа нэг хүн бий л дээ. Ер нь уран зохиол гэдэг, хүн бүхэнд таалагддаг ам.доллар биш гэдгийг чи надаар хэлүүлэлтгүй мэдэхтэйгээ байлгүй. Нэг “Болор цом” болно, маргааш сонин хэвлэл, цахим ертөнц дээр шүүмж, шүлс холилдчихсон л явдаг юм.
-“Болор цом”-д цаашдаа оролцох уу?
-Идэр залуу насанд олон түмэнд танигдан, шүлгээ уншиж явсан наадмаа хүндэтгээд оролцож байхаар шийдсэн. Зав зай, цаг хугацаа таарвал уншаад л явна. Надад түрүүлэх, бай шагналаас нь илүүтэй энэ наадмыг монголчуудын оюун санаа, цэцэн цэлмэг ой ухаан, гэрэл гэгээ, эх хэлний уран яруу сайхны наадам гэдгээр нь хүндэтгэж явдаг болохоос хөшигний ард агсам тавьж, маргааш нь сонинд нүүр дүүрэн ярилцлага өгч гомдоод, эсвэл хардаж сэрдэн “Аав минь, ах минь уначихлаа” гэж сэтгэгдэл бичээд суудаг жижиг ой санамжтай хүмүүсийн ухвар баяр цэнгэл биш гэдгийг энэ далимд хэлье.
-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ?
-Сайхан асуулт байна. Хэд хоногийн өмнө “Яруусайхуйн зүг” номынхоо хоёр дахь цуврал “Бодролын зүг”-ээ уншигчиддаа өргөн барилаа. Номын маань нээлт ч сайхан болсон. Бас хөгжмийн зохиолч нар, дуучидтайгаа хамтраад уянгын гоё дуунууд хийж байна.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ