Бурхны бэлгийг "Алдаа" гэж буцаасаар байх уу

  Хүн болж төрөхийг атга арвайг асгахад зүүний үзүүр дээр тогтсон ганц арвайтай адил тийм л ховор хувь заяа гэдэг. Гэтэл хүний орчлонгийн хэдэн тэрбум хүнээс зөвхөн танд л хайрлагдах гэж , зөвхөн таны энгэрт л эрхлэх гэж ирсэн тэр бяцхан зүрхний амийг юунд халуунаар нь тасалж, заяаг нь гомдооно вэ.  Эмэгтэй хүн энэ хорвоо дээр ээж л болох гэж төрдөг биш үү. Орчлонгийн хамгийн агуу бурхан ээж гэдэг.  Харин бидний амьдарч буй энэ нийгэмд “ээж” гэх нэрнээс, бас тэр алдрайхан бяцхан үрээс юунд ингэж олноороо татгалзах болов. Хамгийн эмгэнэлтэй нь ЕБС-ийн сурагчид хүртэл аборт хийлгэж буй явдал юм. Тэд яагаад, чухам юунаас болж аборт гэх замыг сонгох болов. Хувь хүний ухамсар уу? аль эсвэл эцэг эхийн хараа хяналт муугийн улмаас тэр үү? 

Жирэмслэлтийг зориудаар таслан зогсоох үйлдлийг үр хөндөлт гэдэг. Жирэмсний эхний арван хоёр долоон хоног буюу 84 хоногийн дотор эмэгтэйн өөрийн хүсэлтээр хийхийг хуулиар хүлээн зөвшөөрдөг. Харин 13-23 долоон хоногтой буюу эхийн хэвлийд бүрэлдээд 91-161 хонож буй урагт хийх үр хөндөлтийг хожуу үр хөндөлт хэмээдэг ба зөвхөн эмчийн магадлагаа, зөвшөөрлөөр хийдэг.  Харин хожуу үеийн үр хөндөлт хийхэд тухайн жирэмслэлт нь эхийн амь нас, эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсоноор хийлгэдэг  аж.  Харин 18 хүртэлх насны охид, 40-өөс дээш насны эмэгтэй болон цусан төрөл ойртсон нь нотлогдвол мөн хүчиндүүлсний улмаас жирэмсэлсэн тохиолдолд л үр хөндөлт хийх ёстой аж. 

Гэвч манай улсад “хүсээгүй” гэх шалтгаанаар дээр заасан хугацаанаас ч илүү тээлттэй урагт үр хөндөлт хийсээр байна. Тэр ч бүү хэл эмчийн магадлагаа, зөвшөөрөлгүйгээр мөн нас харгалзахгүйгээр хэн хүссэн нь аборт хийлгэх явдал нүднээс далдуур олширсоор байгаа юм. Судалгаагаар 1960 оноос хойш дэлхий дахинд үр хөндөлтийн улмаас амиа алдсан хүүхдийн тоо Дэлхийн 2-р дайнд амь үрэгдсэн хүнээс 15 саяар их байдаг аж.

Жил бүр манай оронд бүртгэгдэж буй нийт жирэмслэлтийн талаас илүү хувь нь үр хөндөлтөөр дуусдаг. Үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 58 хувь нь 25-аас доош насны охид бүсгүйчүүд байдаг аж. Гэрлээгүй эмэгтэйчүүд нийт үр хөндөлтийн 60 гаруй хувийг эзэлдэг байна. 

Монгол улсад өнгөрсөн жилийн байдлаар үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдэж нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйд 21,5 үр хөндөлт ногдож байсан аж. Энэ нь өмнөх оноосоо 148 тохиолдлоор буюу 0,8 хувиар өссөн өссөн байна. Харин энэ жилийн байдлаар үр хөндөлтийн нийт тоо 7183 тохиолдол бүртгэгдэж үүнээс 20 хүртэлх насны 279, хожуу үеийн үр хөндөлт 270 бүртгэгдсэн байна. Энэ тоо жил дуусахад хэдээр ч нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Гэсэн ч жилд дунджаар хэдэн үр хөндөлт хийгддэг гэсэн баттай тоо баримт гаргаж ирэх боломжгүй. Учир нь дийлэнх үр хөндөлт хөшигний цаана буюу хууль бусаар хийгддэг байна.

 Мөн эмч мэргэжилтнүүдийн санааг зовоох болсон нэг зүйл нь оюутнуудын дундах хүсээгүй жирэмслэлт аж. “Яах ч аргагүй боллоо” гэсэн оюутнууд цөөнгүй ирдэг гэх талаар нэгэн хувийн эмнэлгийн эмч нэрээ нууцлан бидэнд яриа өгсөн юм. Тэрээр эцэг эхийн хараа хяналтгүй хөдөөнөөс сурах гэж ирсэн мөн дотуур байранд амьдардаг оюутнууд хүсээгүй жирэмслэлтэд ихээр өртдөг талаар дурдсан юм. Мөн хэчнээн амжилттай хийгдсэн үр хөндөлт байлаа ч уг процесс нь өөрөө хэвийн физиологийн явцыг бүдүүлгээр зөрчиж, бие организмд үлэмж хохирол учруулдаг байна. Үүний тэд мэддэг болов уу? 

Анхны жирэмслэлтийг үр хөндүүлж таслах нь бүр ч аюултай. 

Эрүүл саруул эмэгтэй эх болох баяр баясгалангаас үүрд хагацах ч эрсдэл бий. Үр хөндөлтийн үед эмч сав руу мэс заслын багаж оруулж, үрийн өндгийг тэмтэрч олоод түүнийг устгаж гарган авдаг. Нэг үгээр мэс заслыг бараг сохроор хийдэг тул янз бүрийн хүндрэл үүсэх боломжтой. Тэр ч бүү хэл туршлагатай эмч мэргэжилтэн ч савны эд эсийг гэмтээж болно. Жирэмслэлтийн үед сав нь цус төлжүүлэх судас ихтэй байдаг. Энэ нилээд ноцтой хүндрэл болох саванд шарх үүсэх эрсдэлийг байнга дагуулдаг аж. Зарим тохиолдолд шээсний суваг, гэдэс зэрэг дотоод эрхтнийг ч гэмтээж болно. Мөн үр хөндөлтийг давтамжтай хийх тусам салст бүрхэвчийг амархан гэмтээж, савны хананд шарх сорви үүсгэдэг. Түүний үр дүнд нь эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчин, үргүйдэл, үр зулбах зэрэг асуудал гардаг байна. Амжилтгүй үр хөндөлтийн үед саванд үрийн хэсэг үлддэг. Энэ нь цус алдах, биеийн хэм дээшлэхэд хүргэдэг гэх зэрэг олон сөрөг үр дагаврыг дурдаж болох юм. Мөн ариун цэврийн бус нөхцөлд, сайтар ариутгагдаагүй багажаар янз бүрийн хар бор аргаар үр хөндүүлэх нь амь насанд ч аюултай болохыг бид бүгд мэднэ. Учир нь цусны бохирдол, сепсис болоход туршлагатай эмч мэргэжилтэн ч хүчин мөхөстдөг байна. 

У. Пүрэвсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ