Хуванцар бүтээгдэхүүн үргүйдэлд хүргэж байгаа юу

Манай улсад сүүлийн жилүүдэд үргүйдэл нэмэгдэж байгаа нь эмч нарын санааг чилээсэн асуудал болжээ.
Судалгаа хийж үзэхэд дөрвөн залуу гэр бүл тутмын нэг нь үргүйдлийн тулгамдсан асуудалтай гэсэн дүн гарчээ. Түүнчлэн улсын хэмжээнд 360 орчим мянган гэр бүл байгаагийн 36 мянга нь үргүйдэлтэй гэсэн тоо баримт ч тэмдэглэгджээ. Үргүйдэлтэй гэж оношлогдсон хүмүүсийг хүйсийн байдлаар нь авч үзвэл эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 40 хувийг нь эзэлж байна.
1996 онд төрөх насны эмэгтэйчүүдийн үргүйдлийн хувь 6.5 байсан бол өнгөрсөн жил 15 болж өсжээ.
Үргүйдэл бол залуусын эмзэг сэдэв. Аз жаргал, баяр баясгалан бэлэглэдэг үр хүүхэд байхгүй бол сэтгэл хоосорч, харилцаа хүйтэрдэг. Танил эмэгтэй маань нөхөртэйгээ гэр бүл болоод таван жилийг туулжээ. Таван жил болоход тэд үрийн зулай үнэрлэсэнгүй. Эцэстээ салж сарнихдаа тултал муудалцдаг болж, хүүхдийн мөрөөдөл болсон хоёр үр шилжүүлэн суулгах эмнэлэгт хандаж, чамгүй өртгөөр хүүхэдтэй болжээ. Үүнийг дагаад үр шилжүүлэн суулгах эмнэлгийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна.
Манай улсад өдгөө энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг таван ч эмнэлэг үүдээ нээжээ. БНСУ-ыг зорьж үр шилжүүлэн суулгуулдаг залуусын тоо ч олширчээ. Гэхдээ суулгуулсан бүхэн амжилттай болдоггүй тал бас бий. Монголд багаар бодоход зургаан сая төгрөг төлж, үр шилжүүлэн суулгуулаад амжилтгүй болсон тохиолдол ч мэр сэр байна.
Үргүйдэл ийнхүү хүмүүсийн сэтгэл зүйн эмзэг асуудал болгоод зогсохгүй гэр бүлийн харилцаа, эдийн засагт ч нөлөөлж байна.
Энэхүү үргүйдлийн цаад шалтгааныг эмч нар хүний эрүүл мэндтэй холбон тайлбарладаг ч гаднын хүчин зүйл бас нөлөөлж буйг эрдэмтэд баталжээ. Тодруулбал, Их Британийн эрдэмтэд хуванцар сав үргүйдэлтэй болгодгийг баталсан талаар ЭХЭМҮТ-ийн эмч нар сонирхуулсан юм.
ЭХЭМҮТ хүүхдээ угжих шаардлагатай болбол зөвхөн шилэн угж хэрэглэх ёстой гэсэн шаардлага тавьдаг болжээ. Шил бол ариутгахад хамгийн тохиромжтой материал аж.
Иймээс хуванцар угжаар хүүхдүүдээ угжиж болохгүй хэмээн зөвлөдөг. ЭХЭМҮТ хүүхдээ угжих шаардлагатай болбол зөвхөн шилэн угж хэрэглэх ёстой гэсэн шаардлага тавьдаг болжээ. Шил бол ариутгахад хамгийн тохиромжтой материал аж. Харин хуванцар сав нэг л бохирдчихвол хэд дахин угааж цэвэрлээд ч нянгийн үлдэгдэл байсаар байдаг талаар эмч нар хэлж байлаа.
Ер нь дэлхий дахины айдас нь хуванцар сав болоод байна. Нэг ёсондоо хүнсний аюулгүй байдал өнөө цагийн хамгийн тулгамдсан асуудал болжээ. Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол ч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа, хуванцар сав, зөвхөн үргүйдэлтэй болгоод зогсохгүй хуванцрын бүтцэд ордог бисфенол А гэх бодис хүний биед хуримтлагддаг аж. АНУ-ын иргэдийн дунд шинжилгээ хийхэд хуванцар сав хэрэглэдэг хүмүүсийн 93 хувийнх нь биеэс бисфенол А бодис илэрсэн байна. Эл бодис хорт хавдраар өвчлөхөд нөлөөлөөд зогсохгүй үргүйдэлд хүргэдэг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад байгаа аж.
Хуванцар сав хүний эрүүл мэндэд хортой болохыг ДЭМБ байнга анхааруулж байгаа ч зарим улс орон үл ойшоосон хэвээр байна. Далайн амьтад хуванцар сав, гялгар уутнаас хордож байна. Хуванцраар бохирдсон далайд амьдардаг амьтдын биеэс ч гэсэн бисфенол А бодис илэрсээр байгаа юм. Зарим эрдэмтэн бисфенол А бодис загасны махаар дамжиж хүний биед шингэсэн байж болзошгүй гэж үзэж байна. Тиймээс Европын холбооны хүнсний аюулгүй байдлын нийгэмлэг хуванцар сав зохисгүй хэрэглээ болохыг анхааруулсаар байгаа.
Европын холбооны улсууд жилд 25 сая тонн хуванцар хаядаг бөгөөд үүний дөрөвний нэгийг л дахин боловсруулдаг аж. Тиймээс энэхүү хуванцрын хаягдал байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулж байна гэж олон улсын байгууллагууд үзэж байгаа юм. Иймээс хуванцар материалаар хийсэн 10 төрлийн савны хэрэглээг хязгаарлах хориг тавихыг улс орнуудад Европын холбоо зөвлөж байна. Одоогоор дэлхийн 27 улс нэг удаагийн хуванцар савнаас татгалзаад байгаа аж.
Мөн 27 улс хуванцар бүтээгдэхүүнд татвар ноогдуулдаг болжээ. Харин 30 улс хуванцар хэрэглэсэн тохиолдолд давхар татвар төлөх ёстой гэсэн журам гаргаад байна. Түүнчлэн 127 орон хуванцар сав, гялгар уутны хэрэглээнд хяналт тавих хууль, тогтоомж баталжээ. Олон улсын эрдэмтэд ч гэсэн хуванцар сав, ялангуяа бисфенол А агуулсан хуванцраас татгалзах хэрэгтэй гэж үзжээ. Хэрэв энэ төрлийн бодис бүтцэд нь орсон хуванцар эдийг хэрэглэсээр байвал хүн төрөлхтөнд аюул учирч болзошгүй хэмээн анхааруулжээ.
Дэлхийн улс орнууд ийн хуванцар савнаас татгалзаж байхад монголчууд хуванцар “идсэн” хэвээрээ сууна. Хөдөөгийн малчид хамгийн аюултай гэж анхааруулсан химийн бодисын цэнхэр саванд ус, айргаа хийж, буцалсан халуун цайгаа хуванцар шанагаар самарсаар сууна. Түүнчлэн дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй уух зүйлийн дийлэнх нь хуванцар савтай байдаг.
Харин хуванцар сав нэг л бохирдчихвол хэд дахин угааж цэвэрлээд ч нянгийн үлдэгдэл байсаар байдаг талаар эмч нар хэлж байлаа. Бид гаднын орнуудаас сав, баглаа боодлоо импортоор авдаг. Жилд дунджаар 80 гаруй сая ам.долларын сав, баглаа, боодлыг БНХАУ, БНСУ, АНУ, Польш, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, Итали зэрэг улсаас импортолж байна. Хуванцар савны 97 хувийг урд хөршөөс импортолдог гэсэн мэдээллийг ГЕГ-ын статистикт дурджээ.
Түүнчлэн Монголд хэрэглэж байгаа болон үйлдвэрлэж буй хуванцар савны түүхий эдийг шинжлэх хүчин чадал бүхий лаборатори байхгүй. Лаборатори байлаа гэхэд хуванцар савыг шинжлүүлдэг нийгмийн хариуцлага, тогтолцоо хаана ч байхгүй байгаа юм. Уг нь манай улсад “Сав, баглаа, боодол” үндэсний хөтөлбөр хэрэгжиж буй ухаантай. Гэтэл энэ хөтөлбөрийг мэддэг хүн тун цөөн.
Тэгээд ч хуванцар монголчуудын хэрэглээний салшгүй хэсэг болжээ. Нэгэнт хэрэглэж заншсан зүйлээс бүр мөсөн татгалзаж чадахгүй байна. Тэгэхээр салбарын яам, төрийн байгууллагууд дорвитой арга хэмжээ авч, иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт сурталчилгаа явуулах хэрэгтэй бололтой. Дүлий мэт суусаар байвал хорт хавдарт нэрвэгдэхийн хажуугаар үргүйдэлтэй гэр бүлийн тоо улам өсөж болзошгүйг анхаарна буй за.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ