Хэнэггүй зангаас болж, хэчнээн золиослогдох ёстой вэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн, хүүхдийн тасагт тусламж эрсэн үрс, тэвдэж сандарсан эцэг эхчүүд дүүрэн. Харахад нүд халтирч, сэтгэл өвтгөм дүр зураг харагдана. Байсхийгээд сувилагч, асрагч нар носилкитой хүн түрсээр яарна. Толгойгоо битүү боолгосон өсвөр насны охин тэргэн дээр түрүүлсээр өрөөлүүгээ оров. Хоёр гартаа таяг тулсан, хөлөө цагаан даавуугаар бамбайтал боолгосон бяцхан хүүхдүүд коридорт энд тэндгүй харагдана. Хаалга нь бага зэрэг онгойсон платаар сэмээрхэн шагайхад тариа хийлгэхгүй хэмээн чангаар уйлах 5 настай хүү.
Тус эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал дулааны улиралд илүү нэмэгддэг гэнэ. Одоо харин арай буурч байгаа нь энэ гэж сувилагч нар нь ярив. Сургууль, цэцэрлэг тарсан зуны урин дулаан цагт хүүхдүүд хараа хяналтгүй болж осол, аваарт өртөх нь элбэг тохиолддог аж. ГССҮТ-ийн нэгдүгээр улирлын статистик мэдээллээс харахад, цэцэрлэгийн насныхан илүү их гэмтсэн нь харагдана. Түүнчлэн зуны улиралд Гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дийлэнх нь автомашины осолд өртсөн иргэд, хурдан морь унаач хүүхдүүд байдаг аж. Тус эмнэлгийн энэ оны нэгдүгээр улирлын статистик мэдээллийг харахад улсын хэмжээнд осол гэмтэл болон бусад шалтгаанаар 33,856 хүн үйлчлүүлжээ. Осолд өртөгсдийн 606 тохиолдол нь нас барсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өвчлөл 5148 тохиолдлоор их байгаа юм.
Амралтаараа хүүхдээ агаарт гаргах санаатай Хөвсгөл далайг зорьсон гэр бүлийн 3 гишүүн хүнд хөнгөн бэртэл авчээ. Хоёр хөл нь хугарсан охины ээж Н мөн л зүүн гараа сойж боосон харагдана. Түүнээс юу болсныг нь асуухад тэрбээр “Зуны улиралд хүн бүхэн л хүүхдүүдээ хөдөө, агаар салхинд авч явахыг боддог. Хүмүүсийн адил нөхөр бид хоёр ч цуглуулсан хэдэн төгрөгөө аваад охинтойгоо Хөвсгөл далайг зорьсон юм. Миний хөл угаасаа өвддөг болохоор арын суудалд сууж явдаг. Охин маань аавынхаа хажууд сууж явсан. Бүрэнхий болох гэж байсан. Би ч зүүрмэглээд өгч. Гэнэт өөдөөс урсгал сөрөөд машин гараад ирсэн. Манай хүн машинаа замын хажууруу дараад л зогсох шиг болсон. Тухайн үед шоконд орчихсон байсан болохоор юу болоод байгааг ч ойлгох сөхөөгүй байсан. Удалгүй түргэний машин ирж биднийг аваад л эмнэлэгт хүргэсэн. Охин маань л хамгийн хүнд бэртсэнд үнэхээр их харамсаж байгаа. Хоромхон зуурын дотор амьдрал минь оронгоороо эргэх дөхсөн. Холын замд явахаас үнэхээр айж байна” гэсэн юм. Мөн эднийх шиг олон эцэг эх, хүүхдүүд хайртай хүмүүсээ алдахаас айн уйлж сууна. Үүнээс харахад тээврийн ослоор бэртэл авсан хүмүүсийн дийлэнхийг хүүхдүүд эзэлж байгаа юм.
Эцэг, эхчүүдийн хэнэггүй байдал, дүрэм журамгүй мэт аашилдаг жолооч нарын буруугаас болж зам тээврийн осолд хүүхдүүд хохирсоор л. Зам тээврийн ослын хохирогч нь хүүхэд болж, насан туршдаа хүний гарт амьдрах харамсалтай явдал гарсаар байгааг эмч нар ч хэлж байв. Гэр бүлээрээ зугаалгад явж байгаад осолдож, аав нь ухаангүй сэхээн амьдруулах тасагт хүү нурууны хагалгаанд орж, ээж нь хорвоог орхисон зүрх шимшрэм дүр зурагтай Гэмтэл, согог судлалын үндэсний төвийнхөн л нүүр тулдаг.
Зам тээврийн ослоос болж гэр бүлээрээ эрүүл мэндээрээ хохирно гэдэг харамсалтай явдал шүү. Манайхан хөдөөгийн замд гарахаараа хотын түгжрэлээс гарлаа гэсэн шиг л хурдны зам дээр явж байгаа мэт андуурдаг. Гэтэл манай Монголын замын нөхцөл байдал ямар байгааг хүн бүр л мэднэ.
Тус эмнэлгийн энэ оны нэгдүгээр улирлын статистик мэдээллийг харахад улсын хэмжээнд осол гэмтэл болон бусад шалтгаанаар 33,856 хүн үйлчлүүлжээ. Осолд өртөгсдийн 606 тохиолдол нь нас барсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өвчлөл 5148 тохиолдлоор их байгаа юм.
Хүүхдийн гэмтэл, согогийн нэгдүгээр тасгийн хаалганы хажуугийн ханан дахь талархлын булан баярласан сэтгэгдлээ бичсэн захидлаар дүүрсэн харагдлаа. Эмч, сувилагч нарт хаягласан халуун сэтгэлийн үгэн илгээмж багачуудын баярласан сэтгэлийн илэрхийлэл аж.
ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл, согогийн нэгдүгээр тасгийн эрхлэгч М.Болдбаатар: “Хүүхэд гэнэн болохоор нэгэнтэйгээ хөөцөлдөж байгаад машинд шүргүүлэх, мөргүүлэх тохиолдол гарч байна. Манай тасгаар үйлчлүүлэгчдийн дийлэнх нь зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд байдаг. Тэгэхээр жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож сурмаар байна. Хурдаа тохируулж явах ёстой гэсэн дүрмийг заавал хэвшүүлж сурах хэрэгтэй. Хөдөөгийн зам бол хурдны зам биш шүү дээ. Эвдрэл ихтэй, хамгийн баталгаагүй зам.
Хүүхдийн гэмтэл хурдан эдгэрдэг. Хадаасаа авахуулах гээд ирэхдээ л эрүүл хөлнөөсөө ялгагдахааргүй болсон байдаг. Харин нуруу, нугас тархины хүнд гэмтлүүд алс хэтдээ урхагтай байх тал бий. Нийт гэмтлийн 3-5 хувь хөдөлмөрийн чадвараа алддаг” гэв. Бараг өдөр болгон шахуу хүүхэд бэртжээ, хүүхэд нас баржээ гэсэн аймшигт мэдээлэл явдаг боллоо. Энэ зүгээр л бодоод өнгөрөх асуудал мөн үү.
За яав л гэж. Арай ч ийм юм болчихгүй байлгүй, Амны билгээс ашдын билэг гэсээр бид даруй хэдэн зуун бяцхан үрсээ бурхны орон луу явуулсаар. Аялал зугаалгаар явж, алжаал ядаргаагаа тайлах гэж явахдаа та яг хаашаа яардаг юм бэ. Үхэлрүүгээ юу. Тэгвэл эрхэм жолооч та хайртай хүмүүсийнхээ амь насыг хариуцаж яваагаа сайн санаарай.
Л.Энхцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ