Амарсаар дампуурах уу, Ажилласаар хөгжих үү

   Есдүгээр сарын 3 нд  гээд бас л амарна гэсэн үү. Зунжингаа амарчхаад яасан амарч хандаггүй хүмүүс вэ. Хүүхдийн хичээл ороод эхэлж ч амжаагүй байхад амралт л гэх юм. Намрын хэдэн сар овоо хэдэн захиалга орж ирдэг тэрийгээ гялалзуулаад хэдэн төгрөг олчихъё гэхээр. Бас л түрээслүүлэгч нь хаагаад явчих юм байна л даа” Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах үйлчилгээний байранд өрөө түрээслэн,  оёдол хийдэг эмэгтэй ийн бухимдангуй  ярилаа. Түүнийг  хамт  ажилладаг хийгээд зарим үйлчлүүлэгч нь дэмжив. “За амрах нь амарна л биз, ажлаа хийж хэдэн  төгрөг олох минь” гэх нь ч хажуугаас дуулдлаа.   

    “Нээрээ ч хямралыг ажиллаж байж давдаг баймаар” гэж бодсон би дотроо дуугүйхэн тэднийг дэмжив. Зуны гурван сар амарч, ёстой дураараа дургиж, эх орныхоо өнцөг булан бүрт тарж байгаад цугласан Улаанбаатарчуудын ажил мөд жигдрэхгүй бололтой. Зарим нь бүр амралтынхаа шокноос ч гарч амжаагүй сурагтай. Ийм бодол “Амралт  нэмэгдэх тусам ашиг, алдагдлын  аль нь жин дарах бол гэсэн асуултад хариу хайхад  хүргэв.     

    Үндэсний  баяр наадам, Хүүхдийн баяр, , Чингис хааны  мэндэлсэн  өдөр, Халх голын ялалтын баяр, БНЗасаглал  тогтсон өдөр,  Үндэсний  эрх чөлөөний өдөр Шинэ жил, Цагаан сар, Олон улсын Эмэгтэйчүүдийн баяр гээд энэ онд манай улс бүх нийтээрээ хагас, бүтнийг оруулалгүй 14 хоног амарчээ. Дээр нь дөрвөн жилд нэг тохиодог УИХ, Орон нутгийн сонгуулийн өдрийг нэмбэл нэг жилд бямба, ням гарагаас бусад албан ёсны амралтын өдөр 16 болж байна.  

    Дээр нь энэ онд бямба, ням гарагийн амралтын 105 өдөртэй. Ингээд тооцвол жилийн 365 хоногийн 121 хоногт нь бид албан ёсоор амарч байна. Зайлшгүй баяруудаар амарч бололгүй л яахав. Гэхдээ Монголчууд бидний хувьд амралт ихэдсэн гэхээс багадаагүйг хэн хүнгүй л мэдэж байгаа.

    2012 онд байгуулагдсан УИХ, Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож хуульчилсан. Мөн сар шинээр  бүх нийтээр амрах өдрийг нэг хоногоор, Ардын хувьсгалын баяраар амрах  өдрийг  хоёр хоногоор нэмэх шийдвэрийг  жил дараалан гаргав. Харин БНУ тунхагласан  баярын өдрийг 2012 оны сүүлээр “энгийн  тэмдэглэлт  өдөр”-т шилжүүлснийг өнгөрөгч сонгуулиар байгуулагдсан УИХ сэргээх шийдвэр гаргаж, бүх нийтээр дахин  амардаг болов.

    Энэ бүхнээс харахад улс орон даяараа бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр 2011 оны 11 сараас хойш, сүүлийн 5 жилд 6 хоногоор нэмэгдсэн байна. Мөн хэн, ямар улс төрийн хүчин эрх барьж байгаагаас шалтгаалан бүх нийтээр баярлан тэмдэглэх өдрүүд ч тогтвортой биш, өөрчлөгдөх өнгө аястай болж буй нь ч ажиглагдах болов.

    АМРАХ ШИЙДВЭРИЙГ ГЭНЭТ ГАРГАХ  НЬ ХОХИРОЛТОЙ

     “НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ” хуулийн нэмэлт өөрчлөлтөөс  харъя.   2011 оны  11-р сарын  29-нд  Үндэсний эрх чөлөөний  баярыг  амарч тэмдэглэхээр тус хуульд өөрчлөлт оруулав. Үүнээс хойш цагаан сарын амралтын өдрийг  хоёр хоногоор сунгахаас  бусад бүх  шийдвэрийг  хоёроос  зургаа хоногийн  өмнө гаргасан байдаг. Тодруулбал: бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн шийдвэрийг   48-144 цагийн өмнө гаргаж, хуулинд өөрчлөлт оруулж байсан гэсэн үг. Ингэж бүх нийтийн амралтыг  богино хугацаанд, гэнэт товлох нь аж ахуй эрхлэгчдэд, ялангуяа үйлчилгээний байгууллагуудад   сөргөөр нөлөөлөх талтайг олонх нь хэлж байгаа юм.   

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: Ерөнхийдөө хийх ажил их, бүтээх юм олонтой улсад амрах өдөр цөөдөөгүй байх. Амарч байхад сайхан байх л даа. Гэхдээ урьдчилж төлөвлөх хугацаа хэрэгтэй байна.

     Амралт зөвхөн дээрх хохирлуудыг дагуулаад зогсохгүй улс орны ашиг, орлогод ч сөргөөр нөлөөлөх юм. Тухайлбал: Монголчууд бид жилдээ 12 тэрбум доллартой тэнцэх дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.  Үүнийг  жилийнхээ  ажлын  өдөрт хуваавал нэг өдөр хийж бүтээх баялгийн хэмжээ гарна. 2019 оны  тухайд ажлын  244  хоногт  хувааж  болох юм. Ийм байдлаар нэг өдөр амрахад улс орон, хувийн хэвшлийнхэн ямар хэмжээний баялаг, орлогоо хойшлуулж байгааг тооцож  болно. Гэсэн ч бүх нийтээр амрах өдрийг эртнээс төлөвлөж чадвал тухайн өдөр хийх ажлыг бусад өдөрт шингээж болдгийг салбарын зарим төлөөлөл хэлж байна.  

    Эдийн засагч Р.Амаржаргал “Ажлын 6 хоногийг 5 хоногт  шилжүүлснээр нэг өдрийн ажлын бүтээмж 15 хувиар нэмэгдсэн байдаг. “6 өдөр ажлаа дийлэхгүй байхад 5 өдөр болгохоор яах юм бэ бид” гээд асуудал гарч байсан л даа. Гэсэн ч ажлын нэг өдрийн бүтээмжийг бусад өдөрт шилжүүлж шийдэж болж байна. Тэр үеэс хойш Монголын эдийн засаг хэд дахин өслөө. Бүтээмж нэмэгдсэн, эдийн засгийн бүтцэд өөрчлөлт орсон гээд эерэг үзүүлэлт их байна. Тиймээс ажил, амралтыг эртнээс зөв зохицуулбал алдагдал багатай. Амралт дагаад  ресторан, үзвэр гээд үйлчилгээний зарим салбар сэргэдэг. Гол нь ажил, амралтаа л зөв хослуулж явах ёстой. Амарч байна гээд бусад зүйлээ сүйтгэчихдэг, эсвэл ажиллаж байна гээд эрүүл мэндээ  үгүй хийчихдэг байж  болохгүй л дээ" гэв.

    Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Амралтын өдөр нэмэгдэх нь иргэдийн орлогыг хумьж, улсын эдийн  засагт  тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Ялангуяа хийснээрээ  цалин авдаг иргэдийн  орлого шууд буурна. Ний нуугүй хэлэхэд,  ажилчид нэг өдөр илүү ажиллах юмсан, нэг өдрийн цалин илүү авах юм сан гэсэн л хүсэлтэй байгаа. Яаж таван төгрөг ахиу авах вэ л гэж бодож байгаа ш дээ. Монголчууд бидний амралт багадаагүй болов уу л гэж бодож байна. 

    БУСДЫН Л АДИЛ АМАРЧ БАЙНА. ХАРИН ТЭД ХИЙЧИХСЭН, БҮТЭЭЧИХСЭН

    Бүх нийтийн амралтын хоногийг ажлын өдрүүдэд шилжүүлэх, улс орныхоо тэмдэглэлт өдөр албан ёсоор амраах жишиг аль ч улс оронд бий. Энэ үзүүлэлтээр Европын улс орнууд тэргүүлдэг байна.  “Айкон” цахим хуудасны мэдээгээр Аргентин, Колумбачууд жилд бүх нийтээр 18-19 өдөр амарч баяраа тэмдэглэдэг бол Мексик, Их Британи улс 7-8  өдөр  амарч баярладаг. Харин Франц, Швед 11 хоног, ОХУ 12  хоног бүх нийтээр  албан ёсоор  амардаг байна. Мөн Япон улс жилд 15 өдөр амарч,   улс орон даяараа баярлаж цэнгэдэг байх юм. Манай улс эдгээр хөгжингүй улс орнуудынхтай адил жил бүр бүх нийтээр 14 хоног амарч баярладаг болоод байна. Улс төрийн сонгуулийн жилд амралтын өдөр 1-2 хоногоор нэмэгдэнэ. Өнгөц харвал, бид бусдын л адил ажиллаж, амарч байна.   Харин улсынх нь хөгжил,  хүн амын орлоготой нь харьцуулбал бусдын хүрсэн цэгт  очих  бидний  зам  дэндүү  урт. 

     Испанид ажилгүйдэл маш өндөр, хөдөлмөрийн бүтээмж муу байна. Тэр хэрээр их амарч байна. Америк, Германд амралтын өдөр бага. Германд гэхэд л ажилгүйдэл бага, ажлын цаг их, хөдөлмөрийн бүтээмж өндөр. Эдийн засаг нь илүү өрсөлдөх чадвартай байдаг.

    Амралт нэмэгдэх бүр ашиг, алдагдлын аль нь жин дарах бол... Уншигч та дээрх асуултад ямар хариу өгөх вэ. Амрах уу, ажиллах уу... Хариултыг танд үлдээе.


Л.Энхцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ