Хаягдал батарей хууль нэхэж байна

 Техник технологийн үсрэнгүй хөгжил  өдрөөс өдөр нэмэгдэж буй  шинэ үеийн хэрэгцээ сонирхлоосоо болж  хүн төрөлхтөн өөрсдийгөө холдуулсаар байна.  Бидний амьдралын салшгүй хэрэглээ болсон  гар утас,  зурагт, хөргөгч компьютер,  машины аккумулятор тэр ч бүү хэл өчүүхэн жижиг зай хүртэл хүний биед ямар хортой гэдгийг бид бүгд мэддэггүй. Эдгээр нь бидний  хэрэгцээ шаардлагыг хангаж сайн найз мэт аашлавч хуучирч муудахаараа хамгийн түрүүнд иргэдийн эрүүл мэнд байгаль орчинд хор хөнөөл учруулдаг.  Тиймээс аюултай хог хаягдал тоонд нэн түрүүнд багтдаг зүйлүүдийн нэг бол машины  аккумулятор юм. Айл бүхэн доод тал нь нэг автомашинтай болсон өнөө цагт түүнээс гарах аккумуляторын хог хаягдал ямар аюул дагуулдгийг мэддэг хүн  цөөхөн.  
 Нийслэлийн  хэмжээнд 200 орчим мянган машин, өчнөөн тооны мотоцикл, үүн дээр хөдөө орон нутагт  байгаа  80 гаруй мянган нарны зайн үүсгүүрүүд бүгд аккумлятороор ажиллаж, жил бүр 4-5 мянган тонн хар тугалга  хаягдал болон хуримтлагдаж байгаа талаар судалгаа гарсан байна. Харин эдгээр  аккумуляторыг дахин боловсруулах нэг үйлдвэр байгаа боловч одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Тэгэхээр аюултай хог хаягдал тэр дундаа автомашины аккумуляторт тавих хяналт, зохицуулалт байдаггүй гэсэн үг.  Харин гэр хорооллын гудамж бүрт хоёрдогч түүхий эд өндөр үнээр авна гэсэн зар байдаг. Нэгэнт муудсан сэлбэгээ хэдэн төгрөгөөр сольчих нь хэнд ч ашигтай учраас  тасралтгүй үргэлжлэх тун ч ашигтай бизнес болчхож.
 Тэд хөдөө очиж шингэнийг нь асгаад хар тугалгыг нь салгаж аван хятадуудад зардаг гэнэ Ихэвчлэн Сүхбаатар аймаг руу авч явдаг тухай ч хэлэв. Хаягдал аккумляторыг хэдэн жилийн өмнө 2000-2500 төгрөгөөр үнэлж авдаг байсан бол одоо ханш нь өсчээ.
“Гэрээр очиж байнга аккумулятор авна” гэсэн зарын дагуу залгатал “Ампераас нь шалтгаалан 10-30 мянган төгрөгөөр авна. Ах нь одоо хөдөө явж байна. Чи байлгаж байгаарай. Хотод очоод ярья” гэв.
Хоёр жилийн өмнө Улиастайд хоёр хятад иргэн аккумуляторын шингэн асгаж байгаад баригдсан тохиолдол бий. Хэдийгээр ченжүүд хөдөө аваачиж асгадаг гэх ч гэр хорооллын гудамж бүрт шахуу байгаа түүхий эдийн цэгүүд тэр их аккумуляторын шингэнийг бидний дунд хаана ч хамаагүй асгаж байж мэдэх юм.
Түүнчлэн Солонгос, Японоос нэг жил хэрэглэсэн хуучин аккумулятор орж ирэн “Өгөөмөр”  "Да хүрээ" гэх мэт автомашины захуудад ихээр худалдаалагддаг юм байна. Үнэ ханшийн хувьд шинээсээ хамаагүй хямд болохоор хурдан зарагддаг гэнэ. Гэхдээ хуучин аккумулятор нэг их удалгүй муудчихдаг гэж жолооч нар ярьж байна.

Сүүлийн жилүүдэд орон нутгийнхан нарны зайн үүсгүүр өргөнөөр ашиглах болсон. Тэр болгонд аккумулятор хэрэглэж, цэнэг нь дуусахаар нь хаа ч хамаагүй хаячихдаг болжээ. Хөдөөгийн замд хаягдал аккумулятор олноор тааралддаг болсон. Үүнийг зохицуулдаг газарч байдаггүй аж

Манай улсад химийн аюултай хаягдал, бодисыг хэрхэн устгах талаар зохицуулалт байхгүйгээс зөвхөн аккумулятораар тооцож үзэхэд л ийм их аюул байна. Дунд зэргийн аккумуляторт 18-25 кг хар тугалга, 2-3 литр концентрацтай хүхрийн хүчил байдгийг эрдэмтнүүд тооцоолжээ.
Хараа хяналтгүй импортлогдож байгаа олон мянган аккумуляторын шингэн хаана асгарч, хэний дотор хорт хавдар болон хувирч байгааг таамаглахын аргагүй. Тиймээс ядаж л хэдхэн сар хэрэглэгдээд хог дээр хаягдаж байгаа хуучин аккумуляторын импортод хяналт тавих цаг болжээ. 
У.Сүрэн



 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ