П.Цэлмүүн "Ээжээ та намайг ганцхан цаг болоод л ирж авна тиймээ"

    Есөн сарын нэгэн боллоо ерөөсөө бидний баяр даа. Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баярын нэг бол есдүгээр сарын нэгний өдөр байдаг. Амьдралынхаа анхны гараагаа хийх гэж буй зургаан настай бяцханууд маань зарим нь ээж аавыгаа дагаж уйлаад, зарим нь шив шинэхэн ном дэвтэр дээрээ анхны “А” үсгээ бичиж ядна. Зуны гурван сар гэр бүлийнхнээсээ өөр хүний царай бараг л хараагүй тэдний хувьд эргэн тойронд нь суух үе тэнгийнхэн нь соньхон харагдана. 30 хүүхэдтэй 1А бүлэгт зочиллоо. Хаалганы цаанаас л хүүхдүүдийн уйлах дуу сургуулийн коридорыг дүүргэнэ.

    Энэ жил хамгийн анхны шавь нараа хүлээн авч буй залуу багш Н.Баярцэцэг их л сандарсан байдалтай ширээн дээрхээ цэгцэлж байлаа. Тэрбээр хэлэхдээ “Саяхан л багш нараараа загнуулж, магтуулж явсан шавь байсан. Нэг л мэдэхэд өөрөө тэр эрхэм хүмүүсийн эгнээнд орчихлоо. Миний хувьд хамгийн анхны сургуульдаа, хамгийн анхны шавь нараа хүлээн авч байгаадаа баяртай, бас айдастай өдөр тохиож байна. Надтай адил олон залуу багш нар яг л над шиг сандарч байгаа байх. Гэхдээ миний өөдөөс өхөөрдөм харцаар харах энэ бяцхан хүүхдүүдэд хичээл заах болсондоо маш их баяртай байна. Сайн багш, бас тэдний сайн хамтраг ч нь байх болно” гэлээ.

    Анги дүүрэн шинэхэн дүрэмт хувцастай жаалууд дунд цав цагаан дэрвэгэр даашинзтай охин ээжийнхээ хормойгоос чанга гэгчин атгаж, нүдэндээ нулимстай сууж харагдав. Түүний ээж Х.Гэрэлмаа хэлэхдээ “Манай охин цэцэрлэгтээ явмаар байна. Би сурагч болохгүй ээ гээд л өчигдрөөс хойш уйлаад л байна. Ямар сайндаа л өглөө дүрэмт хувцсыг нь өмсгөх гэсэн, үгүй ээ ээжээ даашинзаа өмсийлдөө гээд л зүтгэчихсэн. Хүүхдүүд дунд сондгойроод л сууж байна даа. Зургаан настай хүүхдүүдтэй бүх л ээж аав бидэн шиг иймэрхүү л байдалтай байгаа л даа. Хөгжилтэй хөгтэй өдрүүд эхэлж байна даа” гэв. 

     1А бүлгийн яг зэргэлдээ ангид 4Д бүлэг гэж бичжээ. Үүдээр нь шагайтал саяны хэдээс маань гурваар  ах эгч гэсэндээ уур амьсгал арай л өөр байна шүү. Яв ягаан саатай торгон дээлээр гоёсон 40 орчим насны эмэгтэй багш нь юмсанж. Зөвшөөрөл аваад ангийн хүүхдүүдтэй танилцлаа.  Нэгдүгээр салааны хамгийн эхэнд инээмсэглэн суух Н.Хүсэлжин охин энэ ангийн дарга гэнэ. Түүнээс зуны амралтаараа юу хийсэн талаар сонин сайхан сонсоход “Миний энэ зуны амралт үнэхээр гоё байсан. Учир нь манайх зун болгон Байгаль далай явна гээд чадахгүй байсаар байгаад, энэ зун явсан. Үнэхээр гоё дурсамжтай байсан шүү. Гэхдээ би найзуудыгаа маш их санасан. Хичээл орохын өмнөх орой нойр хүрэхгүй, хувцаснуудаа эвхээд л орныхоо хажууд тавьчихсан. Тэгээд өглөө ээж аваасаа түрүүлж босоод өөрөө хувцсаа өмсөөд л явах цагаа хүлээгээд л байсан. Сургууль дээрээ ирээд ангийнхантайгаа уулзах гоё байсан. Одоо бид нар зуны амралт сэдэвтэй зохион бичлэг бичих гэж байна” гэсэн юм.

    Анги дүүрэн догдолсон хүүхдүүд, бие биенээсээ сайхан амарснуу, юу хийсэн бэ, би загас барьсан гээд ам уралдан ярьцгаах нь үнэхээр хөөрхөн, бас сурагч насыг минь аргагүй санагдуулав. Ингээд догдлолтой, бас хөнгөхөн гунигтайгаар ангийн үүдээр гарлаа. Сургуулийн үүдэнд зургаан настай хүү ахынхаа гараас зүүгдээд, би орохгүй ээ ахаа харьялдаа хэмээн уйлж байна. Түүнийг харсан мөн зургаан настай П.Цэлмүүн охин, ээжээ та эрт ирнэ тиймээ. Ганцхан цаг болоод л намайг авна биз дээ гэсээр хоёр давхар луу гарч одов. Монголын минь өнцөг булан бүрт ийн, дуутай, шуутай, айдастай, баяртай, хөгжилтэй нь зэрэгцсэн өдөр үргэлжилсэн биз. Хайр дүүрэн хүүхэд насаа санагалзсаар сургуулиас гарч одлоо.

Л.Энхцэцэг



СЭТГЭГДЭЛ БИЧИХ