Нийслэлийнхнийг "угаартуулдаг" лагаас олон төрлөөр ашиглаж болох бордоо гаргажээ

    Одоо ажиллаж буй Төв цэвэрлэх байгууламж нь лаг боловсруулах технологи дамжлагагүйн улмаас хоногт 1000-1200 м3 буюу 10 тоннын даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний лагийг ил задгай талбайд хатаадаг. Үүний улмаас агаарт эвгүй үнэр тархаж, хотын оршин суугчдын бухимдлыг төрүүлдэг нэг асуудал болдог.

    Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын өнгөрсөн онд гаргасан 73 дугаар тогтоолын дагуу Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан болон өдөр тутамд гардаг лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэн боловсруулах ажлыг эхлүүлжээ.Энэ ажлын хүрээнд лагийг боловсруулж бордоо гаргахаар “Эко Тайхи”, Япон Улсын “Эко энержи систем”, хар шороон хөрс гаргахаар “Ховд тул” зэрэг компаниуд шалгарч 2018 оноос ажиллаж эхэлсэн юм.


    Энэ хугацаанд өдөр тутам гарч байгаа 200 орчим мянган м3, 44 ширхэг картан дахь 294 мянган м3, хуримтлагдсан 241 мянган м3 лагийг үнэргүйжүүлж, бордоо, хөрс болгон боловсруулах ажил хийгдсээр байгаа аж.
    “Эко Тайхи” компанийн чанарын менежер О.Баясгалан “Манай компани лагийг үнэргүйжүүлэн цэвэрлэж бордоо болгох үйл ажиллагааг явуулж байна. Бид бордооны дээжүүдээ загварчлан хадгалсан. Мөн бордооны үнэрийн, аюулгүй байдлын, бордоолог чанарын, хүнд металийн зэрэг шинжилгээнүүдийг өгсөн. Ингээд бордоолог чанарын үзүүлэлтэд үндэслэн ургамлын өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлөхийг харуулах туршилт хийж эхэлсэн.
“Эко Тайхи” компанийн чанарын менежер О.Баясгалан “Манай компани лагийг үнэргүйжүүлэн цэвэрлэж бордоо болгох үйл ажиллагааг явуулж байна. Бид бордооны дээжүүдээ загварчлан хадгалсан. Мөн бордооны үнэрийн, аюулгүй байдлын, бордоолог чанарын, хүнд металийн зэрэг шинжилгээнүүдийг өгсөн. Ингээд бордоолог чанарын үзүүлэлтэд үндэслэн ургамлын өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлөхийг харуулах туршилт хийж эхэлсэн.
Мөн энэ нь хөрснөөс давсан үзүүлэлттэй бордоо буюу азот, фосфорын агууламж өндөртэй учир бид цэцэг, мод, хүнсний ногоог үрээр тариалж бордоо ашиглан туршсан. Хүнсний ногооны хувьд нийгэм дэх аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлох зорилгоор тариалсан. Мөн талбайн нөхөн сэргээлтийн туршилт явуулсан. Үүнд Эрдэнэтийн үнс, цагаан шороо, цахилгаан станцаас гарч байгаа үнсний далангийн тоосжилтыг дарах, үнсийг хучих зүлэгжүүлэх зэрэг туршилт багтаж байгаа.

Хүнсний ногооныхоо түрүүчийн болц гүйцсэнээс нь Мэргэжлийн хяналтын ерөнхий лавлагаа лабораторид хүнсний ногоонд тавигддаг бүх үзүүлэлтээр шинжилгээ судалгааг хийсэн. Үүний үр дүн нь эерэг буюу стандартыг зөрчсөн зүйл илрээгүй. Энэ бордоог нөхөн сэргээлтэд ашиглахад аюулгүй гэж үзсэн” гэв.


Лагийг тунгааж шүүсэн өтгөний 75-80 хувь нь органик бодис байдаг

Мөн лагийг боловсруулан гарган авсан бордоо, хар шороон хөрснөөс дээж авч “Гацуурт” компанийн Хөдөө аж ахуйн нэгдсэн лабораторийн Хөрсний шинжилгээний лаборатори, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Хөрс агрохимийн лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Паразит судлалын лаборатори болон Япон Улсын Ямамото Жёока Коогёо ХК-ийн харьяа Байгаль орчны шинжилгээний хүрээлэнгийн лабораториудад шинжлүүлж, байгаль орчны нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан ба үүнд үндэслэн нохойн хошуу, нэг наст болон олон наст, тасалгааны цэцгийг тариалж ургамлын өсөлт хөгжил, ургамалд нөлөөлөх нөлөөллийн туршилт, судалгааны ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэж, таримал ургамалд мөн хөрсний үржил шимийг сайжруулах, байгаль орчны нөхөн сэргээх зорилгоор хоёрдогч түүхий эд болгон ашиглах боломжтойг тогтоосон байна.
    Одоогийн байдлаар боловсруулсан бордоог хүнсний ногооны 14 төрөл, 50 орчим тасалгааны цэцэг, хайлаас модыг үрээр, үхрийн нүдийг үрсэлгээгээр, хөх тариа, буудай гэсэн төрлүүдээр ургамлын өсөлт хөгжилтийн нөлөөлөл болон аюулгүй байдлын туршилт судалгааг явуулж байгаа аж.
    Туршилтын технологич Р.Гэрэл “Бордоо болгох үйл ажиллагаа биологийн бактерийн аргаар явагддаг. Бидний туршилт хийхээр тариалж бордоо ашиглан ургуулж буй цэцгүүд дээр зөгий, эрвээхийнүүд их сууна. Хоёр ч модонд шувуу үүрлэж өндөглөсөн. Маш сайн дамжлага явуулж шатаах хүртэл арга хэмжээ авсан ч энэ төрлийн хаягдал агаарт хорт хий гаргах, шингэн төлөвт байхдаа хөрсний усанд нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавруудтай. Харин түүний оронд бордоо болгон боловсруулах нь нэг шийдэл мөн. Лагийг тунгааж шүүсэн өтгөний 75-80 хувь нь органик бодис байдаг. Үүнийг бид хими, биологи, физикийн аргаар задалж үзсэн. Хамгийн тохиромжтой нь биологийн арга гэдэг нь батлагдсан. Гадаа хэдий чинээ дулаан байна төдий чинээ хурдан бордоо болгон боловсруулах боломжтой. Агаарын температур арваас доошилбол   идэвхжил буурдаг. Тиймээс бид нүүрстөгчит материал буюу үртсээр бактерийг хооллож, үржүүлж лагтай хольдог. Дулааны улиралд л манай үйл ажиллагаа идэвхтэй явагддаг. Харин өвлийн нөхцөлд бактериуд унтаа нөхцөлд орж хавар сэргэдэг” хэмээсэн юм.
1 га газарт 700 ширхэг мод тарихад лагаас гарган авсан бордоог ашиглажээ
Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд 1 га газарт 700 ширхэг мод тарихад лагаас гарганавсан бордоог ашиглажээ.
    Сүүлийн 30 жилийн хугацаанд Нийслэлийн ногоон байгууламжийг өргөжүүлэх, арчлан тордоход зориулан жилд 15000-20000 м3 хар шороон хөрсийг хотын ойр орчмоос зөөвөрлөн хэрэглэж байгаа бөгөөд хотын ногоон бүсээс хар шороон хөрс олборлох нөөцгүй болсон талаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд анхааруулсаар байгаа энэ үед бордоог ашиглах нь нэг гарц мөн аж. Учир нь бордоо нь химийн нэмэлт бодисгүй, эрдсээр баялаг бөгөөд ойн хөрсний үнэртэй, ашигтай амьд бактери агуулсан тул хөрсний амьсгалах чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ ус хуримтлуулах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Бордоог
уул уурхайн нөхөн сэргээлт,
хөрсний доройтлыг арилгах,
хотын ногоон байгууламжид ашиглах,
гэр хорооллын хөрсний бохирдлыг арилгах,
нүхэн жорлонг цэвэрлэх, үнэргүйжүүлэх, ариутгах,
хар шороон хөрсийг орлуулах,
цахилгаан станцуудын үнсэн санг хучих,
хог хаягдлыг булахад хучих зэрэг олон талаар ашиглах боломжтой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ