ПЛАТОНЫХ ШИГ ДУРЛАЛ

Олон хаврын өмнө дөө. Ийм нэгэн явдал болж билээ. Эртний Герегийн Платон гуай үүнд хамаагүй хэрнээ бас цаад утгаараа хамаатай ч юм шиг.
Би ажилд ороод хэдхэн хонож байж. Ажил тарах дөхөөд би алсын булангийнхаа ширээнд шигдээд юмаа бичин чимээгүйхэн сууж байлаа. Гэтэл гаднаас сүр сар гээд нэг бүсгүй орж ирэхэд заалаар нэг чимээ шуугиан болов.
Шинэкоов би ч яахав, нүднийхээ шилний дээгүүр үйл явдлыг сэжиг авахуулалгүй тагнаад л. Тэгсэн чинь хар мини юбкний дор цав цагаан гуя хас гялалзаад эвгүй, бас эвтэй гэдэг нь.
Би тэр гялбааны хөдөлгөөнийг нүднийхээ булангаар дагуулангаа ажлаа хийгээд л. Тэгсэн чинь бишдлээ шүү. Туфлийн тог тог гэх чимээ яахын аргагүй миний ширээг чиглээд л. Миний зүрх гэнэт түг түг гэж цохилоод л. Өнөөх хар мини юбк, түүний дор гялалзах гуя хас ширээний минь өмнө ирээд зогслоо.
-За сайн уу, залуу?
-Анха.
-Гэрт хүргээд өгөх хүн олддоггүй юм даа. Чи арай хүргээд өгчих юм биш биз?
-Миний ажил арай дуусаагүй л...
-Удахгүй биз дээ. Дуусгаад хүргээд өгвөл сайн л байна шүү?
-Анха...
Намайг өдөж басамжилсан түүний мишээл. Тэгээд надаас эргээд холдон одох мини юбк, нүд гялбам гуя хас. Би ажлаа гэнэт маш хурдан дуусгаад цүнхээ үүрээд гарахад хажуугийн ширээний ах учиртайхан нүд ирмэх нь эвгүй. Шатаар яаран бууж жижүүрт баяртай гэж хэлээд гадаа гарахад үүдэнд такси. Таксинд өнөөх хар мини юбк, гялалзах гуя хас суув. Такси хөдлөв, би үлдэв...
Яая, муухай хийлгэлээ дээ гэж бодоод онигоонд орсон товарищ би бээр монгол санамжтай "Монтекарло" гаргаж асаагаад, нэг сайн уушиглаад харанхуй гудамж руу шингэж оров оо. Тэр бардам бүсгүйг дүрслэн бодсоор нэг мэдэхнээ Гандангийн дэнжийг даваад хорооллынхоо нутаг руу хөл тавьчихаж. Байрныхаа гадаа вандан дээр баахан суув. Ямар сайхан тогтуун дулаахан үдэш вэ. Ямар сайхан хөөрч жингүйднэ вэ, энэ сэтгэл. Хавар иржээ гэж...Тэр бүсгүй өөрөө ч мэдэлгүй миний хөлдсөн сэтгэлд хавар авчирчээ гэж...
Цаг хугацааны давшилтаар мэдээж шинэкоов нөхөр хуучинкоов товарищ болсон нь ойлгомжтой. Тэр бүсгүйтэй ч ойр танилцсан нь тодорхой. Харилцан өгч авалцсан зүйл ч цөөнгүй. Хамтдаа гоё байдаг байв. Өөрсдийгөө ердөө хүчлэлгүй дотносч, инээж ханиадаг байв.
Анхны цас хөврөн хөврөн ороход ажлаасаа хүүхэд шиг гүйлдэн гараад аль том хөвсгөр цасан ширхэг байна, түүнийг амаа ангайн отож байгаад үсэрч ирээд “Хопп” гэж үмхээд л. Ажлынхан цонхоор хоёр гажиг юмыг харж баясаад л, инээлдээд л. Иймэрхүү романтик тэнэглэлийг хамтдаа зөндөө хийдэг байж...
Ажлын залуучууд нэг зун зуслан дээр нийлсэн юм. Голын эрэг дээр овоо дүрэм мүрэмтэй хөлбөмбөг тоглож эхэлснээ булхай энэ тэр ороод, сүүлдээ бүр усаар байлдацгааж шалба нороод. Тэгээд хос хосоороо мод руу ороод. Би өнөөх бүсгүйтэй модны сүүдэрт үнсэлцэж хэвтээд. Хажууханд уулын горхи шаржигнаад. Бараг л диваажин.
Тэгэхэд тэр бүсгүй үсээр минь наадангаа ингэж хэлсэн юм.
-Чи нээрээ сонин хүүхэд шүү. Яавч энэ дэлхийнх биш, харь гаригийнх байх аа. Би чамаар их бахархдаг шд, миний муу лунатик минь. Яагаад ч юм чамайг бүдэрчихвий, фаакталчихвий гэж яг л хүүдээ санаа зовж байгаа эх шиг л байх юм. Ойлгож байна уу, чи?
Бидний харилцааг яг оноод хэлчихсэн. Үнсэлт хүртэл бид хоёрынх ямар ч гэх юм, тийм ариухан, хиргүй байсан гэх үү дээ. Муза гэдэг дээ. Онгод энэ тэрийг дуудан жигүүр ургуулагч. Миний хувьд тэр бүсгүй яах аргагүй муза минь байсан...
Мэдээж ажил дээр бид хоёрын тухай элдэв яриа гарах. Удирдлагын түвшинд ирээдүйтэй залуу боловсон хүчин утгаар нь бид хоёрыг суулгах "Ы" төлөвлөгөө хүртэл яригдаж байсан гэх. Бид хоёр суугаагүй, ойлгомжтой.
Тэр залуустай үерхэж, би ч бас яаж зүгээр байхав, хааяахан энд тэнд хүүхнүүдтэй цэнгээд. Тэгтэл нэг өдөр манай хүн гадаадад томилолтоор явав аа. Байдаг л явдал, тийм ээ?
Гэтэл би яаав аа? Ажил нэг л утгагүй санагдаад, гараас ч юм гарахаа болив. Дотор нэг л хөндий хоосон оргиод. Сүүлдээ бүр тэсэхээ байгаад ажлаа тасалж баар цэнгээний газраар хэсүүчилдэг болов. Гэртээ ч хонохгүй, үс сахал ургаж царай алдаад. Муза орхиод явсан гээд л тэр. Сонин шүү.
Төдөлгүй түүний томилолт дуусав. Би ч хачин царайлсан юм мухрын ширээнээ суугаад ажлаа хүчлэн явуулж байв. Гэтэл сүр сар! Муза минь цоглог гээч ороод ирэв шүү. Манайхан түүн дээр шаваад л сүйд. Би ч яахав, жигүүр нь хугарсан амьтан цаасаа сараачаад л.
Тэгсэн чинь туфлийн тог тог гэх чимээ яахын аргагүй миний ширээг чиглээд л. Миний зүрх гэнэт түг түг гэж цохилоод л. Хар мини юбк, түүний дор гялалзах гуя хас ширээний минь өмнө ирээд зогслоо.
-За сайн уу, залуу?
-Анха.
-Хамт хоолонд орох хүн олддоггүй юм даа. Чи арай хань болох юм биш биз?
-Анха. Одоохон.
(Би бас туниад байгаа юм аа , амьхандаа.)
Гарч гуанзанд хооллов.
-Чи минь яасан аймаар царай алдаа вэ? Зүгээр үү? гээд л баахан байцаалт өрнөлөө. Тэгж тэгж би эргээд би болж, бас наргиа энэ тэр ярьж хэл ороод. Тэр надад гадаадын сувенир авчирснаа бэлэглээд. Сэтгэлд дахин хавар айлчлаад...
Ийм нэгэн сонин, яг л эртний эрдэмтэн Платоных шиг биеийн бус, зөвхөн сэтгэл зүрхний нандин ариун хайр дурлал намайг нэгэнтээ ниргэж билээ . Үүнд ниргүүлж үзсэндээ би ерөөсөө харамсдаггүй юм даа гэж.
Н.Баттүшиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ