Бид хоёр, бас гудамжны гэрэл, тэгээд намуухан будрах цас

Тээр жилийн өвөл найз бүсгүйтэйгээ баар хаатал элдвийг ярьж пийвдээд. Хоёулахнаа бүжиглэж романтиклаад. Тэгээд комбинат руу такси барьж тэднийд очиж хонох гээд. Очоод бүүр оронд орчихоод юунаас ч юм улаантан цагаантан болоод. Харилцан гомдож туниад. Би явлаа гэж харанхуй шөнөөр томроод. Тэр явуулахгүй гэж хариу томроод. Тэгээд би гарч давхиад. Тэр араас гарч давхиад. Нэг мэдсэн чинь тэр миний урд давхиад. Би араас нь давхиад. Тэгээд тэр намайг биш би түүнийг "Битгий яваач" гээд. Гэтэл тэр бүр хурдлан гүйгээд. Би араас нь хаазлан жирийлгээд. Тэгсэн чинь тэр баригдахаа мэдээд гэнэт тоормозлож доошоо суугаад. Би эрчээрээ түүнд тээглэж жалга руу онхолдоод. Наммм...
Дээш харвал оддыг хаасан үүлс ягаарч туяараад. Гэнэт нүүрний өмнөхөн сар...биш юм аа, түүний царай гэрэлтээд. Нүд нь эргэлдээд, халуун амьсгал нь нүүр бүлээцүүлээд. Тэр холоо шидэгдсэн миний хагарч шамшийсан нүдний шилийг олоод. Зүүх гэтэл баруун нүдрүү бүлээхэн юм урсаад. Цуссссс....
Баруун хацраараа хөлдуу хөрсийг хагалаад, яаяаяа! Тэр алчуур гарган миний шархыг болгоомжтойхон арчаад. Тэгээд бид хоёр тээр доор харагдах гудамжны гэрлийг чиглэн алхаад. Яг гэрлийн доор очиход цас намуухан будраад. Шархтай хацраа тосон дээш харахад гижигдэн гижигдэн хайлаад. Нэг тийм зөөлхөн хөвсгөр цассссс...
Найз бүсгүй ч сормуусаа буулган хацраа тосоод. Хөвсгөр цас зөөлхөн хацар дээр нь аажуухан аажуухан буугаад.. Бид хоёр нэг нэгэн рүүгээ хараад зэрэг инээлдээд. үнэхээр жаргалтай. Энэ хорвоод зөвхөн бид хоёр, бас гудамжны гэрэл, бас намуухан орох цас...
Н.Баттүшиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ