Чимээгүй тахал буюу "Нүхэн жорлон"

    Сүүлийн жилүүдэд манай орны байгаль орчин хүний буруутай үйлдлээс болж ихээр бохирдох болсон. Тэр дундаа агаарын бохирдол хог хаягдалын асуудал их байдаг.  Гэвч нүдэнд утаа шиг манантаж харагдахгүйгээр бидний эрүүл мэндэд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйл бол нүхэн жорлон. Та бидний хашаандаа ухсан жорлон, муу усны нүх бүр амьсгалах агаар төдийгүй хөрс шороог бохирдуулж, гүний усыг хордуулж байна. Чимээгүй тахал гэдэг шиг бидний эргэн тойронд байж байнгын хэрэглээ болдог нойл нь аюул заналхийлж байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу. Нийслэлд 180 гаруй мянган өрхийн 800 орчим мянган хүн модон жорлон хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Нийслэлийн сая гаруй иргэний 60 гаруй хувийнх нь бохир хөрсөнд шингэж байна.  

    Учир нь хөрс шороогоо хог хаягдал, ялгадас шавхруу, химийн бодисоор хордуулсаар байгаа нь цацраг идэвхт бодисоос илүү чимээгүй хорыг дэгдээж байна. Бохирдсон хөрснөөс дэгдсэн хорт агаар уушгинд нэвтрэн, жорлонгийн ус нь ундны цэвэр устай холилдсоноос эрүүл мэндийг маань ямх ямхаар хордуулсаар байна. Гэр хороолол болон зусланд байгаа айлууд хашаандаа хоёроос доошгүй жорлонтой, дээрээс нь муу усны нүхтэй, хашаанаасаа гадуур хаа сайгүй цацсан угаадсан дундаа амьдардаг. Энэ нь хөрсний бүрхэвчийг устгаснаас чулуулаг нь ил гарч, хөрсний эвдрэл үүсгэдэг. Ийм хөрс шороо нь химийн хорт бодис ялгаруулж, хүний биеийг  чимээгүй хордуулсаар байгааг бид  анзаардаггүй.

Хэдийгээр хөрс бохирддог ч өөрөө цэвэрших чанартай гэнэ.  Органик хаягдал, нян, химийн бодисын нөлөөгөөр хөрсний өөрөө цэвэрших процесс хөрсний гадаргаас доош 0.2-0.25 метрийн гүнд явагддаг байна. Хөрсний өөрөө цэвэршилт нь бохирдолтын хэмжээ аль хэр байгаа, ямар төрлийн зүйлээр бохирлогдсон, цаг агаарын байдал, хөрсний бүтэц зэргээс хамаардаг аж. Харин манайд бол хөрсний бохирдол өөрөө цэвэршихээр хэмжээнээс давсан байдалтай байна.

Хөрсний бохирдолтоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг аж.  Бохир хөрс нь өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна.  

     Нийслэлийн Байгаль орчны газрынхан өнгөрсөн онд Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг судлаад 88 хувь нь нянгийн бохирдолтойг тогтоосон байна. Ийм байдалд хүргэсэн гол буруутан нь нүхэн жорлон. Жорлонгууд зөвхөн хөрсийг буртаглаад зогсохгүй, гүний усанд ч халдах болсныг мэргэжилтнүүд сануулсаар  байгаа аж.

Нүхэн жорлонгоос үүдэлтэй хүндрэл зөвхөн нийслэлд л тулгарсан хэрэг биш. Монголыг эзэлсэн гэхэд буруудахгүй болжээ. Орон нутаг, ялангуяа аймгийн төвүүдэд томоохон асуудал болж эхэлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны долдугаар сард Баян-Өлгий аймгийн 740 айлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тэргүүтэй холбогдох албаныхан хөрсний судалгаа хийсэн байна. Тэр айлуудын 675 нь хашаандаа нүхэн жорлонтой байсан ба үүнээс 449 нь шаардлага хангахгүй буюу нурсан, бохир нь дүүрсэн байжээ. Ихэнх айл хашаандаа худагтай, түүнийхээ ойролцоо жорлонтой байсан ба түүнээсээ ундныхаа усыг хэрэглэдэг байж.

Бид өөрсдийнхөө буруутай үйлдлээс болж эрүүлү мэндээ хордуулсаар байна. Тиймээс нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах зайлшгүй шаардлага байгаа юм. Гэр хорооллын айлуудыг орон сууцны айл шиг шугамд холбож угаадас бохироо хөрс рүү асгадаггүй болгох нь хамгийн тохиромжтой шийдэл юм.

У.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ