Монгол "мал" мөхлийн ирмэгт ирсэн үү

Манай улсын мал аж ахуйн салбарын бодлого хэцүүдэж, хар бараан сүүдэр нь улам бүр томорч байгааг олон зүйлээр нотолж болно. Гэвч малын ашиг шим, чанарыг сайжруулах хамгийн нөлөөтэй хүчин зүйл болох үржил-селекцийн ажлын тухайд санаа сэдэл авах болов уу гэж энэхүү сэдвийг хөндөв.
Уран сайхны нэг кинонд Хатан хаан шадар түшмэдүүдээ цуглуулаад шилэн хоргонд хийсэн азарган тахиа үзүүлж:
-Энэ шувуу алтан гургалдай мөн, тийм үү гэхэд нэгэн түшмэл ихэд зориглон:
-Биш ээ, азарган тахиа л байна гэж үнэнийг өчихөд түүнийг хатан хааны албат нар ордноос чирж гаргаад нэвширтэл зодож хаяхад бусад түшмэдүүд нь :
– Хатантаан! Таны энэ шувуу алтан гургалдай яах аргагүй мөн байна гэж цөм нэгэн зэрэг бөхөлзөн тонголзон байгаа нь ихэд өрөвдөлтэй, бас эмгэнэлтэй харагддагсан. Яг л ийм өрөвдөлтэй зүйл өнөөдөр Монголын мал аж ахуйд нүүрлээд байгаа болохоор энэхүү салбарт хүчин зүтгэдэг, санаа тавьдаг хойч үеийн залууус, олон түмэндээ сануулан хэлэх нь зүйтэй байх.
Олон жилийн турш ахмад эрдэмтэн, мэргэжилтнүүдийн чиглэсэн зорилготой шинжлэх ухааны үндэстэй үржүүлэг,селекцийн үр дүнд бий болсон Орхон, Хангай, Ерөө, Тал нутгийн цагаан, Байдраг, Сүмбэр, Торгууд, Жаргалант, Алтанбулаг хонь, Говь гурван сайхан, Уулын бор, Өнжүүл ямаа, Сэлэнгэ үүлдрийн үхэр сүүлийн жилүүдэд нутгийн малтай холилдон доройтож зарим нь устаж үгүй болж, зарим нь мөхлийн ирмэгт ирээд байгаа юм. Тухайн үедээ нь 60-100 мянгад хүрч байсан эдгээр үүлдрийн сүрэг одоо хэдхэн айлын хотонд үзэгдэх төдий болтлоо цөөрчээ. Учир шалтгааныг нь ольё гэхээр зах зээлийн, олон хүчин зүйлийг тоочих хэрэг гарна. Харин эдгээр үүлдрийн мал ганц хоёрхон жилийн дотор гэнэт бий болчихсон юм биш шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бүгд хэд хэдэн үүлдрийн малын гойд сайн ашиг шимийг нутгийн малд шингээн батжуулах эрлийзжүүлгийн аргыг тодорхой арга зүйн дагуу хэрэгжүүлсэн авьяас билэгт хөдөлмөр, идэвх зүтгэл, алсын хараатай зорилгын бодит биелэл байсан. Тухайлбал: Төрийн соёрхолт, Академич Т.Аюурзана тэргүүтэй мэргэжилтнүүд Орхон хонийг гаргахдаа Прекос, Цигай, Алтай үүлдрийг оролцуулан, селекцийн ажлыг 30 гаруй жил явуулсан байдаг. Түүнчлэн Акадмич Г. Чадраабал, П. Нямдовчин (ScD), Б. Аюуш Г.Батсүх, Ц.Арвий, Б. Пүрэв, Р. Жавзмаа, Д.Цэрэнсоном зэрэг мал зүйч эрдэмтэн судлаачид өөр өөрийн удирдсан судалгаа шинжилгээ, үүлдэр гаргах үржүүлгийн ажилд тус бүрдээ ажил амьдралынхаа 40 шахам жилийг зориулсан ажээ.
Өөрөөр хэлбэл үүлдэр гаргана, баталгаажуулна гэдэг хүссэн болгоных нь санаан зоргоор бүтээчихдэг тийм амар хялбар ажил биш нь тодорхой. Гэтэл малын үржүүлэг, селекцийн ажлыг дэндүү хөнгөн хийсвэрээр төсөөлж Монгол нутгийн үүлдрийн бүтцэд байсан, одоо ч байгаа ашиг шимээр онцын ялгаагүй тухайн аймаг, суманд олон зуунаар нутагшсан сүрэг малыг луйврын аргаар үүлдрээр батлуулдаг буруу зуршил газар авсаар байгааг холбогдох хүмүүс хэлсээр байна. Сүүлийн жилүүдэд нутгийн дөрвөн сүрэг тэмээ, хоёр сүрэг адуу, таван омог хэвшлийн ямаа, мөн тав зургаан хэвшлийн хонийг үүлдэр, омог болгон зарлалаа. Эдгээрийн дотор үржлийн ажлыг нь удирдсан эзэнтэй, өмнө нь зохих магадлагаа хийгдэж үүлдрийн болон үржлийн хэсэг, омгоор батлагдсан цөөхөн сүрэг байдаг аж.
Аймгийн засаг даргаар сонгогдож явсан нэг нөхөр “Би орон нутагт дөрвөн жил ажиллаа, нэг сайхан үүлдэр бий болгочихоод ирлээ. Амархан л юм байна ш дээ. Одоо батлуулнаа” гээд л давхиж явсан гэсэн. Тэгсэн үнэхээр хэдхэн сарын дараа Сайдын зөвлөлийн хуралд оруулаад шинэ “омог”-оор батлуулчихаж. Ийм хялбархан зам байсан юм бол дээр дурдсан академич, доктор, профессорууд тэдгээртэй хамтран ажилласан олон мал зүйч, мэргэжилтэн, малчид тэгтлээ оюунаа ширгээж, чөмгөө дундартал зүтгэх ямар хэрэг байсан юм бол доо хөөрхий.
Олон улсын жишгээр шинэ үүлдрийн мал нь юуны өмнө төлөвлөсөн зорилготой, батлагдсан арга зүйгээр хоёр ба түүнээс дээш үүлдэр оролцсон эрлийзжүүлгийн үр дүн байдаг аж. Мөн нутгийн малд үржүүлэг явуулсан бол сүрэг дотор хээлтүүлэгчийн хоорондоо ялгаатай хэд хэдэн удам, хээлтэгчийн бүл бий болсон байх учиртай. Шинээр батлагдаад байгаа үүлдрийн малын дийлэнх нь ийм шаардлагыг хангаагүй. Яагаад ийм амархнаар үүлдэр батлаад байна гэхээр учрыг мэдэх зарим нь дарга, сайд нарын шахаанд орж ажил амьжиргаатай байхын эрхэнд буруу буруу гээд бултаж зайлж чаддаггүй гэх зовлон ярина.
Тэрчлэн шинэ үүлдэр, омгийн малын зохион бүтээгч болж, нэр хүндэд амархан хүрэх хаалга нээгдсэн болохоор чоно борооноор гэгчээр нэг хоёрхон жил болоод солигддог сайд нь удирдлагын энэ чиглэлийн мэдлэггүйг далимдуулан чухамдаа шумуулыг зөгий, гуулийг мөнгө хэмээн хийгээгүй ажлыг хийсэн болгож харуулсан элдэв тодорхойлолт, бичиг баримт бүрдүүлэн хазахаас бусад арга чарга хэрэглэн зүтгүүлдэг байна. Ийм юм байж болохгүй гэж байр сууриа илэрхийлсэн мэргэжилтнийг адлана, янз бүрээр дарамталдаг ч тохиолдол байна. Иймэрхүү асуудлаас болоод ажлаасаа чөлөөлөгдсө эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүд цөөнгүй бий. Аливаа гаж буруу үйл хэргийн цаана албан тушаалтны ичгүүр сонжуургүй дарамт шахалт, эсвэл авлига, хээл хахууль цэцэглэдэг нь манай нийгмийн гажуудал. Үүнийг олон нийт ил тод ярьцгаах боллоо. Олны үг ортой гэдэг шүү дээ.
Гэхдээ энэхүү бичвэртээ мал үржүүлгийн чиглэлээр хийгдсэн, хийж байгаа их ажил ялангуяа малзүйч, малчдынхаа ариун их хөдөлмөр чармайлтыг үгүйсгэх, үнэ цэнийг буруулах гэсэн санааг агуулсангүй. Харин үржил селекцийн ажил шинжлэх ухааны үндэстэй, зөв голдиролоор яваасай, гэсэн зорилготой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ