Н.Энхсайхан: Хүн бүрт ижил ногддог 24 цагийг хэрхэн зарцуулах нь таны сонголт

Арван нэгхэн настай ч “Би ер нь номоор л амьдарч байгаа” гэж бардам хэлэх Э.Мишээл болон түүний ээж Н.Энхсайхантай хүүхдээ хэрхэн номд дурлуулж, боловсролд шимтүүлж чадсан талаар нь ярилцаж байсан билээ.
Монгол улсын технологийн салбарт түүчээлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл, Мэдээлэл, технологийн Эмпасофт Академийн гүйцэтгэх захирал Н.Энхсайхантай ярилцлаа.
-Юуны түрүүнд танд 2019 оны “Шилдэг уншигч”-аар шалгарсанд баяр хүргэе. Энэ жилийн номын баярын сонин сайхнаас хуваалцахгүй юу?
-Маш их баярлалаа. Номын баярыг зарим хүн ном зарах талбар, ном хямдхан авах газар, зарим нь зохиолчидтой уулзах цэг гэж хардаг. Харин зохион байгуулж буй хүмүүсийн хувьд бусдадаа нөлөөлөх боломж гэж үздэг. Номын баярт ирсэн зуун хүнээс хоёр нь гэртээ очоод хүүхдэдээ ном уншиж өгвөл үр дүн нь гарч байна гэсэн үг. Энэ жилийн номын баярт би охинтойгоо хамт уригдаж илтгэл тавьсан. Мөн энэхүү эрхэм шагналын эзэн болсон.
-Мэдээлэл, технологийн салбарт эмэгтэй хүн удирдах албан тушаал хашна гэдэг их ховор юм шиг санагддаг?
-Би энэ салбарт анх хөл тавихдаа бүх юмыг тэгээс эхэлсэн. Microsoft гэдэг үгнээс цаашгүй мэдлэгтэй байлаа. Уг мэргэжлээр ажиллахын тулд маш их хурдтай, идэвхтэй байх ёстойг ухаарч шаргуу суралцаж эхэлсэн. Дэлхий дахин энэ ажлын талбарыг зөвхөн эрчүүдийн ертөнц гэж хардаг байсан үе бий. Монголын технологийн салбарт ажиллаж буй нийт хүмүүсийн ердөө 25 хувийг л эмэгтэйчүүд эзэлдэг.
Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж, технологи дахь эмэгтэйчүүдийн нөлөө хүчтэй болж буй энэ үед Монголд ч гэсэн энэ талаар хэлэлцэх талбар хэрэгтэй.
Ингээд манай академи эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан мэдээлэл, технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг баярлуулж дуу хоолойг нь сонсох зорилгоор Women in Tech үйл ажиллагааг зохион байгуулж байсан.
- Технологийн салбар дахь эмэгтэйчүүдийг цуглуулсан анхдагч үйл ажиллагааны үр дүн хэр байв?
-Бидний төсөөллийг давсан үр дүн үзүүлсэн. Манай улсын энэ салбарт ажилладаг эмэгтэйчүүд ямар чадварлаг юм бэ гэж гайхсан шүү. Дэлхийн хэмжээнд цөөн хэдэн хүн эзэмшдэг сертификаттай эмэгтэйчүүд ч байлаа. Тус үйл ажиллагаа нь Монгол эмэгтэйчүүд технологийн салбарт амжилт гаргаж болдгийг харуулж бусдад үлгэр дууриалал, урам зориг түгээж чадсан. 2022 онд эрэлттэй болох арван мэргэжлийн долоо нь мэдээлэл технологийн салбартай холбоотой байна. Үүнээс энэ мэргэжлийн үнэ цэн харагдаж байгаа юм.
-Манай улс IT мэргэжлээр суралцдаг, ажилладаг охид эмэгтэйчүүдэд хэр дэмжлэг үзүүлдэг бол?
-Дэлхий даяар STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн чиглэлээр суралцдаг, ажилладаг охид, эмэгтэйчүүдийг дэмжих сан, хөтөлбөрүүд маш олон байдаг. Харин Монголд тун цөөн. Түүнчлэн манай охид энэ салбарыг тийм ч их сонирхдоггүй. Өөр мэргэжилтэй байсан ч мэдээлэл технологийн салбар руу хөрвөх боломжтойг мэддэггүй.
-Боловсрол эзэмших хүсэлтэй залуус харьцангуй ихэссэн юм шиг санагддаг?
-Намайг багшаар ажиллаж байхад оюутнууд “би бакалавраа төгсөөд шууд магистрт сурна” гэж их ярьдаг байсан. Миний хувьд Монголын боловсролын шатлал, үнэ цэн унасан гэж дүгнэдэг. Дэвшин суралцах гэдгийг ажиллаж туршлага хуримтлуулж мэргэших арга зам гэж ойлгодоггүй. Юу хийхээ ч ойлгоогүй, суралцсан мэргэжлээрээ ирээдүйд ажиллах эсэхээ ч тодорхойлоогүй байж дэвшиж суралцах гэж яардаг. Энэ бол тоглоомын үе давдаг шиг ямар нэг хязгаарт хүрэх зүйл огт биш.
-Яг энэ талаар хийсэн ямар нэг судалгаа байдаг болов уу?
-Бид Монголд мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутнууд дунд судалгаа явуулж үзсэн. Ингэхдээ төгсөөд юу төлөвлөснийг нь тандах зорилготой байсан. Үүний үр дүнд дийлэнх буюу 70 хувь нь үргэлжлүүлж сурна, гадагшаа явна гэж хариулсан. Төгсөөд ажлын байранд гарах хүсэлтэй оюутан тун цөөн байсан.
-Гадаадад сурах, амьдрах хүсэлтэй хүмүүс маш олон болсон шүү дээ?
-Тийм ээ. Залуучууд гадагшаа сурахаар их явж байна. Нэг талаараа сайн хэрэг. Нөгөө талаараа гадны оронд сурч мэдсэн зүйлсээ Монгол улсынхаа хөрсөнд буулгаж байгаа нь хэд байна вэ. Шижигнүүлж өгөхөөр чадварлаг залуучууд Солонгост очоод аяга угааж байна. Байр авах, ахуйн асуудлаа шийдэхийн тулд харийн оронд хөдөлмөрлөж байна. Харин би тэдгээр хүмүүст хүүхдийнхээ хамгийн хэрэгтэй үед нь дэргэд нь бай, дөрвөн ханатай сууцны төлөө үр хүүхдээ өнчрүүлэн орхиж бүү золиосол гэж хэлмээр санагддаг.
-Гадаад руу явж буй шалтгаан нь манай нийгмийн шийдвэрлэгддэггүй асуудлуудтай холбоотой байх?
-Миний хувьд Улаанбаатар утаатай, хүнсний аюулгүй байдал хангагдаагүй гэх мэт шалтгаан тоочин гадагшаа явж ажиллах боломжтой. Гэсэн хэдий ч би л эх орондоо үлдэж хувь нэмрээ оруулахгүй бол өөр хэнийг хүлээх юм бэ гэсэн бодол намайг уядаг. Солонгост сайхан амьдрах боломжтой шиг Монголдоо түүнээс ч илүү сайхан амьдрах боломж бий.
Таныг менторшип хөтөлбөр зарласан гэж сонссон?
-Тийм ээ. Одоогоор 40 гаруй хүн бүртгүүлсэн байна. Хүн хүндээ хамгийн сайн нөлөөлж чаддаг. Орчин үеийн залууст хүнээс үг сонсох, урам зориг авах хэрэгцээ ангаж цангасан мэт үгүйлэгдэж байна. Энэ хөтөлбөрийг ямар ч үнэ төлбөргүй нээлттэй зарласан. Цөөн ч гэсэн залууст урам зориг, ухаарал өгөхийг зорьж байна. Миний энэ санааг найзууд маань дэмжсэн. Зөвхөн хэрхэн англи хэл сурах гэсэн сэдвээр биш сэтгэлзүйгээ удирдах, ном унших дадал цогцлоох гэх мэт өргөн хүрээтэй сэдвүүд хөтөлбөрт багтсан.
-Та өөрийнхөө хэрхэн гадаад хэл сурсан туршлагаасаа хуваалцаач?
-Хэрхэн хэл сурах вэ, ямар арга техник байна вэ гэж хүмүүс их асуудаг. Харин би өөдөөс нь “яах гэж хэл сурах гэж байгаа юм” гэж асуудаг. Хамгийн түрүүнд ямар хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлоод тэр түвшнээсээ эхэл. Гадаад хэл сайн сурвал олон үүд хаалга цэлийтэл нээгдэнэ. Би үүнийг сурахгүй бол юу алдах вэ гэдгээ мөн ойлгох хэрэгтэй. Хэн ч чамаас булаах боломжгүй ганц зүйл бол боловсрол. Хүн бүрт ижил ногддог 24 цагийг хэрхэн зарцуулах нь таны сонголт. Мөн гадагшаа яваад ирэхдээ зүгээр л наймааны хэл сурснаа академик төвшнийх гэж битгий андуураасай гэж хүсдэг. Өөрөөсөө “үнэхээр би хүний нутгаас эрдэм өвөрлөж ирж чадсан уу” гэж асуух хэрэгтэй.
-Монгол залуус болон дэлхийн бусад орны залуусын хооронд хөгжлийн ялгаа бий гэж та боддог уу?
-Үгүй ээ. Монгол болон дэлхийн бусад орны залуучууд гэсэн ялгаа зааг байхгүй. Тэдний эрч хүч, хандлага яг адилхан. Намайг Азийн технологийн хамгийн том хуралд очиход онлайнаар пүүз зараад тэрбумтан болсон залуу малгайгаа буруу харуулж өмсөөд өөрийнхөө зарж байгаа пүүзтэйгээ илтгэл тавьж байсан. Энэ чинь л залуус, Z үеийнхэн шүү дээ. Тэд бие биедээ хөрөнгө оруулаад хөгжиж байна. Дэлхийн анхааралд байгаа гол сэдвийн талаар манай залуус энд яриад зөвлөлдөөд сууж байна. Ийм учраас манай улсыг гэрэлтэй сайхан ирээдүй хүлээж байна гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.
GoGo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ