Хотын амьдрал зам дээрээ таг гацсаар "дампуурах нь"

Улаанбаатарын зам дээр хоёр гуравхан километр газар хоёр, гурван цаг таг гацсан хүмүүсийн бухимдал сүүлийн хэдэн өдөр дээд цэгтээ хүрч байх шиг. Хэл зүйн болоод учир зүйн талаас нь үзвэл бүгдээрээ нэг зам дээр үүсгэсэн эзэн биегүй нөхцөл байдал болох "түгжрэл"-ийг л харааж, зам дээр бие биенийгээ бараг зодох нь холгүй бухимдаж, машинтай явахад ч хэцүү санагдана. Сүүлдээ машин авч түгжирч байснаас, алхаад явах нь хурдан бас уур бухимдалгүй амар байдаг болж. Яг үнэндээ мөнгө нь байвал хүн бүр машин авах эрхтэй, зардлаа дийлж байвал хэн ч унах эрхтэй гэсэн ч хотод байгаа нэг сая хүн бүгд машин унавал зүгээр л зам дээрээ гэрээ бариад амьдрах биз.

“Гадаад руу үдэж өгсөн хүн нь онгоцны буудал дээр газардаж байхад, гаргаж өгсөн би нь энд гэртээ ирээгүй л түгжирч байна” гэсэн хошин яриа юм шиг болов ч үнэн дүр зураг хэсэг инээд нэмсэн. Яармагийн гүүр гэж сайхан гүүртэй боллоо, явган хүний замаас метр квадратыг нь машиных руу өглөө, маргаашийн нар луу хамт аялах гүүр барилаа, хэд хэдэн сайхан гүүрийг нээж тууз хайчиллаа, уулзварын голд шар зураас тавилаа, төмөр хашаагаар хэдэн сайхан “мал”нуудаа хашлаа, улсын дугаар тэгш сондгойгоор явж үзлээ, өргөн нарийн, өндөр намаараа явж үзлээ. Одоо нэрнийн эхний үсгээрээ явах дутуу үлдэж байх шиг байна.Бид ер нь машиндаа л зориулаад бүтээн байгуулаад, дүрэм журам зохиож тархи толгойгоо уралдуулсаар байна. Зөвхөн машинд л зориулж хийгээд байвал машинаар л дүүрэн хот бий болно, яг үнэндээ хэчнээн гүүр бариад ч түгжрэл арилахгүй гэдгийг бид харлаа, үзлээ.
Хамгийн гол нь сүүлийн 28 жилд зүгээр л "мөнгө" гэдэг "түгжээгээр" оюун санаа, сэтгэлээ "түгжсэн" нөхдүүд нэг нь зөвшөөрч, нөгөөдүүл нь барьж байгуулах нэрийн доор хувь хувьсгалтайгаа нийлэн хуйвалдаан, шунал гэсэн том "түгжээгээр түгжээд хаячихсан. Төлөвлөлтийг нь "түгжиж" чадсан "түгжигч" нар Улаанбаатар хотын минь улаан зам бүрийг хаан бөглөж ган төмөр, шил хуванцар, цемент тоосго, мод шавраар том жижиг "Түгжээ"-нүүдийг бодитоор нь барьж, хороолол дундын зам, блок хоорондын зам, хотын үндсэн замуудыг холбосон хялгасан судас, мэдрэлийн судал мэт чухал үүрэгтэй туслах зам, холбоос бүрийг нь шуналын сэдэлтэйгээр бөглөж, хааж, "амьд" мэт хөдлөн орчиж, хөгжин урсаж байх ёстой хотыг минь жинхэнэ ёсоор "түгжрэл"-д оруулж гацаачихаад өчүүхэн цалингаа хуримтлуулан байж, лизинг зээл нэмэн байж машинтай болсон жирийн иргэдийг өөрсдийг нь "түгжрэл"-ийн буруутан болгон хооронд нь хэрэлдүүлж, орк, халкаар нь дуудалцуулан таашаал авч суугаа нь харамсалтай.
Цөөхөн хэдэн байшин болгоноо хороолол гэж нэрлэн дөрвөлжин хашаагаар тойруулсаар, зам зөрөг, арк гарц бүрийг бөглөж саад босгосоор байтал Улаанбаатар хот минь Хашаанбаатар болж, энэ хашаа хаалт бүр нь хотын амьдралын урсгалыг боомилж байна.
Замын ачаалалд нөлөөлж буй хашаа хаалт бүрийг нээж, мухар зам бүрийг ямар нэгэн замтай холбож, хороолол дундын зам, блок хоорондын холбоос замуудыг стандарт болгож чадвал найрсаг хөрштэй, нийтэч амьдралтай, нээлттэй сайхан хот болоход нэгэн алхмаар ойртох төдийгүй өнөөдрийн түгжрэлийг бодитойгоор бууруулах боломж буйг хэлэх юун билээ.
Яг ийм санаачилга яваад эхлэнгүүт л нөгөө түгжрэлийг харааж байснаа мартаад "манай хорооллын хашааг нураалаа, миний цонхон доогуур машин явах нь, миний хүүхэд тэглээ ингэлээ " гээд бэртэгчин зан гаргаад, хувь хувьдаа жижигхэн "түгжээ" битгий л үүсгээд байгаасай даа.
Хэрвээ ингэж зориглож чадахгүй бол хотын А бүсээ тойруулж үнэгүй зогсоолууд байгуулж өгөөд нийтийн тээвэр, онцгой, эмнэлэг, цагдаа, бусад үйлчилгээ тээврийн машинуудаас бусдыг нь тэнд нь зогсоогоод хотын төвийн 3 км-ийн тойрог дотроо бүгдээрээ сайхан алхаж, унадаг дугуйгаа жийцгээж, богино рейсийн автобусаараа зорчицгооё доо.
Тэгээд ч Лима, Каир, Богота, Дели, Манила-д л том гоёмсог хорооллууд тогтой, тортой хашаагаар хүрээлүүлж, автомат буутай харуулаар мануулж айж түгшиж суухыг үзэж шоолж явахдаа Лондон, Берлин, Токио, Сидней, Барселон, LA, Чикаго, Вашингтон, Торонто, Оттава-д хашаа хаалтгүй сайхан хорооллуудад эвтэй найртай, жаргалтай тайван амьдарч байдгийг санан харьцуулж үзэхүй дор гагц оюун сэтгэлийнхээ хашааг нурааж, бодол сэтгэлийнхээ "түгжээ"-г нээн уужим тэнүүн сэтгэж чадсан хувь хүн хийгээд улс орны амьдрал дэвжин дээшилж, "ТҮГЖРЭЛ ҮГҮЙ" хөгжин цэцэглэх буйзаа.
Л.Энхцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ