Хуур урлаач Л.Дэмчиггарав: Миний хийсэн хөгжмийн зэмсэгүүд хийсвэр уран санаа биш, өв соёлоо сэргээн амьдруулах гэсэн мөрөөдөл минь

Төрсөн нутаг Архангай аймагтаа амьдран, хуураа урлан хөг эгшгийг нь тааруулан бас монгол эртний хөгжмийн зэмсэгүүдийн талаар судлан, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэн байгаа хуур урлаач Л.Дэмчиггаравтай ярилцлага өрнүүллээ.

Та хэзээнээс хуур урлах болсон бэ. Бага наснаасаа гарын дүйтэй байв уу ?

1976 онд улс орон даяар зарлагдсан залуу уран бүтээлчдийн улсын уралдаанд анх удаа сийлбэртэй морин  хуур хөгжмөөр оролцож тусгай байр эзлэж байсан. Энэ үеэс л хуур урлах замд орсон доо. Түүнээс хойш 40 гаруй жил болж байна.

Та өвөрмөц төрөл бүрийн хуур урладаг юм байна. Хүмүүс морин толгойтой хуурыг  л мэддэг. Гэтэл таны хуурууд өөр юм. Жишээ нь луун толгойтой хуур ч гэх шиг. Энэ нь таны уран санаа юу, эсвэл эрт дээр үед ийм хөгжмийн зэмсэг байв уу?

Эрт дээр үеэс Монголчууд тухайлбал 13 дугаар зууны үеэс  / Хубилай хааны үе / төрийн ордон, өргөөндөө 412 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим эгшиглүүлж байсан  баялаг өв соёлтой ард түмэн. Миний хийсэн хөгжмийн зэмсэгүүд хийсвэр уран санаа биш түүхэнд  тэмдэглэгдэн үлдсэн  өв соёлоо судлан сурвалжилж сэргээн амьдруулах гэсэн хүсэл мөрөөдөл минь юм.

Эдгээр хөгжмийн зэмсгийг хир зэрэг судалгаа хийж бүтээдэг вэ?

Намайг энэ сайхан хөгжмийн ертөнцөд хөтлөн оруулж балыг нь амтлуулсан хүн бол миний аав, Ж.Бадраа багш хоёр минь юм аа. Судалгаа хийлгүй яахав. 30 гаруй жилийн хөдөлмөрөө судалгааны ажилд зориулсан даа. Багшийнхаа хийсэн  судалгааны материал дээр тулгуурлан нутаг нутгийн онцлог, зан заншлыг нь шингээж дуу дуурьсал, хэв шинж, загвар хийцийг нь гарган урладаг.

Хөгжмийн зэмсэг хийдэг материалуудаа хаанаас  бэлтгэдэг вэ?

Хөгжмийн үйлдвэрүүд болон, ахуй амьдрал, байгалаасаа материалаа сонгон авдаг.

Таны хийсэн хөгжмийн зэмсэгээр ямар ямар хөгжимчин, хамтлагууд тоглодог вэ?

Анх морин хуур урлаж эхлэж байхад тэр бүр хүн ойлгохгүй хэцүү байсан. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш хүн болгон морин хуураа дээдлэж ирсэн. Миний хийсэн хөгжмийн зэмсэгээр Архангай аймгийн ХДТ, “Алтай” хамтлаг, МУГЖ, ятгачин Ж.Мөнх-эрдэнэ нарын олон уран бүтээлчид тоглож байна.  Язгуур хуурын төрлүүдийг хийхээс гадна  нилээд хэдэн ятга хөгжим хийсэн. Эдгээр хөгжмийн зэмсэгүүд минь  Архангайхны бахархал, Монголын нэрийг дэлхийд таниулж яваад нь баярлаж явдаг. Нийт 6 удаа өөрийн хийсэн хөгжмийн  зэмсгийн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж тоглолт хийсэн.

Ардын хөгжмийн хамтлагууд янз бүрийн хөгжмийн зэмсэгээр тоглодог болсон. Үүнийг өөрсдөө  шинээр зохиож таньд захиалга өгч хийлгээд байна уу?

Монгол туургатан хөгжмийн зэмсэгийн баялаг сан хөмрөгтэй. Түүнээс л сэргээгдэж  урлан бүтээж байгаа хөгжмийн зэмсэгүүдээр л хамтлагууд тоглож байгаа юм. Хөгжмийн зэмсэгүүдийг хийдэг мэргэжлийн олон газар  бий.

Хөгжмийн зэмсэг урладаг хүн өөрөө авъяастай байдаг байх. Та хөгжимөө тоглодог уу. Урласан хөгжмийн зэмсгийнхээ хөг аялгууг хэрхэн тааруулдаг вэ?

Би хөгжим тоглохгүй. Гэхдээ хийсэн хөгжмийн зэмсэгийнхээ өнгө тонныг мэргэжлийн хэмжээнд сонсож чадна.

Таныг жүжигчин Д.Сосорбарамд нэг өвөрмөц ховор хуур хийж бэлгэлсэн гэж сонссон. Тэр талаараа яриач?

Би  урлагийн   Янжинлхам бурханы  мутарт байдаг Биба гэдэг хөгжмийн зэмсгийг 1990 оны үед анх хийж аймгийнхаа “Монгол эгшиглэн” чуулгад анх тоглуулж, хөгжмийн хамтлаг маань ардын язгуур урлагийн алтан өргөмжлөл, тэргүүн шагнал авч байсан. Дараа нь дахиад нэгийг шинээр хийж, яаж дуугаргах, ямар аялгуу тогловол сайхан байх талаар хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Баттөмөр багштай ярилцаж байгаад / тухайн үед багш маань манай аймагт урилгаар ажиллаж байсан /  ерөөсөө  Сосорбарамд өгье “Дорны цагаан  саран” дуугаа дуулж, тогложяваг гэж бодоод найздаа дурсгасан даа.

Та зөвхөн хөгжмийн зэмсэг л урладаг уу. Өөр зүйл хийдэг үү?

Би зөвхөн хөгжмийн зэмсэгээ л урладаг. Манай аймаг шанаган хуурын өлгий нутаг. Эртний хутаг хувилгаадын ордон, өргөөнд залагдан тоглогдож, өв дамжин хадгалагдаж байгаа соёлын үнэт өв, өвлөн тээгч нартаа л хадгалагдаж байдаг. Тэдэнтэй холбоотой байж язгуур хөгжмийн зэмсэгээс нь загвар авч, орчин үеийн тайзны бүтээлд тохируулан урлан бүтээж байгаа.

Та шавьтай юу. Ар гэрийхэн тань аль хир дэмждэг вэ?

Би цөөхөн гарын шавьтай. Хөгжмийн зэмсгийг тэр бүр хийх хүн олдохгүй их чимхлүүр ажил шүү. Хүмүүс сурах гэж ирдэг л юм. Жоохон суугаад л залхаад авдар саваа хийсэн нь дээр юм байна гээд яваад өгдөг дөө. Манай гэрийхэн маш их дэмжиж тусалдаг. Би чинь 3 хүүтэй. Хүүхдүүд маань цөм л хийнэ. Гэхдээ бага хүү маань бүхнийг хийж сурч байгаа хүн дээ.

Нэг бүтээл гаргахад хир хугацаа ордог вэ?

Нилээд хугацаа орно шүү. Бодно, судлана, зураг, схез гаргана. Урлана, хөг тавина, чимэглэнэ, дуугаргана гээд л хугацаа шаардана шүү.  Сайхан дуугаргахын тулд хэд дахин хийх ч явдал бий.

Таны урласан хөгжмийн зэмсэгүүд хир эдэлгээ даадаг вэ. Засварыг өөрөө хийдэг үү?

Дээрээс нь дараад уначихгүй л бол гарын ая даана. Хөгжимчин хүний халамж хэрэгтэй дээ. Хөгжмийн зэмсэгүүдээ өөрөө засварладаг.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.    

Эх сурвалж: Монгол, кирил хос бичгийн ОЮУНТҮЛХҮҮР ЭРДЭМ сэтгүүл


СЭТГЭГДЭЛ БИЧИХ