ИХ ТЭНГЭРИЙН БӨӨГИЙН МОДНЫ ЦААНА “ХЭЭРИЙН ГАЛЛЕРЕЙ" НУУГДАЖ БАЙНА

Богд уул, туул гол нь нийслэлчүүдийн ганц агаар салхинд гарч малгайн үсээ сэргээдэг ганц газар юм.
Цас бударсан өнгөрсөн амралтын өдрүүдээрээр салхинд гарахаар нийслэлчүүдийн нэгэн адил Богд уулыг зүглэхдээ хажуугаар нь гарах тоолонд сэтгэлийн мухарт түүх өгүүлдэг нэгэн дурсгалыг талаар энд өгүүлье гэж бодлоо.
Улаанбаатар хотын өмнө Богд уулын замын урд талд Их Тэнгэрийн амны зүүн үзүүрийн хойшоо харсан хадан хясаа, түүний наана байх бөөгийн зан үйл бүхий хадгаар уясан хэдэн тооны модыг хүн бүр л харж өнгөрдөг.
Тэгвэл тэрхүү хадан дээр хоёр өөр үеийн хосгүй дурсгал байдаг гэдгийг цөөн хүмүүс мэдэх байх.
13 зууны үе ба 3000 жилийн өмнөх үеийн хосгүй хоёр дурсгал уг хадан дээр хадгалагдан үлдсэнийг 1960 онд Зөвлөлтийн нэрт эрдэмтэн А.П.Окладников илрүүлэн, нээжээ.
Энэхүү хадан дээр 13 дугаар зууны монголын аж амьдрал, түүх, соёл, хувцас дизайны урлаг, дүрслэх урлаг, бичгийн соёл зэрэг олон хосгүй дурсгалыг агуулсан зосон бичээс байдаг.
Улаан зосоор дүрсэлсэн дотроо олон толботой дөрвөлжин хашлага, хүний тойм дүрслэл, халин нисч буй бүргэд, адуу, хашлаганы доод талд хоёр зэрэгцээ замаар адуу хөтлөн явж буй хүмүүсийг тоймлон дүрсэлсэн байдаг юм байна.
Зосон зургийн эл дурсгал нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед хамаарах бөгөөд утга зүйн хувьд эртний нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, мал ахуйн үржлийн бэлгэдэлтэй холбон тайлбарладаг.
Мөн улаан зосон зургуудын дэргэд хар бэхээр монгол бичгээр “Мөнх хөх тэнгэр” гэсэн бичээс буй.
Түүнчлэн монгол дээлтэй эмэгтэй, эргэн харж байгаа цоохор толботой согооны зураг байдаг юм байна.
Дугираг царай, онигордуу нүд, богтог малгай, урт хормойтой, өргөн ханцуйтай дээл, бүдүүн түрийтэй ээтэн хоншоортой монгол гуталтай монгол эмэгтэйн зураг нь маш тов тодорхой харагддаг ажээ.
Энэ бол XIII-XIV зууны үеийн монгол эмэгтэйн дүрийг хадны зурагт дүрслэн үлдээсэн цорын ганц дурсгал гэнэ.
Өндөр оройтой малгайг судлаачид XIII зууны монголын язгууртан эмэгтэйчүүдийн өмсдөг байсан богтог малгай мөн хэмээн үздэг.
Монголын Юан гүрний их хатдын хөргийг өндөр богтог малгайтай зурсан байдаг бөгөөд Монгол нутагт малтсан XIII зууны үеийн монгол эмэгтэйн булшнаас үйсэн хатуулга бүхий богтог малгайн олдворууд цөөнгүй илэрч олддог.
Эл дурсгалыг БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хоёр дугаар зэргийн хамгаалалтад, Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авсан юм байна.
Улсын хамгааалалтад байгаа энэ дурсгал одоо хамгаалалтын хашаа, тогтоосон бүс ч байхгүй, тайлбар сэлт ч үгүй нар салхинд онгож гандан түүх өгүүлэн дүнсийн байна.
Наана нь босгосон шашны зан үйлийн модыг хүмүүс хараад түүгээр төсөөлж өнгөрөхөөс өөр түүний цаадахь хаданд нуугдсан түүх, соёлын үнэт дурсгалын талаар мэдээлэл ч үгүй байгаа нь харамсалтай.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2020 онд 1 сая жуулчин авна гээд байгаа хирнээ Улаанбаатар хотод Гандан, Зайсан, Сүхбаатарын талбайгаас өөр үзүүлэх юмгүй гэдэг.
Тийм ч учраас жуулчид нийслэлээр дамжин өнгөрөөд хөдөөг зүглэдэг. Тэгвэл нийслэл хот орчмын бүсийг аялал жуулчлалын болгож хөгжүүлвэл үзүүлэх археологийн дурсгалууд байна.
Хадны “сүг” зураг гэдэг үг нөгөө талаас сөрөг сэтгэгдэл төрүүлээд байдаг учир “хээрийн галерей” гэж нэрлэе гэсэн хүмүүс ч байдаг.
Энэхүү их тэнгэрийн амны хадны сүг зураг, Бэлхэд байх Хүннүгийн язгууртны булш, Туул голын урд, Шувуун фабрикийн замын хойд талд байрлалтай Хэрэйдийн ван хан Туулын Хар Түнийн орд байна.

Монголын нууц товчоонд Чингис хаан Хэрэйд аймгийг эзлэн уг ордыг өөрийн дөрвөн ордны нэг болгосон түүхтэй. Чингис хааны амьдарч байсан газар бидний ийм ойрхон байхад түүнийгээ хайрлан хамгаалж, хүмүүст үзүүлж, жуулчдад гайхуулах бус уу.
Их тэнгэрийн амны хадны дурсгал ийм эмгэнэлтэй байхад Бэлх дэхь Хүннүгийн язгууртны булштай залгаа шахуу баар, ресторан байгуулагджээ. Дэлхийд байдаг Хүннүгийн булшны 90 хувь монголд байдаг агаад Буриад бас бий аж.
Улсын хамгаалалтад орсон эдгээр дурсгалуудыг улс хэрхэн хамгаалдаг талаар Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн мэдээллийн сан ба авран хамгаалах салбарын эрхлэгч Ч. Амартүвшингээс асууж тодрууллаа.
Их тэнгэрийн хадны зураг улсын хамгаалалтад байдаг юм байна. Үүнийг улс яаж хамгаалдаг юм бэ?
Засгийн газрын тогтоолоор улсын хамгаалалтад авсан байдаг ч гэлээ ёс төдий юм даа. Манай археологчид судалгаа, шинжилгээний ажилдаа илүүтэй анхаарч байна.
Бид 2015 оноос хойш холбогдох байгууллагуудад санал тавьж байгаа. Хот орчмын археологийн дурсгалуудыг хамгаалах талаар үнэлгээ хийж, дүгнэлт гаргаад төсөл бичсэн ч дэмжигдээгүй байна.
Улаанбаатар хот орчмын бүсэд археологийн дурсгалууд нилээд бий.
Үүнийг төр, засгийн ямар байгууллага нь илүү анхаарах ёстой юм бэ?
Үүнд Хотын захиргаа илүү анхаарал тавих ёстой.
Соёлын өвийн төвөөс сэргээн засах ажлуудыг хийсэн байгаа. Энэ бол хоёр өөр үеийн түүхийг харуулсан хосгүй нандин өв юм.
Гэтэл зун цагт хүн явахын аргагүй халгай ургачихдаг наана нь бөөгийн зан үйлтэй холбоо бүхий эд байдаг зэргээс болоод хүмүүст үзэж харах боломж байхгүй байна.
Их тэнгэрийн замаар сүнгэнүүлэн давхих манай төр засгийнхан түүх соёлын үнэт дурсгал руу ганц ч болтугай хараад авралын гараа сунгаасай.
Хүрэл зэвсгийн үе, XIII зууны үеийн түүхийг өгүүлэх түүх, соёлын нандин дурсгал халгай, шарилжид идүүлэн, он цагийн түүчээнээс бидэн рүү гунигтайхан харан байна.
Э.САРУУЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ