Д.Сумъяабазар: 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох эсэхийг шийдээгүй байна



    УУХҮЯ-наас сар бүр зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" ээлжит хурлаа хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Хурлын эхэнд  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  Уул уурхайн хүнд үйлдвэрийн салбарын 2019 оны эхний 11 сарын статистик мэдээг танилцууллаа. Тэрээр “ Уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн татвар хураамж 2019 эхний 11 сарын байдлаар 2.4 их наяд төгрөг хүрээд байгаа. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 518.6 тэрбум төгрөг буюу 26.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

-Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2019 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 16.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өслөө. Харин Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний 11 сарын байдлаар 18.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөгөөр өссөн байгаа.

-Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 11 сарын байдлаар гүйцэтгэлээр 12.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.6 хувиар буюу 787.1 сая ам.доллараар өссөн. Харин экспорт 7.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 574.8 сая ам.доллараар буюу 8.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа” гэлээ.

    Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.

-Нефть боловсруулах үйлдвэрийн ажлын явц ямар байна вэ?

-Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн ажил хэвийн явж байгаа. Төлөвлөснөөс хурдан явж байна. ТЭЗҮ-ийг хүлээж авсан. Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл хугацаандаа ашиглалтад орно гэж тооцож байгаа.

-Сайжруулсан түлшний түүхий эд болон мидлингийн нөөц хангалттай байгаа юу, дуусаж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа?

-Сайжруулсан түлшний түүхий эд дуусахгүй. Хангалттай байгаа. Түлшний үйлдвэрлэл үргэлжилнэ. Харин ч үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ярих хэрэгтэй байх.

-1072 хувьцааны ногдол ашгийг олгох уу?

-Ногдол ашгийг олгох эсэх асуудлыг ярилцаж байна. Төмөр зам, эрчим хүчээ бариад, тэндээсээ тодорхой хэмжээний ашиг олоод иргэддээ хувь хүртээх үү, эсвэл хувьцааны үнэ цэнийг өсгөж, компанийн үнэлгээг тогтоож, нэгж хувьцааны үнийг олон улсын стандартын хэмжээнд тогтоох ёстой. Өнөөдөр улс төр хийж байгаа улсуудыг ойлгож байна. Энэ сэдвийг барьж авбал иргэдэд таалагдаад, сонгогдох байх гэж бодож байж болно. Компанийн засаглал, хуулиараа шийднэ. Шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бий. Ногдол ашгийг хийсэн ажлаа уялдуулж олгоно. Төмөр замаа барих хэрэгтэй. Эдийн засаг өсч байгаа ч хямралаас гараагүй байгаа.

-"Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт хэрхэн үргэлжилж байна вэ?

-"Оюутолгой"-н ажил бидний төсөөлснөөс илүү хурдтай явж байна. 1380 км-ийн гүнд дэлхийд байхгүй бутлуурын цехийг монгол залуус барьж байна. Энэ цех далд уурхайгаас бутлаад, баяжуулах цех рүү оруулах юм. Технологийн дагуу тэсэлгээ хийж, тодорхой хэмжээний хүдрээ авч, стандартын дагуу явагдаж байгаа. Оюутолгойд өнөөдөр 14 мянган мэргэжлийн чадвартай залуус ажиллаж байгаа. Залуусаа бэлтгэж, валютын нөөцөө бүрдүүлэхэд Оюутолгойн эзэлж байгаа байр суурь том. Хөрөнгө оруулалтын ажлууд үе шаттай хийгдэж байна.

-ЭТТ компанийн IPO бэлтгэл ажлын явцаас танилцуулна уу. Гаднын гурван банк болон нэг хуулийн фирмтэй хамтран ажиллахаар сонгоод байгаа гэсэн мэдээлэл байна?

-Анхны юм гэдэг тэр болгон санаснаар яваад байдаггүй юм байна. Бид бэлтгэл ажлыг нэлээд өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа. Санхүүгийн, хуулийн, техникийн, маркетингийн зөвлөх гээд бүх зөвлөхөө сонгочихсон. Бүгд гэрээгээ байгуулаад, үйл ажиллагаандаа орчихсон, хугацаатай үүрэг даалгавар аваад ажиллаж байна. Сонгосон гурван банк буюу гол чирэгч болон толгойлж орох нь Америкийн “MERRILL LYNCH”, “CREDIT SUISSE”, Японы “NOMURA” банкуудын үйл ажиллагаа идэвхжээд явж байгаа. Бүх ажил гэрээний дагуу, биржийн шалгуурыг хангаад явж байгаа учраас биржийн дүрэм журмыг зөрчсөн, хальсан асуудлыг ярих нь тохиромжгүй. Энэ нь анхааруулах шар гэрэл асахад хүргэнэ. Тиймээс санхүүгийн зөвлөхтэйгөө ярилцаад мэдээлэл өгөөд явна. Түүнээс биш нууж, хаагаагүй гэдгийг хэлмээр байна. Анх удаагийн IPO хийж байгаа туршлага дээрээ үндэслээд бид дараа нь Эрдэнэтийг, Монросцветметийг ч юм уу хөрөнгийн бирж дээр гаргах ёстой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ