Г.Занданшатар Төрийн албаны зомби амьд үхдэлүүдийг нэрлэв

УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр төрийн албан хаагчдын талаар жинтэй бөгөөд зоригтой үгийг задгайдуу гэгч нь хэллээ. 


УИХ-ын даргын хэлсэн үгнээс  монгол төр хийгээд төрийн алба хэр завхарсан нь тов тодорхой харагдлаа.

 Тэрбээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн алба төрлийн алба болж, улс төрийн шалтгаанаар халаа сэлгээ хийдэг, авлига хээл хахуульд идэгдсэн гэх шүүмжлэл байнга дагуулах болсон.

 Үүнээс улбаалаад тэрбээр төрийн албан хаагчдыг таван хэсэгт ангилж болохыг хэлсэн юм. 

1.Зомби буюу “амьд үхдэл”. Төрийн албанд гавьяа ч байгуулдаггүй, гай ч тарьдаггүй хэсэг хүмүүсийг тэрбээр ийнхүү нэрлэв.

2.Хорлон сүйтгэгчид. Төрийн албан хаагчидаас болж 2018 онд 810 сая төгрөгийн хохирол төрд учирсан байна. АТГ, төрийн албан хаагчид авлигаас болж 2 их наяд төгрөгийн хохирол төрд учруулсан талаар мэдээлсэн. Хувийн болон албан тушаалын ашиг сонирхлоор улс орны хөгжлийг хойш нь чангаагч энэ хэсгийг Г.Занданшатар дарга хорлон сүйтгэгч гэж тодорхойлов.

3. Муу гүйцэтгэгчид. Ажлыг хийдэг боловч хагас дутуу, чанаргүй, сэтгэлгүй хийдэг. 

4. Сайн гүйцэтгэгчид. Үнэн хэрэгтээ өгсөн үүрэг даалгавар, ажлыг сэтгэлээсээ, чанартай, бодитой хэрэгжүүлдэг сайн гүйцэтгэгчид бага хувийг эзэлж байна.

5. Ялагчид. Маш бага хувийг эзэлдэг.

Зомби болон хорлон сүйтгэгчид их байх тусам улс орон, байгууллагын ажил сүйтгэгдэж, нурдаг. Ялагч нар аливаа ажлыг сэтгэл гаргаж, санаачилгатай ажилладаг. Тэд зөвхөн өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэх бус шинийг эрэлхийлж, өөрийн санаачилгаар төр улсынхаа төлөө зүтгэдэг. 

Төрийн албаны шинэчлэлийн гол зорилго бол төрийн албан хаагчид, удирдлагуудыг дээр, дооргүй “ялагч” байлгах юм. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ч шаардаж байгаа гэжээ.

Үүнээс харахад Г.Занданшатар даргын хэлсэн “ялагч” төрийн албанд маш цөөхөн байгаа юм.

Зомби нарын бүлэг маш аюултай. Тэд ажил тасалдаггүй, чөлөө ч авдаггүй, хүний аяар байдаг, өрөөнөөсөө ч бараг гардаггүй. Ийм хэсэг бүлэг хүмүүс аль ч албан байгууллагад байдаг ба тэдний гараас олигтой бүтээлч зүйл огт гардаггүй. Оногдсон ажлыг хугацаанд нь хиймэр болоод өгдөг. 

Арга хэмжээ авч болдоггүй, халах гэхээр шалтгаан байхгүй ийм “өө сэвгүй” хүмүүс үнэндээ хорлонтой. Тэтгэвэрэээ хүлээгээд, өдөр шөнийг өнгөрөөж, шинээр томилогдсон дарга нарын ая эвийг олоод сурчихсан тэд бол чимээгүй дайснууд.

УИХ-ын даргын тодорхойлсон сайн гүйцэтгэгч, ялагч нар монгол төрийн албанд маш цөөхөн хувь эзэлж байгаа нь харамсалтай.

Зомби нэртэй амьд үхдэлүүд “ялагч” нарыг хойш нь чангааж, зангиа зүүж, цүнх барьсан “муу гүйцэтгэгч ” үлбэгэр сулхан нөхдүүд төрийн албыг хүчгүйдүүлж, улам сул дорой болгож байна. 


Э.Саруул


СЭТГЭГДЭЛ БИЧИХ