Зохиолч,яруу найрагч,шүүмжлэгч П.Батхуяг: Бурхан өршөөг. Өөр хариулт алга аа


  Өнөөгийн Монголын уран зохиолын ертөнцөд түүн шиг олон талт уран бүтээлч ховор гэхэд болно. Өөрөөр хэлбэл уран зохиолын үргэлжилсэн үг болон яруу найргийн бараг бүх төрлөөр бүтээж туурвихаас гадна судалж шүүмжилдэг хүн гарын таван хуруунаас илүү гараад шалихгүй гэхэд болно.

Тэдний нэг МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт,зохиолч,яруу найрагч,судлаач,шүүмжлэгч,"Хүрээ хөвгүүд"-ийн П.Батхуягтай хийсэн сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

-Өнгөрч буй жил таны нэлээн хэдэн жүжиг олны хүртээл болох шив. Ер нь уран бүтээлийн олз омог их байна уу?

-Тэгсэн шүү.Манай салбар,нийгмийн хүрээлэлд намайг судлаач,шүүмжлэгч гэж хардаг. Үнэндээ би арван хэдэн наснаасаа л яруу найраг бичиж,тэгээд мэдээж хүүрнэл зохиол,харин дараа нь уран зохиол судлал руу орсон.Одоо голдуу жүжиг нухаж байна.Энэ жилийн хувьд дөрвөн жүжиг маань тайзнаа тоглогдсон,"Саксафон"варьетте жүжиг,"Мануухай дагасан навчис"хоёр хүний драмын жүжиг,"Дүр бүхэн минийх"драмын жүжиг,"Дараагийн зогсоол"моно жүжиг.Олон сайхан уран бүтээлчтэй хамтран ажиллалаа.

Ер нь нэг талаараа тайзны урлагийг өөртөө шинээр нээж л явна даа.Бас "Хаврын өртөө"хүүхдийн жүжиг маань УДЭТ-ын уралдаанд шалгарсан.Он гараад тоглогдох болов уу.Шилдэг туужийн уралдаанд "Нохой далайн зомгол"зохиол маань мөн шалгарлаа.Удахгүй тууж,үгүүллэгийн шинэ ном хэвлүүлэх санаатай.Түүнээс гадна яруу найргийн хоёр түүвэр,эсээний нэг шинэ ном дуусгаснаа цаг нь бүрдвэл хэвлүүлнэ дээ.


-Та анхны жүжгээ хэдэн настайдаа бичсэн бэ?

-Бүр эрт арван жилийн хүүхэд байхдаа 1992 онд "Орцонд"гэдэг жүжиг оролдож,Залуучуудын соёлын төвийн жүжгийн дугуйлангийн хүүхдүүдэд өгч уншуулаад тоглуулах санаатай байсан ч бүтээгүй юм.Харин сүүлд "Би Пушкин биш"гэдэг жүжиг,дараа нь "Ганцаардлыг иднэ",тэгээд баахан ганц хүний моно жүжиг бичсэн."Момо ба моно"нэртэй ном хүртэл хэвлүүлсэн шүү.Ямар сайндаа "Моно гэдэг чинь Момо"гэж найз нөхдөдөө сайрхаж байх вэ дээ(инээв).Моно ч яах вэ жүжгийн хэлбэр,Момо гэдэг нь миний багын гэр бүлийн нэр,одоо ч бараг албан ёсны нэр маань шахуу болж дээ.

-Яагаад жүжиг бичих болов?

-Ёстой мэдэхгүй.Нэг л мэдсэн чинь жүжиг бичмээр санагдаад зориглочихсон шүү дээ.Одоо хийж байгаа ажил төрөл нөлөөлсөн байх.Тэгээд бүр дурлаад,жүжгийн санаа боловсруулж бүлэг,үзэгдэлд хуваагаад л бичиж эхэлсэн.Бодвол надад цаанаа жүжиг бичих хувь байсан хэрэг биз.Том зорилго байсан гэж худлаа яриад яах вэ.Харин жүжиг бичиж эхлээд л яруу найраг,жүжиг бичих хэн дуртайд нь оногддог ерөөл биш гэдгийг ойлгосон шүү.Хүүрнэл зохиол бол яах вэ дээ нийтийн юм.

-Таны жүжгийн багш...

-Дарма.Батбаяр шүү дээ.Анх жүжгүүдээ яаж бичсэнийг нь асуугаад,жүжгийн зохиолын талаар яриулсан юм.Багш яриад л,би сонсоод л.Их ч зүйл ойлгосон.Эхэндээ Дарма.Батбаяр багшийн ярианаас "Жүжиг гэдэг ч хэцүү эд юм аа"гэсэн бодол төрсөн шүү.Тэгээд өгсөн номуудыг нь уншлаа.Дээр нь өөрөө хайж олоод зөндөө жүжгийн түүвэр эргүүллээ.Жаахан гадарлах шиг болоод зориг шулуудсан гэх үү дээ.

-Нэг жүжиг таны гараас хэр хугацаанд гардаг вэ?

-Янз янз.Хоёр сар яг суулгасан жүжиг ч бий.Хоёр өдөр бичсэн нь ч бий.Төрөл зүйлээсээ шалтгаалдаг хэрэг л дээ.Бодож боловсруулахын хувьд толгой дотор дүр,үзэгдлүүд нь бөөгнөрч,аяндаа цэгцэрч байгаад суугаад бичих харьцангуй гайгүй.Гол нь бодох л байгаа юм.Тэр л хэцүү дээ.Анзаараад байсан чинь миний жүжгүүдийн дүр ихэвчлэн айдаст автсан хүмүүс байна билээ.Ганцаардал,цөхрөл дунд арга мухардсан шинжтэй.Бас нийгэмтэйгээ үл эвлэрэх үзэл санаатай болчихжээ.Тэгээд өөрчлөх санаатай,гэрэл гэгээний эрэлд хатагчдын тухай шинэ жүжиг бичиж байна.Баатрууд маань аз жаргалыг олцгооно.Гэхдээ тэр нь аз жаргал мөн бишийг үзэгчид шийдэх хэрэг.

-1990-ээд онд байгуулалцсан "Хүрээ хөвгүүд"бүлгийнхээ тухай ярихгүй юу...

-Надаас манай "Хүрээ хөвгүүд"-ийн тухай асуугаагүй нэг ч сэтгүүлч тааралдсангүй.Батхуяг гэхээр "Хүрээ хөвгүүд","Хүрээ хөвгүүд"гэхээр Батхуяг гэж хүмүүс боддог болтол шахуу их ярилаа.Бид тухайн үедээ Монголын уран зохиолын үзэл санааны ардчилагчид байсан.Одоо ч ялгаагүй.Бүгд л урлаг соёл,уран зохиолын салбарт хийдгээ хийсээр л байна.Баримтат кино,телевизийн урлаг,сэтгүүл зүй,уран сайхны орчуулга,уран зохиол гээд хэтэрхий өргөн салбарт үзэж тарцгааж байна.Урлаг,утга зохиолыг шинэчлэх үзэл санаа,байр суурь хэвээрээ."Бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ"гэсэн анхныхаа зарчимд үнэнч яваа.Хэдэн жилийн өмнө "Хүрээ ахан дүүс"гэж нэрээ өөрчлөн,амьдралд зөв талд нь л байхыг хичээж явна.Биднийг уран зохиолын нэгэн цагийн түүхэнд сайн муу хэлээд,янз янзаар бичсэн.Гэхдээ хожим өөрөөр харж бичнэ гэдэгт итгэлтэй байдаг даа.Учир нь нийтийн амар хялбар урсгалыг дагаж биш харин сөрж,тэрслүү сэтгэж байжээ.Тэр ч чанараараа уран зохиолд ч,урлагийн орчинд ч дараа үедээ хамгийн их нөлөө үзүүлжээ.

-Та нар цөмөөрөө хүрээнийхэн үү?

-Бүгдээрээ хотын хүүхдүүд.15 наснаасаа хойш нөхөрлөж,энэ л хотынхоо сайхан муухай дундуур хэлхэлдэж явлаа.Бидний дурсамж бараг л зуун хэдэн боть зохиол болно.Гэнэн тэнэг,гэгээтэй сайхан,гэмшиж харамсмаар ч зүйлүүдээр дүүрэн он жилүүд бий.

Ирээдүйд ч дуусаагүй шүү.нэлээн том юм бий бас тийм он цаг хүлээж байгаа."Хүрээ хөвгүүд"-ийнхэн бол миний гэр бүлийн найзууд,уулзахгүй жаахан удахаар тэднийг санаад байдаг юм.Заримдаа бүр зүүдэлнэ гээч.1990-ээд оны хотын ороо бусгаа амьдрал,хүмүүсийн зан төрх,итгэх итгэхгүйн зааг алдагдсан байдлыг харсаар байж,огт өөр ажил мэргэжил,ашиг хонжоотой зүйлс рүү гулсаж гулгаад орчхоогүй,уран зохиолд л гүнзгий автсан хувь тавилан биднийх.

-Одоо танай бүлгийн гишүүд хаана юу хийж явна вэ?

-Савка буюу Ням-Очир маань энэ сошиал орчинд "Танхай Банди"-аа хийгээд л,ойр ойрхон урагшаа явж,шашин номоо судлан,номын сандаа ажиллаж байгаа.Энхболдбаатар сэтгүүл зүйн салбарт,төр олон нийтийн ажилтай,яруу найраг бас жүжиг,кино,роман бичээд,сонин сэтгүүл гаргаад,Дашмөнх маань Америкт хүүрнэл зохиол бичиж,сүүлийн үед дэлхийн сонгодгуудыг орчуулан амьдарч байна.Батнасан одоо баримтат киноны зохиол бичиж,киногоо найруулаад,телевизийн контент үйлдвэрлээд л гялалзаж явна.Бадрал ч ялгаагүй тэр салбарт маш ихийг хийж байна.Гэхдээ хэн нь ч уран зохиолоос алхам холдоогүй.Хүн ер нь багаас татагдсан зүйлээсээ холдсон гэж харагддаг ч салж чадахгүй дотор нь л амьдраад байдаг юм байна.

-Хөх торгоор баринтагласан жижигхэн "Хүрээ хөвгүүд"номыг санаж байна...

-Бидний анхны ном л доо,"Замдаа гарцгаая,Хүрээ хөвгүүд ээ"гэдэг нэртэй.Тэгээд л замдаа гараад тэр л замаараа явцгааж байна.Ер нь хархан бага наснаасаа замаа хараад,замаа олоод,чиг шулуун сэтгэлээр урваж шарвалгүй тэр замаараа явна гэдэг сайхан.Бид түүгээрээ бахархдаг.Тэр ном гараад үнэндээ уран зохиолын амьдралд ихээхэн шуугиан тарьсан.Ялангуяа тэр "Люмпэнпастухын уран зохиол"гэдэг цуврал үгүүлэл.

Уран зохиолын хүрээнд зарим нь талархан угтаж аваад шууд хүлээн зөвшөөрсөн.Нөгөө хэсэг нь мэдээж үгүйсгэж,элдвээр л хэлсэн.Гэхдээ тэр яах вэ.Гол нь тэр үед 20 хүрээгүй шахуу насандаа тэгж зоригтой,өөрсдийгөө  тунхаглаж чадсан бацаанууд одоо ч уран зохиолд байхгүй дээ.Зүгээр ч нэг хамтын шүлгийн түүвэр байгаагүй.Онолын үгүүллээс авахуулаад яруу найраг,хүүрнэл зохиол,эсээний ном байсныг чи мэднэ дээ?

-Мэдэлгүй яах вэ.Ер нь та нар яаж танилцаж байв?

-Яривал их урт түүх шүү дээ.Эхлээд Хүүхдийн ордны утга зохиолын дугуйланд танилцаад,дараа нь хүүхдийн зохиолч Мөнгөний Чимэдийн дугуйланд хамт суралцсан.Тэгээд зохиолч Готовын Нямаагийн дэргэд "Хойчийг залгамжлагч"сонины өсвөрийн сурвалжлагчдын "Бид"нэгдэл байгуулагдахад хоорондоо нөхөрлөсөн.Шүлэг уншаад л,тамхи хувааж татаад л,хачин бадрангуй хөвгүүд явдаг байлаа.Биднийг уран зохиолд дурласан сэтгэл зүрх л танилцуулсан.Бие биенээ олж аваад л,хэн хэнийгээ таньж мэдээд л,ярьдаг нь яруу найраг,явдаг нь хотын гудамж байлаа.Уран зохиолын нөхөрлөл бидний хооронд ямар их мэдлэг дамжуулж,хоорондоо мэтгэлцэж,хэрэлдэж,муу-даж,тэр бүхэндээ маш богино хугацаанд оюун санааны хувьд өсөн өндийж,хэдэн биеэсээ суралцаж,мэдэхгүйгээ мэдэж байсан нь надад л лав ихээхэн нөлөөлсөн.Бусдад маань ч ялгаагүй тэгсэн гэж бодож байна.Би өөрийгөө тэдэнгүйгээр одоо ч төсөөлдөггүй ээ.


-Тухайн үеийн "ГУНУ","Зүс бүгэг андууд"гээд яруу найргийн хэд хэдэн бүлгээс ялгарах та нарын онцлог...

-Хариулахаас татгалзаж байна гэж битгий бодоорой.Би чиний асуултанд товчхон л хариулахыг хичээе.Бид хотын сэрэл мэдрэмжээр яруу найраг бүтээх,реалист бус аргаар хүүрнэл зохиол,онол арга зүйн өөр чиг хандлагаар уран зохиолыг судлах,илүү өргөн хүрээнд харж,сэтгэж байснаараа тэднээс ялгаатай.Одоо ч гэсэн өөр дэг зарчмаар жүжиг бичиж,уран зохиолыг судлан шинжилж,дүрсний шинэ хэлээр баримтат кино бүтээж,шашин түүх,хэний ч хөндөөгүй сэдвүүдийг зоригтой барьж авч байна.Ийм цогц туурвилтай бүлэг хаана байгаа юм бэ!?Ялимгүй онгиргон хариулт байж магад.Гэхдээ үнэн юм чинь яах вэ дээ.


-Таны яруу найргийн багш Дашбалбар агсан байх аа.Энэ их хүнтэй яаж танилцав?

-Шүлгүүдийг нь бүр хүүхэд наснаасаа уншдаг байлаа.Ер нь л яруу найргийн минь шүтээн байсан юм шүү дээ.Сонин сэтгүүл дээр гарсан шүлгүүдийг нь сурах бичгүүдтэйгээ хамт цүнхэндээ хийгээд авч явна.Харин есдүгээр ангид байхдаа анх үг сольж танилцсан юм.Дараа нь багш,шавь болсон.Миний өнгөрсөн жил хэвлүүлсэн "Очирбатын Дашбалбар"номонд орсон "Омог бардам байхын урлаг буюу Очирбатын Дашбалбар"гэдэг эсээнд анх яаж танилцсанаа бичсэн дээ.Тэр үеийн Хөгжим бүжгийн дунд сургуулийн үүдэнд тааралдаад л дагаад гүйчихсэн юм."Яруу найрагч болох уу?"гэж асуусан.Би замдаа хэдэн шүлэг уншиж өгсөн.Багш "Бичээд л бай"гэсэн юм.Бид хоёрын анхны уулзалт тэр байлаа.

-Түүний талаар хүмүүс үлгэр домог шиг зүйл их ярьдаг.Ойр байсны хувьд санаанд тань үлдсэн сонирхолтой явдлуудаас сонирхуулаач...

-Жинхэнэ домог байсан юм,багш маань.Миний амьдралдаа учирсан амьд домгуудын нэг л дээ.Би түүнээс олон зүйл сурсан.Гол нь яруу найргийн залуу үеийг ойлгох,хайрлах ухааныг илүүтэй их ухаарсан гэх үү дээ.

Аравдугаар анги төгссөн хавар анх гэртээ Анима эгч дээр дагуулж очоод,манай аав ээж,гэр бүлийн тухай асуун,уран зохиолын талаар ярьж,хажуудаа явахыг зөвшөөрсөн юм аа.Нэг удаа талийгаач Содномнамжил,бид хоёрыг дагуулаад,Энхтайван найрамдлын ордны урдуур явж байсан чинь халамцуу хэдэн залуу,багшийг дуудаад,араас нь бас доромжилсон үг хэлсэн юм.Багш шууд л эргэж алхаад тэдэн дээр оччихлоо.Бид хоёр ч дагалаа.Эхлээд нэг залуутай нь заамдалцаад,улс төрийн талаар юм яриад байсан.Тэгсэн өнөө залуучууд чинь багшид мөргөж залбираад,нэг нь гүйгээд хүнсний 20-иос шил архи авчрахад байшингийн буланд хувааж хүртэчхээд салж билээ.Хүнд тэгж амархан нөлөөлж чадах увдисыг тэгэхэд л анх харсан даа.

-Ингэхэд та "Болор цом"-д оролцож байв уу?

-"Болор цом"-ын тайзан дээр шүлгээ уншиж байсан шүү.Есдүгээр ангидаа оролцоод сүүлийн даваанд шалгарч л явлаа.Тэрнээс хойш дахиж нэг ч уралдаагүй.Ер нь тайзан дээр бараг шүлэг уншиж үзээгүй юм байна шүү.Тэр тусмаа уралдаж,уралцаж.Шавь нар "Яагаад тэгсэн юм бэ?"гэж асуудаг л юм.Би "Яруу найраг яг үнэндээ арай өөр зүйл юм гэдгийг ойлгоод л..."гэж хариулдаг.

-Уран бүтээлийн гараагаа шүлгээр эхэлсэн хүн яагаад үргэлжилсэн үг рүү орчхов?

-Бүх зохиолч тэгдэг шүү дээ.Энэ бол уран зохиолд жинхэнэ чин сэтгэлээсээ,үнэн санаанаасаа дурласан хүмүүсийн жам.Олонх нь эхлээд нууцхан ч гэсэн шүлэг бичээд,дараа нь хүүрнэл зохиол руу шилжсэн байдаг.Тийм зам мөрийг туулаагүй зохиолчид бий л дээ.Гэхдээ дэндүү цөөхөн шүү,манайд ч,дэлхийд ч.

Би яруу найргаас жаахан холдож,тийм нэг хэт богино тэмдэглэл хэлбэрээр анх үгүүллэг бичиж эхэлсэн.Дарма.Батбаяр багш уншчихаад "Болмоор юм биш үү"гэсэн юм.Баахныг бичсэнээ эмхэтгээд "Бурхангүй газар"нэртэй ном хэвлүүлсэн маань тэр ондоо шилдэг бүтээлийн "Алтан өд"шагнал авчихсан.Баярлаад л бичээд байлаа.Бас хэдэн жил уран зохиолын амьдралаас зай аваад орчуулагдаснаас нь эхлээд орчуулагдаагүйг нь хүртэл,энд тэндхийн зохиолчдыг овоо уншсан.Хажуугаар нь шүлгээ бичсээр л.Одоо уншигчид бас судлаачид миний богино үгүүллэгүүд,тууж,романы тухай ярьдаг юм.Гайхуулж байна гэж чи битгий бодоорой.Хаана ч ямар ч хэлээр орчуулаад тавьсан,тэр шалгуур хэмжээнд нь хүрсэн,хүрэх хэдэн үгүүллэг бичсэн гэж өөрийгөө тоодог,боддог юм.

Зохиолч төрөл зүйл дотор шилжих гэснээс одоо уран зохиолоос ашиг завшаан хайгчид шууд л зузаан зузаан роман хэвлүүлээд,мөнгө хайж хүүрнэл зохиол бичдэг шиг байгаа юм.Тэгээд нэг их адал явдал,хэлхэлдэж орооцолдсон үйл явдал,дэмий чалчаа яриа.Би тийм зохиолуудын талаар бишгүй олон шүүмж бичсэн дээ.Уран зохиолын жинхэнэ мөн чанарыг таниагүй,зохиолч хүний сэтгэл зүйг бүрэн судлаагүй,үндэсний уран зохиолын дэвшил хөгжилд санаа зовдоггүй,номоо бухал өвсний ширхэгээр зарах мөрөөдөлтэй,зөвхөн түүний төлөө бичээд байдаг талын хүмүүст би дургүй.

-"Утгын чимэг"-т та нэлээн оролцсон байх аа...

-Олон орсоон.Одоо ч орсоор л байна.Богино үгүүллэг бичиж эхэлсэн цагаасаа 2007 оноос хойш "Утгын чимэг"-т үгүүллэг өгсөн байх аа.Бараг арван жил шилдэгт шалгаран,хоёр удаа дэд байр,хоёр удаа гуравдугаар байр,бас дөрвөн удаа тусгай байр эзэлсэн.

-"Алтан өд"-ийг хамгийн олон удаа авсан хүн бол яалт ч үгүй та...

-Тийм ээ,зургаан удаа авсан юм байна шүү.

-Ер нь таны бодлоор дээрх наадмууд байх ёстой юу?

-Байж л байг л дээ.Дэлхийгээр дүүрэн дэмий уралдаан наадам байхад уран зохиолын ганц нэг уралдаанаа муулж сайлаад яах билээ гэж боддог ч зохион байгуулалтын талаар өөрчилмөөр санагддаг зүйлүүд зөндөө бий.Илүү ардчилсан,шударга болгомоор санагддаг юм.Наадам уралдаан тэмцээн уран зохиолын хөгжилд эергээр харвал ашиг тусаа өгсөн тохиолдол зөндөө.

-Онгодын талаарх таны бодол...

-Бодол ханах цаг эсвэл таатай мэдрэмжүүдийн дээд цэг юм уу сэтгэл донслолын үр хөврөл.Бас ямар нэгэн дохио тэмдэг.Бүр биднээс үл хамаарах цаг хугацаа,орон зайд орших,бидэнд өгөгдөх ёстой оюун санааны сувгаар дамжиж ирсэн огторгуйн мэдээлэл.Зарим зохиолчийнхоор бол таатай нөхцөл бүрдэх үеийн хүчтэй төвлөрөл.Онгодын талаар онолын гэмээр нэг үгүүлэл бичсэн л дээ.

Грекийн сэтгэгчдийн авъяас билэг гэдэг шиг онгод бас тийм зүйл.Тэгвэл Уоррен,Уоллек хоёр юу гэлээ?Оюун санааны бүрэн шилжмэл байдал гэсэн биз дээ?Де Квински нэг хачин зүйл бичсэн байдаг,"Онгод бол мансуурал"гэж.Марсель Пруст хэвтэж бичихгүй бол онгод нь ордоггүй.Эрнест Хемингуэйн онгод зогсоогоороо бичвэл ордог гэсэн байдаг.Тэгэхээр онгодыг одоо ч ямар зүйл болохыг хүн төрөлхтний уран сайхны сэтгэлгээ бүрэн дүүрэн тодорхойлж чадаагүй.Харин миний хувьд бол дотроос бичих хүсэл хатгасны дараах үе шат гэмээр юм уу даа.За,сайн мэдэхгүй ээ.

-Зүүдэндээ ч юм уу санамсаргүйгээр олсон зохиолын сэдэв байдаг уу?Таны уран бүтээлийн зарчим...

-Зүүд бол миний богино үгүүллэгүүдийн нэг гол холбоос.Зүүдээр холбож,зүүдээр тайлсан олон хүүрнэл зохиол бичсэн.Ер нь уран сайхны санаа огт санамсаргүй ирдэг зүйл шүү дээ.Зүүдэлж босоод бичсэн үгүүллэг ч бий.Шидэт мэдрэмжүүд,гэнэтийн огцом эргэлтүүд,байж боломгүй зүйлсийг бий болгох,уран сайхны итгэл төрүүлэх,түүнийгээ зүүдний тайлагдашгүй шинжтэй холбох зэргээр сэтгэлгээг шинэчлэх санаатай бичсэн олон зохиолчийг,олон зохиолыг нэрлэж болно.Би ч тэр талын хүсэл зорилготой.Уран зохиолд уншигчдын сэтгэлгээг урагш нь л татах хүч үйлчилж байх ёстой.Түүнээс биш тэдэнд тааруулж,таацуулж,товч-хондоо таалагдах гэж бичих нь зохиолч хүнд харш гэж үздэг.Нэг үеэ бодвол ном зарагдаад,бусдаасаа санхүүгийн арай илүү боломжтой болсон л доо.Гэхдээ хэзээ ч урагш татах хүчний тухай бодлоосоо хөндийрч байгаагүй.Энэ л зарчим юм уу даа.

-Монголын уран зохиолд ихээхэн хувь нэмэр оруулсан ах дүү зохиолч нар болох Хуушаан,Дашням нар таны хамаатнууд байх аа.Тэд танд хэр нөлөөлсөн бэ?

-Нөлөөлөлгүй яах вэ.Намайг багад шүлэг бичээд гүйгээд байхаар аав минь "Манай удамд ч уг нь зохиолчид бий шүү дээ"гээд Хуушаан ахын шүлгийн түүвэр өгч уншуулж байсан юм.Түүнээс хойш бүх номыг нь уншсан даа.Сая л гэхэд мэндэлснийх нь 90 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд авга ахынхаа "Буурал царс"үгүүллэгийг задлан шинжилсэн илтгэл тавилаа шүү дээ.Зохиолчдын хуралд,хөдөө гадаа дагаж бас бишгүй явсан.Долдугаар ангид нэг зураач ахыгаа дагаж гэрт нь очсон юм.Тэгэхэд надад нэг үзэг бэлэглэж билээ.Шүүгээ дүүрэн номнуудыг нь хараад ангайж зогслоо шүү дээ.Аавыг минь хөдөөлүүлэхэд Хуушаан ах лүглийгээд зогсож байж билээ.Саяхан хань бараа харагдаж байлаа.

Дашням ахын ч зохиолуудыг уншиж,орчуулгыг цээжилж явлаа.Сүүлд бичсэн "Их төөрөг"романых нь талаар нэг жинтэй үг дуугарах санаатай,судалж л сууна.Манай удамд чинь зурдаг зуурдаг,шүлэглэдэг шүүмжилдэг улс олон байсан юм билээ.

-Та шүлэг ч,үргэлжилсэн үгийн зохиол ч,шүүмж судлал ч бичдэг.Арай кино зохиол бичих юм биш биз?

-Бичих юм биш биз гэж юу гэсэн үг вэ?!Бичээд л байгаа шүү дээ.Өнгөрсөн жил "Ариун номын эрэлд"гэдэг шинжлэх ухааны баримтат кино зохиол бичсэн.Кино баг үнэхээр чадварлаг судлаачдын бүрэлдэхүүн байсан.Сайхан ч уран бүтээл болсон.Өмнө нь "Хүрэл зүрх"үгүүллэгээ богино хэмжээний кино зохиол болгож бичсэн.Кино ч бүтээгдсэн.Хятадад гарсан "Жангар"гэдэг олон ангит хүүхэлдэйн киноны эхний ангиудын зохиолыг бичлээ.Дэлгэцнээ л гараагүй болохоос "Хигээс"гэдэг кино зохиол бичсэн.

-Тогоонд нь байдаг судлаачийн хувьд та сүүлийн үед хэвлэгдсэн зохиол бүтээлүүдээс хэний ямар зохиолыг онцлох вэ?

-Сүүлийн үед гэж асуусан учраас сүүл үед хэвлэгдсэн бүтээлүүдийг онцолъё.Зохиолч Аюурзаны романууд,Уянсүхийн "Аварга мод",Д.Оюунчимэгийн "Норгой",Б.Батзаяа,Нямхи-шигийн шүлгүүд,С.Баттулга,Дархан хөвсгөлийн богино үгүүллэгүүд,Баясгалангийн "Дэлхий дүүрэн асуулт"гэдэг хүүхдийн шүлгийн ном.


-Урьд өмнө сонсогдож байгаагүй хүмүүс болсон болоогүй ганц нэг ном хэвлүүлээд өөрийгөө зохиолч гэх болж.Энэ талаарх таны бодол...

-Аливаа цагт уран зохиолд хөнгөн нь хөвж,хүнд нь живдэг юм.Харин өөр цагийн дараа эсрэгээрээ жинхэнэ уран зохиолыг гүнээс шумбаж олдог юм.Одоохондоо яах вэ дээ,хөвж яваа нь л сайхан харагддаг.Хөвж яваагаа сайн сайханд хүрлээ гэж боддог.Нэгэн цагийн л явдал.Манайд ч байна,дэлхийд ч байгаа үзэгдэл.Маркетингээр юм зарж болно,ном ч зарж болно.Үнэндээ сэтгэлгээ,ур хоёрын үнэ нь хожмоо гардаг юм билээ.

-Нэгэн үе Багшийн дээдийн Энхбаяр,Батбаатар,МУИС-ийн Галбаатар,Билэгсайхан гээд мундаг шүүмжлэгч,судлаачид байлаа.Өнөөгийн шүүмж судлал хэр төвшинд байна вэ?

-Үнэнээ хэлэхэд би судлаач бараг биш юм билээ.Шүүмжлэгч бол мөөн.Чиний асууснаар үе жагсаавал Батсуурь бид хоёр,тэгээд Баяраа,Чойдогжамц,Ганбаатар,Бямбаням,Алтанхуяг,Нямдорж,Лхагвадорж гээд надтай холбоотой,холбоогүй олон залуу шүүмж бичиж байна шүү дээ.Тэд л хожмын шүүмжийн төвшинг тогтооно.Ийм залуус байна гэдэг чинь шүүмж тодорхой хэмжээнд урагшилж бас хөгжиж байгаа нь ойлгомжтой.Чиний асуултандаа нэрийг нь дурдсан шүүмжлэгчид нэгэн цагт их үүрэг гүйцэтгэсэн.Нэг үгээр хөгжүүлсэн,төвшинг нь ахиулсан.Би ч гэсэн тэр ачааг нь таслаагүй,ямар нэг хэмжээгээр дамжуулсан.Одоо ондоо юм бодож сууна.Нэг шинэ роман эхэлсэн,хадны сүг зургийн тухай.

-Шүүмжлэгч Батсуурийг зохиолч нэртэй зарим эмэгтэй шүүхэд өгсөн тухайд...

-Бурхан өршөөг.Өөр хариулт алга аа.

-Сүүлийн асуулт.Ингэхэд та ямар сэдвээр докторын зэрэг хамгаалсан билээ?

-"Монголын уран зохиолын үнэт зүйлсийн социологи".

Ярилцсан Ш.Эрдэнэтөр


СЭТГЭГДЭЛ БИЧИХ