Сүхбаатар дүүргийн шүүгч Ө.Уянгын санамсаргүй алдаа юу, санаатай үйлдэл үү?

         Өнгөрсөн долоо хоногт дуучин Т.Ариунаагийн нөхөр Ц.Буяндорж шүүх, прокурорынхны авилгал, хээл хахуулийн баримтыг дэлгэсэн 60 гаруй хуудас материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хэвлэлийнхний өмнө гардуулж өглөө.

10 жил шүүх, прокурорынханд дарамтлуулсан тэрбээр эцэст нь тэдний шударга бус үйлдлийг дэлгэхээс өөр аргагүй болсон гэдгээ  хэлсэн. Хэргийг нь нааштай шийдэж өгье гэж 100,000 доллар нэхсэн Халиун гэгч прокуророос эхлүүлээд авилгал нэхсэн 10 гаруй шүүгчийн нэр бүхий материалыг З.Энхболд дарга хүлээж аваад шүүхийнхний далд булхайг энэ мэтчилэн илчилье, өөр шүүгчдийн буруугаас болж хохирсон хүмүүс байвал хандаарай гэсэн.

Хадгаламжиндаа 1 сая доллартай шүүгч, хөрөнгө оруулгын мэдүүлэг нь тэнгэрт тулчихаад байгаа шүүгчидийн шударга бус байдлыг УИХ-ын гишүүн Нямбаатар зоригтойгоор гаргаж тавьсан.

Шүүгчидийн холбогдсон хэргүүд эхнээсээ задарч, Монгол Улсын Гавъяат хуульч Л.Бямбаа их хэмжээний хээл хахууль авилгалын хэрэгт шалгагдаж байхдаа амиа хорлосон байдаг. Түүний хүү болох шүүгч залуу АНУ руу оргон зайлсан. Ерөнхийлөгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгчидийн нэрсийг зарлаж, хамгийн шударга байх ёстой атлаа шударга бусын хонгилд үүрлэсэн шүүгчидийн хэргүүд илчлэгдэж эхлэсээр байна.

Иргэнийг хохироосон шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж жирийн иргэд сэтгэл санаа, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирсон хэргүүд ч тоймгүй их байдаг.

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн шүүгч Ө.Уянга нь “нэгэн иргэний жирэмсний амралтаа аваад ажилдаа буцаж орох, ажиллаагүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн” хэргийг шүүжээ. Жижиг гэлтгүй тухайн иргэндээ хичнээн чухал асуудал билээ дээ. 

Шүүхэд хандсан иргэн 2 сар хүлээсний эцэст шүүх хурлыг зарлажээ. Энэ хугацаанд 4 удаа шүүх хурал товлогдож 3 удаа хойшлогдож , 2 удаа хуралдсан байна.

Шүүх хурлын үеэр нэхэмжлэгч иргэнд хариуцагч тал нь тодорхойгүй, ойлгомжгүй хүсэлт тавьж, хүчээр шахуу тулгажээ. Нэхэмжлэгч иргэн хүсэлтийг тодорхой бус, ойлгомжгүй байгааг тайлбарлаад байхад шүүгч Ө.Уянга нь  тухайн хүсэлтийн талаар тулган шаардсан асуулт асууж, заавал хариуцагчийн талын хүсэлтийг ёсоор болгох гээд байсан байна.

Иргэн хичнээн тайлбарлаад дийлсэнгүй Ө.Уянга шүүгч алх тасхийлгэж, нэхэмжлэгчийг хариуцагчтай эвлэрэх  хугацаа өгчээ.

Дээрх хугацаанд өнөөх хүсэлт тавьсан хариуцагч нь нэхэмжлэгчтэй харьцсан ч үгүй, үл ойлгогдох байдал үүссэн байна.

Ийнхүү 4 дэхь удаагийн хурлын төгсгөлд  санаанд оромгүй явдал болжээ. Сүхбаатар дүүргийн шүүгч Ө.Уянга нь хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэгч иргэний ажилдаа эргэж орохыг хүссэн нэхэмжлэлийг хүчингүй болгож, манай харъяалалын хэрэг биш байна , захиргааны хэргийн шүүхэд ханд гэсэн захирамж гаргажээ.

Энэ ямар шударга ёс гээч вэ. Шүүхэд хандаад бүхэл бүтэн 2 сар болоод шүүх хурал дөрвийн дөрвөн удаа болж,  шүүгч Ө.Уянга эвлэрэх захирамж хүртэл гаргаж байсны эцэст  харъяалалын бус хэрэг болчихдог нь хачирхмаар. Энэ мэт иргэдийг хохироосон, залхаасан шийдвэрүүд хаа сайгүй.

Тухайн иргэн шүүгчээс,

- Яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ, харъяалын бус байсан бол анхнаасаа  хэлэхгүй яасан юм бэ гэж асуухад

Шүүгч Ө.Уянга: Хэрэг хүлээж авах үед мэдээгүй байсан гэж хээвнэг хариулжээ. 

Чухамдаа ямар хэрэг шүүх шүүхгүйгээ мэддэггүй шүүгч гэж 21-р зуунд байж болохуу уу? 

Хэрэг хүлээж аваад бүтэн 2 сар болоход Ө.Уянга шүүгч энэ хугацаанд тухайн хэргийг шүүхийн тулд уншиж, судлаж, танилцах ёстой. Гэтэл хэргийг харъяалын бус гэдгийг нь  мэдээгүй хүлээгээд авсан байлаа гэхэд хэргийг бүтэн 2 сар судлаж, танилцах хугацаандаа энэ миний шүүх хэрэг биш байнаа гээд харъяалал руу нь буцааж яагаад болоогүй гэж.

Энэ байдлаас харахад Ө.Уянга шүүгчийг хэрэгтэйгээ бүрэн гүйцэд танилцаж, судалсан гэхэд эргэлзээ төрж буй юм.

Гэтэл шүүх хуралдаан товлож, дөрвийн дөрвөн удаа болоод дундуур нь хэрэг шийдвэрлэх ажиллагаа явагдаад байх үед ч Ө.Уянга шүүгч өөртэй нь хамааралгүй, өөр шүүхийн хийх ёстой ажлыг сайн дураараа хийгээд байсан болж таарч байна.

Малчин хүн хүртэл хотонд нь өөр айлын хонь нийлчихсэнийг мэдээд салгадаг  биз дээ.

Үнэхээр харъяалын бус хэрэг байсан бол Сүхбаатар дүүргийн шүүх ч гэсэн хүлээж авах ёсгүй баймаар юм.

Тэгвэл тухайн иргэн давж заалдах  эсвэл ахин өөр шүүхэд хандлаа гэж бодоход ахиад ямар их цаг хугацаа, хүч хөдөлмөр орох билээ.

Иргэн хүн шударга шүүхэд итгэдэг. Гэтэл  шүүгч Ө. Уянга нь хариуцагч талын “Захиргааны хэргийн шүүхэд энэ асуудлыг шилжүүлж өгөөчээ” гэсэн хүсэлтийг сонсоод л өөрийгөө өөр ажил хийгээд байгааг ухаарсан бололтой юм.

Тэрбээр  хариуцагч талын хүссэн Захиргааны хуулийн зүйл заалтыг өөрсдөөс нь лавлаж асууж байгаад, төгсгөлд нь тухайн иргэнийг Захиргааны шүүхэд ханд гэж захирамж гаргасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгч Ө.Уянга нь хэргийн хариуцагч талын дэмжлэгтэйгээр дээрх шийдвэрийг гаргасан болж таараад байгаа юм.

     Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга нь жирийн иргэнийг бүхэл бүтэн 2 сар хүлээлгэж , хэдэн ч удаа шүүх хурал зарлаж, эвлэрүүлэх шийдвэр гаргаж, хэрэг шийдвэрлэх ажиллагаа явуулж байсны эцэст нь яагаад харъяалалын бус хэрэг байна,  би хэрэг гардаж авах үед мэдээгүй байсан байна гэдэг хариулт хэлэх болов оо.

Шүүгчийн алхны товшилтод хүмүүний амь амьдрал явж байдаг. Тэгвэл ямар ч шүүгч ийм хайхрамжгүй алдаа гаргана гэж баймааргүй.

Шүүгч Ө.Уянга нь ямар мэдлэг, чадвар, дадлагагүй шинэхэн төгссөн шүүгч биш дээ. Шүүгч хүнд алдах эрх байхгүй.

Өөртөө хамаагүй, өөр харъяалалын хэрэг шүүж байгаагаа ч мэдэхгүй мэргэжлийн ур чадваргүй, мэдлэггүй шүүгч байна гэхэд ч бас гайхмаар бөгөөд арай ч дээ гэж эргэлзмээр.

    Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргаа:


 -Салхитын мөнгөний орд гэх мэт том том юм ярихаа болъёоо, зүгээр жирийн иргэнийхээ хэргийг эргэлзээ тээнэгэлзэлгүй үнэн, зөвөөр шийдвэрлээд өгчихмөөр л байгаа юм шүү дээ. Шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг биз дээ?

Н.Сүх

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ