Коронавирус ба СОЁЛЫН ДОВТОЛГООН

БНМАУ-ын МАХН-ын Төв Хорооны хурлаас “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоолыг 1959 оны 7дугаар сарын 13-ны өдрийн гаргажээ.
Соёлын довтолгооны зорилго нь насанд хүрэгчдийг бичиг үсгийн мэдлэгтэй болгох, ариун цэвэр, эрүүл, соёлч ахуйг хүмүүсийн амьдралд бүрэн нэвтрүүлж, дадал заншилтай болгох, эх нялхсыг хамгаалах, өргөн тархсан өвчнүүдийг устгах, биеийн тамир спорт, соёл олон түмний ажил, урлаг утга зохиолыг хөгжүүлэх байлаа.
1959 оноос эхэлсэн соёлын довтолгооныг аймаг, хотын намын хороод удирдсан. Харин үйл ажиллагааг тэргүүлэн гүйцэтгэгчид нь сэхээтнүүд, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага, МХЗЭ болон бүх сонин хэвлэлүүд, сум, нэгдэл, бригад, үйлдвэрийн соёлын довтолгооны ажлыг хариуцсан комиссууд байв.
Соёлын довтолгоон 1959-1963 оныг дуустал хоёр шаттай өрнөжээ. 1961-1963 оны 2-р шатны соёлын довтолгооны жилүүдэд “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө”, ”Эрүүл энх аж төрөхийн төлөө”гэсэн гурван уриа, лоозонтой байжээ.
Соёлын довтолгооны кампанит ажил нь ухуулан сэхээрүүлэх, захиргаадах аргыг хослуулан айл, ард иргэддээ олон зүйлийг хэвшүүлж, соёл ахуйн хүрээнд эргэлт гарчээ.
Энэхүү соёлын довтолгоон нь Ардын хувьсгалаас хойш социалист бүтээн байгуулалтын үеийн монгол улсын түүхэнд маш онцгой чухал үйл явдал хийгээд оновчтой шийдвэр байсан юм.
Айл өрхийг орны цагаан хэрэглэл, хүн тус бүрийг гар нүүрийн алчууртай, оо сойз хэрэглүүлж сургана гэдэг маш том соёл суулгасан ажил байлаа.
Комиссын гишүүд шөнө айлуудаар явж орны цагаан хэрэглэлийг нь шалгаж, гар нүүрийн алчуурны хиртэй хиргүйг хүртэл шалгаж байсан цаг.
Тэгвэл Коронавирусын халдвараас хэрхэн сэргийлэх талаар Эрүүл мэндийн яамнаас иргэдийн утсаар болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр өгч байгаа мэдээллүүд цаг үеийн шинжтэй коронавирусаас хамгаалах зөвлөмж ч гэлээ олон нийтийг ахуйн соёлд бүрэн хэвшүүлэх давхар тустай зөвлөмж болж байна.
Үүнийг соёлын довтолгооны нэгэн хэлбэр ч гэж ойлгож болох юм.
Соёлын тухай ойлголтыг олон нийт зөвхөн соёл, урлаг талаас нь ойлгоод байдаг болохоос ахуйн соёл, хувийн соёлын олон хэлбэрүүд нь соёлт хүн төрөлхтөний заавал эзэмшвэл зохих зүйл юм.
Ахуйн соёл, хувийн соёлын хүрээнд автобусанд, лифтэнд суухаас эхлээд мэндлэх, хүндлэх, хаалгаа онгойлгож өгөх, дэлгүүрт дараалалд зогсох, утсаар ярих, хувцаслах гэх мэтийн соёлууд ордог.
Яг ард нь хүүхдээ тэврээд алхаж байхад тас хийгээд хаалгаа хаачихдаг эсвэл ганцаараа түрүүлээд лифтэд суугаад “зугтчихдаг” үзэгдлүүд манайд түгээмэл.
Гэр хорооллуудад халуун ус, үйлчилгээний газруудыг олноор байгуулах хэрэгтэй байна. Ахуйн соёл усанд орохоос эхлэх учраас гэр хорооллуудыг тохилог, цэвэрхэн халуун устай зарим хүмүүст бүр хямдралтай үнээр үйлчлэж байж хотын соёлтой иргэдтэй болно шүү дээ.
Ахуй соёл бүрэн эзэмшсэн хүмүүстэй дараа нь өнөөх том соёл, урлагийн сонгодог түвшинг ярьж болох юм.
Олон нийтийг хотын соёлд суралцуулах талаар олон алхмууд хийж байгаа энэ үед Эрүүл мэндийн яамнаас хийж байгаа энэхүү зөвлөмжүүд Коронавирус гэлтгүй ахуйн соёлыг хэвшүүлэхэд олон талын тустай болж байна.
Эрүүл мэндийн яамныханд баяр хүргье.
Д.Сайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ