О.Болдбаатар: Мааньтаас есөн ялтан зэвсэглээд оргоход бид харин ч сайн ажилласан шүү

    Монголын рок, попын 1970-1980-аад оныхныг "Алтан үеийнхэн" гэдэг бөгөөд гол төлөөлөгчдийн нэг нь яалт ч үгүй СТА О.Болдбаатар.

Өдгөө тэнгэрийн оронд буй хань Н.Пүрвээтэйгээ хослон дуулж, Монголын рок, попын анхны дуэт болсон түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд сонирхуулж байна. Бид ярилцаад нэлээн хугацаа өнгөрсөн ч тодорхой шалтгааны улмаас уншигчиддаа тэр дор нь хүргэж чадаагүй юм.

   Саяхан гэхэд л том охин нь тэнгэрийн орноо одсон ба амьдралын хатуу хүтүүг туулж яваа түүнийг нэг үеийн уран бүтээлчид төдийгүй найз нөхөд нь "Манай Болдоо үнэхээр хүн чанартай, эр хүн шиг эр дээ" гэж дүгнэдэг юм билээ. Юутай ч дуучныхаа гэр бүл болон төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.      

-Таны оролцсон "Монголд, Германд нэг удаа" нэвтрүүлэг тун сонирхолтой болж, үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан. Яагаад энэ нэвтрүүлэгт оролцох болов?                                              

-Өнгөрсөн зун "25-р суваг" телевизийн захирал Алтай утсаар ярьсан юм.      

-Болдоо, чи манай "Нэг удаа" нэвтрүүлгийг үздэг үү?                                                    

-Үздэг үздэг, сонин сайхан нэвтрүүлэг шүү.                        

-Миний хөгшин энэ удаагийнхад оролцоод Герман яваад ирээч...            

Би ч эхэндээ "Тоглож байна" гэж бодлоо. Тэгсэн найзын маань дууны өнгө, яриа нэг л албаны шинжтэй болоод явчихлаа шүү, "Энэ онд Монгол, Германы хооронд дипломат харьцаа тогтоосны 45 жилийн ой болж байгаа" гээд л. "Энэ нэвтрүүлэгт чинь малчин, адуучин, саальчин оролцдог биш бил үү?" гэтэл "Өө тэд нар зөндөө явсан. Энэ удаагийнхад чамайг сонголоо. Ер нь тэгээд би ганцаараа ч шийддэг юм биш. Олон хүний саналаар, уран бүтээлийн хурлаар чамайг явуулахаар шийдсэн" гэсэн. Эхлээд нэлээн цааргалсан ч би "25-р суваг"-ийн уран бүтээлчидтэй Берлин ниссэндээ.     

-Таны анх очиж байсан Германыг өнөөгийнхтэй нь харьцуулбал...   

  -Урьд нь би хоёр Герман нэгдсэний дараахан одоогоос 30-аад жилийн өмнө очсон болохоор өнөөдрийн Герман орон онц сонирхолтой байлаа. Нэгэн үед би Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар ажиллаж байв. Тэгээд хамт ажилладаг Эрдэнэбат найзтайгаа машин авчрахаар явсан юм. "Бенз-230Е", "Бенз-190", "Ауди-100" авчхаад хоёулаа хөглөж явсаар Хятадын Эрээн хотын намын хороонд үнэ хүргэн өгч байлаа. Тэр үеийн Герман орон өнөөдрийнхөөс тэс өөр. Гэхдээ байшин барилга нь биш хүмүүсийнх нь бусадтай харьцах харилцаа, хүндэтгэл, соёл, зүрхнийх нь хандлага  огт өөр болсон байна  билээ.

     Германчуудыг анх би их хүйтэн хөндий,хэтэрхий хувиа хичээсэн улс гэж боддог байв. Харин энэ удаагийн томилолт бодлыг маань тэс өөр болгосон. Би чамгүй олон орноор явж үзсэн ч энэ удаагийнх онцгой сайхан бас хариуцлагатай байлаа. Өндөр сайхан барилга, гоё ганган машин, гял цал гудамж талбай, идэж уух юм нь элбэг дэлбэг улс орныг хөгжилтэй гэдэггүй. Хүн нь хүнээ хайрлаж, тэднийхээ төлөө хариуцлага хүлээдэг, энэрэнгүй, цалиндаа тохируулж биш илүү ихийг хийхийн төлөө зүрх сэтгэлээ зориулдаг, нэг нь нөгөөдөө уриалгахнаар зам тавьж өгдөг, торгуулахгүйн тулд  дүрмээ мөрддөггүй, зүрхнийх нь хандлага зөв хүмүүсийн амьдардаг газрыг хөгжилтэй орон гэдэг. Германчууд бусдад ялангуяа монголчуудад маш элэгтэй хүмүүс. Бид нарын байрласан "BELGER HAUS" зочид буудлын эзэн Белгарь гуай өндөр настай ч яг л идэр залуу хүн шиг гайхалтай цог золбоотой нэгэн байсан. Манайханд дэндүү элэгтэй тэрээр Монголд ирээд нэгэн цэцэрлэгээр орж л дээ. Тэгтэл хүүхдүүдийн нэг хэсэг нь хоол идэж байхад нөгөө хэсэг нь хар цай ууж, талх идэж байж. Багшаас нь учрыг асуувал "Өө, эцэг, эх нь хоолных нь мөнгийг өгөөгүй хүүхдүүд талх идэж байгаа юм" гэжээ.

   Тэндээс гараад Белгарь гуай монгол хүүхдүүдийг өрөвдөөд уйлсан тухайгаа бидэнд ярихад нүднээс нь нулимс цийлэгнэхийг хараад гайхах бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрсөн дөө. Тэгээд Белгарь гуай Германдаа ирээд, зочид буудлынхаа ресторанд "Монгол шөл" нэртэй хоол хийж, "Орлого нь монгол хүүхдүүдийн хоолонд зориулагдах юм" гэсэн чинь маш олон хүн ирж хооллодог болсон гэсэн шүү. Харин Белгарь гуай орлогоо нөгөө цэцэрлэг рүү явуулдаг юм билээ. Эдийн засгийн хувьд дэлхийд дөрөвдүгээрт ордог Барутмарк гэдэг хотод очлоо. Тэгсэн юу болсон гэж санана аа. Хотын засаг дарга Петер Линк гэж хүн жижигхэн машин өөрөө жолоодчихсон ирээд бидэнтэй уулзан хотоо танилцуулж, хамт хооллож, амьтны хүрээлэнгээр цуг явж үйлчилдэг байгаа.

Сүүлд сонсоход тэр үед бие нь чилээрхүү, гэртээ эмнэлгийн чөлөөтэй, эмчилгээ хийлгэж байсан юм билээ.Тэр хүнээс сурах юм мөн ч их байсан даа. Мөн Шёнефельд дүүргийн засаг дарга Үдо Хазе сүүлийн хэд хоног намайг олон сайхан газраар дагуулж явсны нэг нь үдэлтийн арга хэмжээ байлаа. Монголоор маш сайн ярьдаг, Монголын төлөө гэсэн сэтгэлтэй тэр хүн хотоос зайдуухан Мессенжер гэдэг хөгжилтэй фермер эрийнд намайг дагуулж зочлоход тэнд Монголын төлөө цохилох зүрх сэтгэлтэй олон герман хүн цугласан нь үнэхээр санаанд оромгүй явдал байлаа. Галын наадам хийж, бүр сүүлдээ бүхэл бүтэн 40 минутын турш салют буудуулсан шүү. Германд нэвтрүүлэг бэлдэх хугацаанд манай ЭСЯ-ны ажилтнууд, Янжиндулам гуай, гэргий Отгонбилэгтэйгээ маш их тусалсан даа. Харин Герман явахад өмнө нь тэнд элчин сайд байсан орчуулагч, эрдэмтэн Баярсайхан надтай хамт явж, бүхий л ажлыг минь зохицуулсан.                              

-Солилцоогоор ирсэн Маркусын талаарх таны бодол...                                         

-Надтай солилцоогоор ирсэн хоёр метр өндөр,монголоор сайхан ярьдаг Маркус гэдэг залуу манай зусланд Сувдаатай маань хамт байж, их сайхан дотноссон л доо. Маркус бол их хээгүй, монголжуу залуу байна билээ.                

-Зураг авалтын үеэр хөгжилтэй явдал бишгүй л тохиолдоо байлгүй...           

-Би Германаас ирчихсэн, хамт байхад зураглаачид "Хөөе, Болдоо ах аа та холдооч ээ. Дуранд орчих гээд байна" гээд л их хөгжилтэй. З ураг авалтын үед хөгжилтэй явдал их гарна аа.                                     

-Ингэхэд та яагаад цагдаагийн байгууллагад хүчин зүтгэх болсон юм бэ?                                                  

-Аав Очир маань Монголын цагдаагийн байгууллагын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны анхны дарга нарын нэг байсан юм. Ер нь аавынхаа зам мөрөөр цагдаа болсон гэж болно доо. 1980 онд тухайн үеийн Октябрийн районы сэргийлэх одоогийн Баянгол дүүргийн цагдаад төлөөлөгчөөр орсон. Тэр үед социалист өмч идэж ашиглагчдыг илрүүлэх нь онц чухал ажил байлаа.        

-Олон ч хэрэг дээр ажиллаа байлгүй. Санаанаас тань гардаггүй хэрэг гэвэл...         

-Тэр үед тууврын мал усалдаг цөөхөн худгийн нэг нь одоогийн Хүй долоон худгийн орчимд байсан юм.

Тэгтэл хэн нэгэн худгийн байрыг нураагаад, моторыг нь хулгайлсан хэргийг илрүүлэх үүрэг даалгавар авч, нэлээн явсны эцэст Ц гэгч үйлдсэнийг тогтоосон.  Ажилтнуудтайгаа олон ч хэрэг дээр хамтарч ажилласан даа. Мааньтаас есөн ялтан зэвсэглээд оргоход бид нар харин ч нэг ажилласан шүү. Ёстой өдөр шөнөгүй,өглөө үдэшгүй. Унтах нойр, идэх хоолоо мартаад л зүтгэж байлаа. Энэ явдал цагдан сэргийлэхийн ажилтан болоод удаагүй байхад гарсан юм. "Мааньтын хорих ангиас зэвсэглэсэн есөн хоригдол оргоод Улаанбаатарыг чиглэн явлаа" гэсэн мэдээг ерөнхий газраас авч, цагдаагийнхан бүгд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад, хэдэн өдөр нойр хоолгүй эргүүлд гарав. Оргодлууд эхнээсээ баригдаж байсан ч бидэнтэй нэг нь ч таарсангүй. Хоригдлуудын авч яваа макаров гар бууны дайзны пүрш алга болсон гэсэн мэдээ хүлээж авлаа. Тэд нар пүрш хайж байгаа нь мэдээж. Гэтэл нэг өдөр цайны цагаар манайхан өрөөндөө суугаагаараа унтах нь унтаж, рапорт илтгэлээ бичих нь бичиж байтал хэлтсийн дарга, дэд хурандаа Мишигдорж орж ирээд "Бүгд машиндаа!  Нөгөөдүүл чинь телевизийн эцсийн буудлын тэнд манайхантай буудалцаж байна гэсэн мэдээ авлаа" гэж чанга дуугаар хашхиран хэлээд гүйн гарах нь тэр. Ингээд цөмөөрөө гарч, хэлтсийнхээ "Газ 69" машинд чихцэлдэн сууж хөдөллөө. Харин сууж багтаагүй төлөөлөгч Гүнхэв бид хоёр хойшоо гүйж, төв зам дээр очтол тэр үед манайд орж ирээд удаагүй байсан цагдаагийн "Вартбург" машин баруун зүгээс ирж явсныг зогсоон суусан юм. Машин ч хар хурдаараа давхин, удаж төдөлгүй нөгөө "Газ 69"-ийг гүйцэж түрүүлэн давхилаа. Би хажуудаа суугаа Гүнхэвт "Эхлээд хоёулаа очиж таарах нь. Яадаг билээ" гэвэл тайван гэгч нь "Болгоомжтой л бай, зүгээр ээ" гэж байна.        

-Тэгээд та хоёр түрүүлж очсон уу?                                                                   

-Телевизийн эцсийн буудалд ойрттол машиныг маань харсан хэдэн хүүхэд гүйж ирээд "Ах аа,нөгөө буутай хүмүүс чинь яг энэ гудамжны цаана байгаа" гэлээ. Бид ч гудамж тойрч эргэтэл гудамжны голд манай ажилтан Нэргүй, Туваанжав хоёроос бага зэрэг зайдуухан буу бариад зогсоо нэг нөхрийн хажууд хамсаатан нь бололтой нэг эр явган суусан байдалтай харагдав. Бид нар хажууд нь очоод машинаасаа буусан юм. Буу барьж зогсоо нь Жамсран, явган суугаа нь Оюундорж гэгч оргодол болохыг би танилаа. Учир нь тэднийг зургаар нь зарласан байсан юм.

Жамсран нь буугаа гэнэт шанаандаа тулган, хойш ухарч хашаа налж зогсоод "Та нар бид хоёрыг барих гэвэл би өөрийгөө буудлаа" гээд гохны хий зайг тултал атгалаа.Тэрний бууны дайз байхгүй харагдав.Тэгтэл нөгөөх чинь "Одоо би та нарын хэнийг нь ч буудчихаж болно.Та нар мэргэжлийн улс болохоор миний бууны магазин байхгүйг харж байгаа. Гэхдээ хоолойнд нь нэг сум байгааг би өөртөө зориулчихъя" гээд чамархайндаа тулгалаа. Бид ч "Жамсраан чи буугаа өгчих. Ээж чинь Дарханд байдаг юм бол бид нар хүргэж өгч уулзуулъя. Оюундорж оо,чи найздаа хэлээч. Наад буу чинь аюултай шүү дээ. Бууг нь авахад туслаач" гэхэд тэр "Өө наадах чинь шийдчихсэн хүн" гээд ер хөдөлдөггүй.

Биднийг ойртвол л Жамсран гохоо дарахад бэлэн, нүд нь гялалзаад.

Төлөөлөгч Нэргүй, Туваанжав хоёр маань харьж,цай уучхаад хэлтэс рүүгээ явж байх замдаа тааралдсан сэжигтэй хоёр хүнийг шалгатал тэдгээр оргодлууд байж. Тэднийг нэгжих явцад нэг нь шууд буу гаргаж, манай хоёр ч өөдөөс нь буугаа гаргажээ. Тэгж байтал нөгөө муу "69" маань хүрээд ирлээ. Гудамжинд олон цагдаа болоход буу атгаатай Жамсран, Нэргүй төлөөлөгчид хандан "Та буугаа үлдээгээд энэ машины урд суу! Жолооч суу! Бид хоёр машины ард суугаад Дархан явъя. Харин араас ямар нэг машин дагахгүй шүү" гэлээ. Тэр үед Нэргүйд их гоё никель өнгөтэй Германы "Вальтер" гар буу байсныг би их шохоорхоно. Нэргүй маань "Өө, би өч төчнөөн нялх нойтон хүүхэдтэй хүн. Юу бодож, араасаа буу тулгуулчхаад явж байдаг юм бэ? Чадахгүй" гэлээ. Гэхдээ бид нар ярилцсаар л. Ямар ч байсан гэмт хэрэгтнүүд "Вартбург"-т суухаар болов. Тэр агшинд төлөөлөгч, хүндэт чекист Жамъянсэнгээ Жамсрангийн буутай гарыг цохихоор үсэртэл хажууд нь зогсоо оргодол Оюундорж Жамъян сэнгээгийн мөр лүү халти цохих

СЭТГЭГДЭЛ БИЧИХ