Хуулийн төсөл:Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг харьяалал харгалзахгүй авна

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хороо болон УИХ-ын чуулганаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Уг хуулийн төслийг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр өргөн барьсан бөгөөд хаврын чуулганаар яаралтай хэлэлцэн батлах хуулиудын нэгт багтаад байна. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь хэлэлцэн батлах нь зүйтэй гэж байв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Тогтвортой хөгжлийн зорилт, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөл иргэн хүн хаана амьдарч байгаагаа үл хамааран эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг авах, эрүүл мэндээ хамгаалуулах, хүний эрхийг баталгаажуулахад тодорхой хувь нэмэр оруулна” хэмээн танилцуулсан юм.

Хуулийн төсөлд ямар ямар заалт тусгасан хийгээд хуулийг баталснаар иргэдэд ямар давуу тал бий болох талаарх мэдээллийг хүргэж байна.

БАЙГУУЛЛАГА АЖИЛТНАА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ

  • Эрүүл мэндийн тухай хуульд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ” гэж юу болох талаар тодорхойлолтыг оруулж өгсөн байна. Ингэхдээ иргэд анхан шатны тусламж үйлчилгээг хүн бүрд нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй үзүүлэх хэмээн тодорхойлжээ.
  • “Эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээ” гэж сувилахуйн болон сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээг нэг сар болон түүнээс дээш хугацаанд үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ хэмээн заасан бөгөөд ингэснээр архаг суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эмнэлгээс гарсны дараа урт хугацаанд сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнд эрүүл мэнд болон нийгмийн үйлчилгээг хослуулан үзүүлэхээр тусгасан байна.
  • Эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулах болон түүнд хэрэгжилт тавихад байгууллагын оролцоог бий болгоно. Өөрөөр хэлбэл тогтмол хугацаанд хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулах бөгөөд Засгийн газрын гишүүн хугацааг тогтоон батлах юм.
  • Байгууллага ажилтнаа тогтсон хугацаанд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах үүрэг хүлээнэ.

ЦОГЦСЫГ СУРГАЛТ СУДАЛГААНЫ ЗОРИЛГООР АШИГЛАХ ЖУРАМ БАТАЛНА

  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, үйлчлүүлэг, түүний гэр бүл асран хамгаалагч, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өвчний онош, дүгнэлт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөхийг эмнэлгийн мэргэжилтнээс шаардах, олон нийтэд мэдээлэхийг хориглохыг хуульчилсан.
  • Нас барсан хүний цогцсыг зөвшөөрөлтэй бол сургалт, судалгааны зорилгоор ашиглах журмыг Засгийн газраас батлахаар тусгасан.

ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ ГЭСЭН ТОДОРХОЙЛОЛТЫГ ТУСГАСАН

  • Их сургуулийн эмнэлэг нь анагаах ухааны боловсрол олгох их сургуулийн түшиц, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг байна хэмээн заасан. Гэхдээ энэ тодорхойлолтыг “Их сургуулийн эмнэлэг нь Анагаах ухааны боловсрол олгох Их сургуулийн харьяа, сургалт, судалгааны ажил эрхлэх, төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг үзүүлэх цогцолбор байна” гэж өөрчлөх хүсэлтийг АШУҮИС-ийн профессор, эрдэмтэн багш нар, Их сургуулийн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, сувилагч, ажилтны төлөөлөл хүргүүлээд байгаа юм.
  • Мөн уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг нь Монголын уламжлалт анагаах ухааны үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ гэж заасан.
  • Клиник нь үндсэн, эсхүл төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг амбулаториор болон өдрийн эмчилгээ, үйлчилгээний хэлбэрээр үзүүлэх байгууллага байна гэж заасан дээр нэмж хэвтэн эмчлүүлэх хэлбэрээр гэж нэмэхээр тусгасан.
  • Нэгдсэн эмнэлэг нь долоогоос доошгүй үндсэн мэргэшлээр эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг амбулатороор болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна гэснийг 10 мянгаас доошгүй суурин хүн ам бүхий суманд эрүүл мэндийн анхан шатны таваас доошгүй үндсэн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг, аймгийн төв, дүүрэгт 7-оос доошгүй үндсэн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна хэмээн өөрчилсөн.

ТОМИЛГООТОЙ ХОЛБООТОЙ

  • Томилгоотой холбоотой хэд хэдэн заалт тусгасан. Тухайлбал, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлөх заалтыг хүчингүйд тооцно. Энэ нь хуульд заасан давхардлыг арилгах зорилготой. 
  • Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгээс бусад харьяа эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө.
  • Төрийн болон орон нутгийн өмчит мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийг ТУЗ-тай байхаар хуульчилсан боловч 2021 он хүртэл дагаж мөрдөхийг хойшлуулсан. Эрүүл мэндийн байгууллагын чиг үүрэгт бүсийн үйлчилгээг тодорхой болгох, УЗ-ийн урамшууллын зардлыг үйл ажиллагааны зардалд хамааруулан тухайн байгууллагаас батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхээр өөрчлөн найруулах замаар хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгаа тул "Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ" гэсэн заалтыг оруулжээ. 

Хуулийг баталж хэрэгжүүллээ гэхэд төрд санхүүгийн ачаалал үүсгэхээр заалтууд ороогүй бөгөөд төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй, иргэн болон ААН, байгууллагад ч мөн адил нэмэлт зардал гарахгүй  гэдгийг үр нөлөөний тайланд дурджээ. Мөн үнэлгээний үр дүнд уг хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгааг ч дурдсан байна. 

Хуулийн төслийн зорилго нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэнд үйлчлэх чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын холбоог сайжруулж, иргэний эрүүл мэндээ хамгаалах үндсэн эрхийг хангахад оршиж байгааг үзэл баримтлалд дурджээ.

Төслийн хэлэлцүүлгийн явцад зарим гишүүн өрхийн эрүүл мэндийн төвүүд товлолт вакцин хийж, даралт үзэхээс хэтрэхгүй байгаад юун түрүүнд анхаарал тавих нь зүйтэйг хэлж байв. Гэвч салбарын сайд өрхийн эмнэлгүүдийн хүний нөөцийн чадвар жилээс жилд нэмэгдэж, залуу эмч нар бус туршлагатай эмч нар ажиллаж байгаа гэдгийг онцолсон. 

Ямартай ч хуулийн төсөлд батлагдвал, харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг авах боломжтой болохоос гадна урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг байгууллагатай хамтран илүү үр дүнтэй хийх боломжийг бий болгох юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ