"Айл гэрдэх" бус амьдрал зохиоход суралцъя!

“Бид нийлээд 10 жил болсон бөгөөд гурван сайхан үртэй. Энэ хугацаанд биднийг гаднаас нь харахад хамгийн сайхан хос, хэн ч атаархам жаргалтай гэр бүл. Гэвч яг үнэндээ....” гэх бичвэр фэйсбүүкийн хаалттай группт хөвөрнө.

Энэ мэт эмзэглэм, дотоод асуудлаа нийтэлдэг бүсгүйчүүдийн хаалттай групп фэйсбүүкт олон бий. Зөвлөгөө, тайтгарлаар дутсан бүсгүйчүүд фэйсбүүкийн группд сэтгэлээ уудалцгаана. Тэд нэр, зургаа олонд харуулахгүйн тулд хуурамч хаяг ашиглан асуудлаа бичиж, зовлонгоо хуваалцана. Арай илүү амьдрал мэддэг гэж өөрийгөө дүгнэсэн нэгэн нь “ингээд үз, тэгээд үз, эсвэл сал” гэх мэт зөвлөгөө өгнө. Ер нь айл гэр болж тоглож байгаа юм шиг амархан сонголт хийх нь ардаа асар их эрсдэл үүсгэдэг нь харамсалтай.

Сүүлийн таван жилд нийт 20,284 хос гэрлэлтээ цуцлуулсан статистик баримт бий. Энэ бол зөвхөн шүүхээр шийдвэрлүүлж, албан ёсоор салсан хосын тоо. Харин үүний цаана гэр бүлээ цуцлуулаагүй хэдий ч тусдаа амьдардаг, харьцаагаа тасалсан, салахаар шийдээд буй мөн тооны хосууд байгааг үгүйсгэх аргагүй юм.

Гэрлэлтээ цуцлуулж буй гэр бүлүүд дунджаар 1-3 хүүхэдтэй байдаг аж. Аав, ээж нь хамтдаа амьдрахаа болих нь хүүхдийн сэтгэлзүйд хүндээр тусаж, хүмүүжилд нь нөлөөлж, сэтгэл гутралд орох шалтгаан болох нь бий. Энэ нь тухайн хүүхэд хэдэн настай байхаас хамаараад эцэг эхийн маргааныг янз бүрээр хүлээж авдаг аж.

Тухайлбал, бага насны хүүхдүүд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадахгүй учир гэр бүл салж байгааг сайн ойлгохгүй гэж боддог. Гэтэл тухайн хүүхэд эцэг, эх салж байгааг зөнгөөрөө мэдэрдэг байна. Ингээд салсан аав, ээжийгээ санаж бэтгэрнэ, ой тогтоол болон анхаарлын төвлөрөл муудна. Түүнчлэн орондоо шээх, ууртай, уйланхай болох зэрэг ааш зангийн тогтворгүй сөрөг шинж бага насны хүүхдүүдэд түгээмэл илэрдэг аж. Ялангуяа, сургуулийн бага насны хүүхдүүд хичээлээ ойлгохгүй байх, ганцаардмал болох, хичээл сурлагандаа муудах, хэн нэгнийг үзэх ядах зэрэг сэтгэлзүйн хямралд ордог байна. Харин өсвөр насныхны хувьд эцэг, эх хоёрынхоо хэн нэгнийг буруутгах эсвэл өөрийгөө азгүйд тооцдог аж. Мөн өөртөө итгэх итгэлгүй болно. Ууртай, өшөө хорслын байдалтай болох зэрэг сэтгэлзүйн сөрөг хандлага илэрдэг байна.


Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих бодлого үгүйлэгдэж байна  


Манай улсад гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих үндэсний бодлого маш дутмаг. Залуус гэр бүлийн боловсрол, төлөвлөлтийн талаар огт ойлголтгүйгээр гэрлэдэг. Ингээд гэрлэлтийн дараа тулгардаг анхны бэрхшээлүүдийг давж чадахгүй, бууж өгөн салж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн амьдрал зохиох явцад бий болдог зүй ёсны асуудлуудыг ойлгохгүй “буруу сонголт хийчихлээ” гэсэн бодолтойгоор гэрлэлтээ цуцлуудаг. Гэтэл энэ нь буруу сонголтод биш асуудлыг шийдвэрлэх арга зүйд суралцаж чадаагүйд гол учир нь байгаа юм.


Тиймээс хамгийн түрүүнд гэр бүлийн тогтвортой байдал, эдийн засаг, сэтгэлзүйг дэмжсэн бодлого, эрхзүйн дэмжлэг чухал. Үүний дараа залуусыг ажил орлоготой байлгах буюу эх орондоо элэг бүтэн байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Судалгаагаар гадагшаа хөдөлмөр эрхлэхээр явсан, орон нутгийн шинжтэй ажил хийхээр хөдөө, орон нутгийг зорьсон залуусын гэр бүл олон асуудалтай нүүр тулдаг байна. Тэдний хооронд үл итгэлцэл, маргаан, зөрчил үүсэж улмаар салахад хүрдэг аж. Тиймээс залуу гэр бүлийг хамтдаа амьдрах боломжоор хангах шаардлагатай. Мөн боловсролын салбарын тогтолцоонд өсвөр үе, залууст гэр бүлийн боловсрол олгохыг тусгах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр хувь хүн өөрийнхөө амьдралын өмнө хариуцлагатай, идэвхи, санаачилгатай байх ёстой юм.

Г.Хулан

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ